Дуутын хадны бичээс буюу Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг алх, цүүцээр цохиж, хадны өнгөрийг холтлон өргөсгөж гэмтээжээ. Дуутын хадны бичээсийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн. Ингэснээр тухайн улс энэхүү дурсгалаа хайрлаж, хамгаалах үүрэг хүлээдэг. Гэтэл энэхүү дурсгалыг алхаар цохиж, бичгийг нь тодруулж, соёлын өвийг нөхөн сэргээх боломжгүйгээр гэмтээсэн талаар каллиграфын мастер Т.Жамьяансүрэн мэдээлжээ. Энэ жил Дуутын хадны бичээсийн 400 жилийн ой тохиож буй. Гэтэл бид уг ойг ийм балагтайгаар угтаж байна”.
Үүний зэрэгцээ Ховд аймгийн Манхан сум дахь Гурван цэнхэрийн агуйг гэмтээж буйг орон нутгийн иргэд мэдээлэв. “Үзэсгэлэнтэй байгаль, түүхийн сайхан олдвор олон ч тэднийгээ хайрлах сэтгэл зүрх үгүй нь харамсалтай. Түүхийн дурсгалт олдворт иймэрхүү гунигт явдлын ул мөр одоо ч дурайсаар байгаа. Хүүхдүүдээ түүх, танин мэдэхүйн хичээлд дуртай болгоё. Энэ нь хүмүүжилд нь ч тустай” гэж иргэд мэдээлсэн байна. Гурван цэнхэрийн агуйн эргэн тойронд сүү өргөж, хог тариад, хананд нь ч будаг нялсан дүр зураг дурайна.
Манай улс дахь түүхийн дурсгалт газар бүрд л ийм асуудал тулгамддаг гэхэд хилсдэхгүй. Иргэд аялж зугаалж буй нэр доор хог хаядаг, дурсгалыг гэмтээдэг. Тэдгээрийг яаж ч нөхөн сэргээсэн анхны төрх нь тодорч үлдэхгүй. Гэтэл бид түүхийн дурсгалуудаа хамгаалах нь үгүй. Хариуцдаг хүн ч алга. Энэ хэдэн дурсгалаа яах вэ.
Уг нь Эрүүгийн хуулийн 25.2 дахь заалтад “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тусгажээ.
А.ҮҮЛЭЭ