“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Ховордсон зүйлийн хамгааллын арга замыг тодорхойлж, хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам сээр нуруутан амьтдыг “Улаан данс”-ны шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөө боловсруулах ажлыг энэ жилийн төлөвлөгөөндөө багтаасан байдаг. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан холбогдох талуудтай хамтран энэ ажлыг эхлүүлэхээр бэлтгэж буй гэнэ. Тодруулбал, тус газрынхан үндэсний болон олон улсын тэргүүлэх судлаач, эрдэмтэдтэй хамтран хөхтөн, мөлхөгч, хоёр нутагтан, загасны зүйлүүдийн тоо толгой, тархац нутаг, амьдрах орчны судалгааг Монгол орны хэмжээнд хийж, олон улсын аргачлалын дагуу үнэлэх ажлыг энэ онд багтаан хийхээр төлөвлөжээ.
Манай улс 2006-2011 онд 689 зүйлийн хөхтөн, мөлхөгч, загас, шувуу, хоёр нутагтан амьтныг Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны ангилал, шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөө боловсруулснаас хойш 13-18 жил өнгөрчээ. “Биологийн олон янз байдлын үндэсний тайлан”-г гэхэд хамгийн сүүлд зургаан жилийн өмнө гаргасан аж. Үүгээр Монгол орны хөхтөн амьтдын 23, загасны 14, шувуудын долоон хувь нь амьдрах орчны хомсдол, хууль бус ан, хэт ашиглалт, олборлолт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс болж устах эрсдэлд орсныг тогтоосон байдаг. Түүнчлэн манай улсад судлагдсан 3163 зүйлийн гуурст ургамлын 16.2 хувь нь устах аюулд ойртсоныг тогтоосон. Үүнээс хойш байгаль, цаг уурын өөрчлөлт эрчимжиж, амьтдын амьдрах орчинд олон талын сөрөг нөлөө гарсан тул биологийн төрөл, зүйлийн судалгааг илүү нарийвчлан хийх, хамгааллын төлөвлөгөөг шинэчлэх шаардлага тулгарсныг олон улсын байгууллагынхан дурдав.
Н.МИШЭЭЛ