2019 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Намрын үдшийн галерей”-г маргааш Уран зургийн галерейд нээнэ. Энэхүү арга хэмжээ нь олон нийтийн урлагийн боловсролыг нэмэгдүүлж, нийгмийн стрессийг бууруулах, уран бүтээлчдийг таниулан сурталчлах зорилготой. Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх уг үйл ажиллагаанд дунджаар 3000-3500 хүн оролцдог гэнэ. “Намрын үдшийн галерей”-н хүрээнд “Намар”, “Хайр” сэдэвт үзэсгэлэн толилуулах юм байна.
Түүнчлэн дүрслэх урлагийн уран бүтээлчид “Ажлын байрандаа” гэх сэдэвт фото зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ урлагийн боловсрол олгох 10 гаруй хөтөлбөр бэлтгэсэн аж. Мөн хосуудад зориулсан үйл ажиллагаа ч тэнд байгаа гэнэ. Гурван өдрийн хугацаанд 10.00-00.00 цаг хүртэл үргэлжлэх дээрх арга хэмжээний тасалбарын үнэ нэг хүний 15 000, хосуудад 25 000 төгрөг. Тасалбараа танхим руу орохдоо худалдаж авах юм байна. Өдөр бүр өөр өөр төрлийн хөтөлбөрүүдтэй. Тухайлбал, эхний өдрийн 22.00 цагаас хип хоп урсгалын хөгжимчид уран бүтээлээ толилуулна. Харин дараагийн өдөр нь жазз дуугаар “Намрын үдшийн галерей”-г цогцлоох юм билээ.
Уран зургийн галерейд зочилж, уран зураг, монгол зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляц, холимог техникийн нийт 50 гаруй бүтээлийг дэлгээд буй “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнг ч сонирхох боломжтой.
А.ДӨЛГӨӨН