ШУТИС-ийн археологийн судалгааны багийнхан нийслэлийн ЗДТГ-ынхантай хамтран “Улаанбаатар хотын түүх, соёл: Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл бэлтгэжээ. Тэд үүнийгээ Улаанбаатар хотын түүхт 385 жилийн ойг тохиолдуулан өчигдөр олон нийтэд танилцууллаа. Нийслэлийн түүхийг судалсан салбар бүрийн эрдэмтний бүтээлийг багтааснаараа энэ нь онцлогтой юм. Тэдгээрээс ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн багш, доктор С.Бат-Эрдэнэ болон доктор, дэд профессор Ю.Болдбаатар нарын “Улаанбаатар хот орчмын хадны зосон зургийн шинэ дурсгалууд” сэдэвт судалгааны тухай мэдээллийг хүргэе.
Доктор С.Бат-Эрдэнэ “10-аад жилийн өмнөөс Улаанбаатар хот орчмын түүх, соёлын судалгааны ажлыг хийсэн. Үүнийхээ хүрээнд сүүлийн дөрвөн жилд Улаанбаатар хот орчимд байгаа хадны зураг, тэр дундаа улаан зосон зургийг судаллаа. Одоогоор зосон зургийн дурсгалт долоон газрыг шинээр нээж илрүүлсэн. Энэ талаар эрдэм шинжилгээний өгүүлэлдээ тодорхой бичсэн байгаа. Зөвхөн зосон зураг бус, дурсгалт газрын ойр орчимд оршдог, чулуун зэвсгийн үеийн бууц суурин, олдворууд, эртний тахилын байгууламж, булш бунхан зэрэг бусад зүйлийг ч бүртгэсэн. Харин “Улаанбаатар хотын түүх, соёл: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд зөвхөн зосон зургийг тодотгосон өгүүллээ хэвлүүлсэн юм.
Дээр дурдсан эмхэтгэлд нийслэлийн тэмдэглэлт баярын өдрүүд ямар учир шалтгаантай, Улаанбаатарын түүхэн үйл явдал зэргийг багтаасан. Шинэ чулуун зэвсгийн сүүлч, хүрэл зэвсгийн үеийн түрүү үеэс зосон зураг дэлгэрсэн гэж тодорхойлдог л доо. Судалгааны ач холбогдол гэвэл чулуун зэвсгийн сүүлч, хүрэл зэвсгийн эхэн үед амьдарч байсан хүмүүсийн үлдээсэн хадны зураг буюу дурсгалт газрыг нээж илрүүлсэн юм. Зургийн дүрслэлээс нь тухайн хүмүүсийн амьдарч байсан газар нутгийн онцлог, дурсгал өнөө хүртэл хэрхэн хадгалагдаж ирснийг судалсан. Цаашдаа яаж өвлүүлж үлдээхийг ч судалгаандаа хөндсөн. Манай улсад зосон зургийн судалгааг маш бага хийсэн. Археологийн хувьд бага судлагдсан орон зай юм л даа” гэв.
А.ҮҮЛ