Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дуусаж, олонх болсон намууд шат шатны Засаг дарга нараа томилж эхлэв. Уг сонгуульд 10 нам, хоёр эвсэл болон бие даагчдаас бүрдсэн 17 278 хүн 8031 мандатын төлөө нэр дэвшин өрсөлдсөн. Улмаар МАН 14, АН долоон аймагт олонх болсныг уншигчид мэдэж буй. Нийслэлийн ИТХ-д гуравдагч хүчний намууд хамраа ч шургуулж чадсангүй. Харин ХҮН намынхан Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн ИТХ-д тус бүр нэг төлөөлөлтэй болсон аж. Сум, дүүргийн хэмжээнд жижиг намуудын төлөөлөл ямархуу байна вэ. Сонгуулийн дүнг харахад улаан, цэнхэр алаглахаас биш, өнгө холилдсон газар тун ховор байгаа юм. 21 аймгийн 330 сумаас МАН-ынхан 176, АН-ынхан 150 сумд олонх болоод байна. Гэхдээ ганц сумд гуравдагч хүчнийг төлөөлж Иргэний хөдөлгөөний нам (ИХН) олонх болж чаджээ. Хоёр намаа ээлжлэн сонгосоор ирсэн монголчуудын хувьд энэ бол шинэ хувилбар.
Орон нутгийн сонгуульд гуравдагч хүчний жижиг намууд хэрхэн оролцов. Ер нь Монголын улс төрд гуравдагч хүчний намуудтай хуваалцах орон зай байна уу. Нөгөө талаас тэдэнд өөрсдөд нь орон зайгаа бий болгох чин хүсэл бий юү.
ИХН нийт 23 төлөөлөлтэй болжээ
Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ-ын 21 суудлаас 12-ыг нь ИХН-ынхан авч олонх болсон аж. Тэнд АН гурав, МАН нэг суудал авсан бол бие даагч таван төлөөлөгч сонгогдсон байна. Тэгэхээр тус сумын иргэд “солонгорсон”, сонирхолтой сонголт хийсэн гэсэн үг. ИХН-ынхан уг сонгуулиар сумын ИТХ-д нийт 23 суудал авснаар хамгийн амжилттай оролцсон гуравдагч хүчний намаар тодорч буй юм. Мөн гуравдагч хүчний нам дангаараа олонх болсон анхны тохиолдол болов уу. Тодруулбал, тэд Булган аймгийн Бугат, Ховдын Мөст, Сэлэнгийн Алтанбулаг, Говь-Алтайн Дэлгэр сумд тус бүр хоёр, Баянхонгорын Жинст, Дорнодын Цагаан-Овоо болон Сэлэнгийн Ерөө сумд тус бүр нэг төлөөлөлтэй болжээ. ИХН-аас орон нутгийн сонгуульд нийт 297 хүн нэр дэвшүүлсэн юм билээ.
“Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”-ийг байгуулж, гудамжинд тэмцэж явсан Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй хэсэг хүн 2007 онд анх энэ намыг байгуулсан юм. Гэвч 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний дараа тэд үүнийг зохион байгуулсан хэмээн буруудаж, хэдэн сар хоригдон саатуулагдсны дараа аврал эрэн АН-ын хаяа бараадсан. Улмаар Ж.Батзандан УИХ-ын гишүүн, О.Магнай нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болон дэвшиж байв. Албан тушаал ахихад нь гишгүүр болж өгсөн нам нь нэг хэсэг мартагдсан юм даг. Тэгвэл бууриа сахиж үлдсэн хүмүүс сүүлийн үед гайгүй сайн ажиллаж буйг орон нутгийн сонгуулийн дээрх үр дүн харууллаа. ИХН-ынхан өнгөрсөн УИХ-ын сонгуулиар бүрэн бүрэлдэхүүнээр буюу 126 хүн нэр дэвшүүлж, хангалттай хүний нөөц, боловсон хүчинтэй гэдгээ харуулсан билээ.
Гуравдагчид нийт төлөөллийн 0.5 хувийг эзлэв
ИХН-аас гадна Үнэн ба зөв нам, Үндэсний эвсэл, ИЗНН тус тус 1-4 төлөөллийг сумын ИТХ-ын түвшинд авсан байна. Тус намаас сэтгүүлч мэргэжилтэй А.Бүддорж хэмээх залуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д сонгогджээ. Тэрбээр УИХ-ын сонгуулиар эл аймагт нэр дэвшсэн юм. Мөн Үндэсний эвслээс Дорнод аймгийн Хөлөнбуйр сумд гурван хүн сонгогдсон бол ИЗНН-ынхан Төв аймгийн Баянчандмань сумын ИТХ-д дөрвөн төлөөлөлтэй болсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгэхээр 330 сумын хэмжээнд 6922 мандатаас 31-ийг нь буюу ердөө 0.4 хувийг л гуравдагч хүчний төлөөлөл болох ИХН, Үнэн ба зөв, ИЗНН болон Үндэсний эвсэл авсан байна. Мөн сумын ИТХ-д бие даагч 86 хүн сонгогдсон аж.
Гуравдагч хүчний намууд хүн хүч, санхүүгийн боломжоос үүдэн хөдөө сум гэхээсээ нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийг илүү сонирхдог. Тиймээс ч нийслэлийн сонгуульд 15 нам, хоёр эвсэл оролцсон юм. ХҮН намаас Багануур дүүрэгт дөрвөн хүн сонгогдсон бол Баянгол дүүргийн ИТХ-д Үндэсний эвслийг хоёр хүн төлөөлж байна. Хан-Уул дүүргийн ИТХ хамгийн “солонгорсон” төлөөллөөс бүрджээ. Тэнд Иргэдийн оролцооны нэгдэл намаас дарга Ц.Оюунгэрэл нь сонгогдсон. Мөн ХҮН нам болон Шинэ нэгдсэн эвсэл тус бүр нэг төлөөлөгчтэй болсон аж. ХҮН намынхан аймаг болон дүүрэгт нийт найман суудал авсан юм байна. Ингээд аймаг, сум, дүүргийн ИТХ-д гуравдагч хүчний намууд нийт 43 суудалтай болсон ч улсын хэмжээний 8031 төлөөллийн ердөө 0.5 хувьтай тэнцэж буй. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт.
Намын дарга нартаа юу, тогтолцоонд уу
Өнөөдрийн байдлаар Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам манай улсад бий. Эдгээрээс тал хувь нь сонгуульд идэвхтэй оролцдог гэхэд болно. Гэвч 34 жилийн туршид хоёр нам л ээлжлэн сонгогдож, төр барьсаар ирсэн байх юм. Үүний шалтгаан юу вэ. Энэ олон нам бүгд чадамжгүй, боловсон хүчний нөөцгүй, манлайлах лидергүй байна уу. Эсвэл тогтолцоонд нь асуудал бий юү.
Хүмүүс үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж нам байгуулдаг. Аливаа намын гол зорилго нь сонгуульд ялж, төрийн эрх барих замаар бодлогоо хэрэгжүүлэхэд оршдог. Гэвч олон хүн арай өөр зорилгоор нам байгуулдаг нь нууц биш. Юуны өмнө нэг хүний намууд гэж бий. Үүнд өөрөөс нь өөр олонд танигдсан хүн, лидергүй Б.Жаргалсайханы БНН, Л.Гүндалайн Ард түмний хүч зэрэг нам багтана. БНН-ын даргын хувьд 2004 онд нэг удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон, улмаар эвслийн Засгийн газарт багтаж, Үйлдвэр, худалдааны сайд болж явсан түүхтэй. Яг энэ цаг үед Ард түмний намаа байгуулсан Л.Гүндалай ч түүний адил зөөлөн суудалд тухалж, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон билээ. Тэд ийм маягаар нам байгуулсны үр ашгаа хүртэж, зорилгодоо хүрсэн юм. Б.Жаргалсайхан БНН-даа үнэнч бол Л.Гүндалай хоёр гурван өөр нам байгуулж, тэр завсартаа АН-д орж, гарсаар яваа.
Мөн сонгууль болохоор сэрж, санал хуваах, “наймаа” хийх зорилготой оролцдог хэсэг нам бий. Захиалгаар тэмцэл хийгчид ч гэж хэлж болох юм. Тэд МАН, АН-ын аль нэг талд ажилладаг гэсэн үг. Үнэн ба зөв хэмээх намын дарга А.Отгонбаатар энэ бүлгийг төлөөлнө. “Ковид-19” цар тахлын үед нялх биетэй эмэгтэйг халдвар авсан байх магадлалтай хэмээн хүүхэдтэй нь хамт ид өвлийн хүйтнээр гэрийн шаахай, халаадтай нь ХӨСҮТ рүү зөөвөрлөснийг тэрбээр эсэргүүцэн талбай дээр жагсаж байлаа. Улмаар үүгээр шалтаглан Засгийн газар огцорч, удалгүй У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдсоныг бид мэднэ. Мөн “Монполимет” группийн захирал Ц.Гарамжавыг шалгуулах хүсэлтийг А.Отгонбаатар АТГ-т гарган бужигнуулж явсан. Хэзээ ч сонгогддоггүй, гэхдээ байсхийгээд л нэг сэдэв бариад авчихсан, эсвэл нэг хүн рүү “ноцчихсон” явж байдаг иймэрхүү намын нэр барьсан хүн цөөнгүй бий.
Гуравдугаарт, бор зүрхээрээ тэмцэгчид. Байгуулагдсан цагаасаа шат шатны сонгуульд тогтмол оролцдог, гэхдээ хэзээ ч ялдаггүй нэг хэсэг бий. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намыг энд жишээ болгон дурдъя. Хүлээн зөвшөөрөгдөхүйц лидергүй, боловсон хүчингүй, нэмээд санхүүгийн чадал муутай ийм намууд зүтгээд ч амжилт үзүүлэхгүй, олны анхааралд өртдөггүй. Мөн байгуулагдсанаасаа хойш 2016 он хүртэл парламентад төлөөлөлтэй байж ирсэн ИЗНН-ыг гуравдагч хүчний нэр цэвэр төлөөллөөр дурдаж болно. Үнэндээ С.Оюун хэмээх ганц лидертэй байсан уг намын байр суурь дарга нь өөр албанд томилогдсоноос хойш унаж эхэлсэн. Гэвч 2024 онд дахин парламентад суудалтай болж чадсан энэ намынхан эдүгээ дотроо талцаж, одоогийн дарга нь ах, дүү нараараа хүрээллээ бүрдүүлж буйг гишүүн М.Нарантуяа-Нара шүүмжлээд авсан билээ.
Уг нь УИХ-д олон намын төлөөллийг хангах зорилгоор сонгуулийн тогтолцоог холимог болгон өөрчилсөн. Үүний үр дүнд МАН, АН-аас гадна ХҮН анх удаа найман суудал авлаа. Мөн Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр дөрвөн гишүүнтэй болсноор гуравдагч хүчнийхэн парламентад тодорхой орон зай эзлээд сууж буй. Гэвч бүлэг байгуулах хэмжээнд хүрсэнгүй. Манай улсад гуравдагч хүчнээс 2012 онд МАХН, МҮАН-ын Шударга ёс эвсэл нэг удаа 11 гишүүнтэй болж, бүлэг байгуулж үзсэн юм. Тэд АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан. Одоо ХҮН намынхан ч сөрөг хүчин хийхийн оронд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт нэгдэж, хоёр сайдтай болоод буй.
Өмнөх сонгуулиудын дүнгээс харахад МАН нийт сонгогчийн дунджаар 45, АН 35-40 хувийн санал авсаар ирсэн байна. Тэгэхээр үлдсэн 15-20 хувь нь гуравдагч хүчний өөр намыг сонгодог гэсэн үг. Гэхдээ бусад нам нэгдсэн нөхцөлд энэ саналыг бүрэн авч, үр дүнг нь үзэж чадна. Тиймээс ч сонгууль бүрийн өмнө аль нэг улс төрийн намаас нэгдэж ажиллахыг бусдадаа уриалдаг. 2024 оны сонгуулийн өмнө ИЗНН-ын дарга Б.Батбаатар АН, МАН-аас бусад намыг нэгдэж ажиллахыг уриалаад дийлээгүй юм даг. Ийм уриалгад ихдээ л гурван нам нэгдэж, эвсэл болж сонгуульд оролцдог. Бусад нь өөрөө албан тушаалд хүрэх, эсвэл аль нэг намын талд ажиллаж, ашиг хонжоо хийх л зорилготой учраас нэгдэж санал авч, бодлого хэрэгжүүлэх замыг сонгодоггүй. Уг нь жил ирэх бүр сонгогчдын гуравдагч хүчинд өгөх саналын тоо өсөж буй гэнэ. Харамсалтай нь, итгээд сонгочих боловсон хүчинтэй, амлалтдаа үнэнч, тууштай ажиллах гуравдагч хүчний нам алга. Тэгсэн атлаа нэгдэх сонирхол тэдэнд үгүй. Тэгэхээр тогтолцоо гэхээс илүү намууд, тэдний удирдлагууд жижиг амбицдаа дийлдэн АН, МАН-ынханд өөрсдөө найр тавьсаар байдаг аж.