Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь нэгэн орон сууцын орцонд багш эмэгтэйг олон удаа хутгалж, амийг нь егүүтгэхийг завдсан хэрэг энэ оны хоёрдугаар сарын 15-нд гарсан. Уг хэргийг өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан Д.Мөнхбаатар гэх эр үйлдсэнийг цагдаагийнхан шуурхай илрүүлж, хилээр гарах гэж байх үед нь баривчилсан юм. Хохирогчийг ажлаа тараад гэртээ ирэхэд нь орцонд 15-16 орчим удаа хутгалсан түүнд холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 14 хоногийн өмнө хэлэлцээд хаалттай хорих ангид 12 жил нэг сар хорих ял шийтгэсэн аж.
Шүүх хурлаас хойш Д.Мөнхбаатарыг Сэлэнгэ аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд үргэлжлүүлэн хорьжээ. Гэтэл энэ сарын 11-ний баасан гараг буюу улс даяар орон нутгийн сонгуулийн санал авах өдөр хорих ангиуд хүчлэн хамгаалалттай байх үед 07.00 цагийн үед Д.Мөнхбаатар амиа егүүтгэхийг завдсан гэнэ. Орон нутгийн хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр хорих өрөөнийхөө хаалганы дээд талын гэрлийг хагалан шилээр нь амиа хорлох оролдлого хийсэн. Яаралтай тусламжийн эмч нар түүнд оёдол тавьж, шархыг нь боосноор бие нь өдгөө сайжирсан аж.
Хүчлэн хамгаалалт зарласан, хянагч нарын тоог нэмж ажиллуулж байсан энэ өдөр ийнхүү нэг хоригдогч амиа хорлохыг завдсан нь Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын дарга удирдлагын алба хаагчдадаа өгсөн үүрэг даалгавраа эргэж хянадаггүйтэй ч холбоотой байж болох юм. Тус аймаг дахь ШШГГ болон дарга, хурандаа Б.Мөнхзулд энэ асуудалтай холбогдуулан ШШГЕГ-аас албаны шалгалт хийх, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй ШШГЕГ-т ангийнх нь нөхөр удирдах албан тушаал хашиж буй учраас толгойг нь илээд өнгөрч ч болзошгүй. Бусад газарт ийм асуудал гарсан бол ангийн даргад аль хэдийнээ хариуцлага тооцох байсан нь ойлгомжтой.
Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын дарга, хурандаа Н.Мөнхзулын хувьд өмнө нь тус газрын Цагдан хорих байрны дарга нь ажилтнаа хүчирхийлэхийг завдсан хэргийг нуун дарагдуулж байсан нэгэн. Бас С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдон Орхон аймаг дахь Цагдан хорих байранд хоригдож байсан Т.Чимгээгийн өргөдөл, захидлыг тэнд ажиллаж байхдаа урж хаясан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн тухайн үеийн сайд нь ярилцлагадаа өгүүлж байсан гэдэг.