Манай орны говийн бүсийн аймгуудад энэ сарын 12-13- нд шилжих шөнөөс эхлэн усархаг бороо урт хугацаанд үргэлжлэн оржээ. Ялангуяа Өмнөговь аймгийн нийт нутгаар үнэмлэхүй их хур тунадас орж, зарим чиглэлийн зам харгуй, суурьшлын бүс үерт автсаныг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, тус аймгийн Ханбогд сумд хамгийн их буюу 74, Даланзадгадад 40, Манлайд 34, Цогт-Овоод 22 мм бороо орсон нь тухайн өдрүүдийнхээ дээд үзүүлэлт болсон гэнэ. Өмнийн говьд есдүгээр сард бороо ийм удаан хугацаагаар буюу 48 цагийн турш үргэлжлэн орсон тохиолдол сүүлийн 30 жилд бүртгэгдээгүйг ЦУОШГ-аас зарласан юм.
Түүнчлэн Манлай, Номгон, Ханбогд, Хүрмэн сумын нутгаар салхины хурд секундэд 11-14 метрт хүрч ширүүссэн байна. Цаг агаартай холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, манай улсад 2024 оны эхний найман сард 3673 аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 667-гоор өссөн дүн бөгөөд үүнд 4437 хүн нэрвэгдэж, 29.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.