Нийслэлийн сонгуулийн хороо өнгөрсөн баасан гарагт нам, эвслүүдэд нэр дэвшигчдийг бүртгэж дууссан тухайгаа мэдэгдэв. Бичиг баримтын зөрчил болон өр төлбөртэй зэрэг шалтгаанаар 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан аж. Тэдний дунд АН-ын нэр дэвшигч, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ багтсан юм. Тэрбээр өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэж үзсэн юм билээ. Энэ нь нийгмийн сүлжээнд бяцхан “мөргөлдөөн” үүсгэв. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар нь хотын дарга Х.Нямбаатарын оюутан цагийн найз гэнэ. Тиймээс түүний захиалгаар хоёр ч нэр дэвшигчийг нь хаслаа хэмээн нийслэлийн АН-ын хорооны дарга Д.Батцогт мэдэгдэв. Залгуулаад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан бас цахим хуудсандаа байр сууриа илэрхийллээ. Манай хотын дарга угийн заргач хүн тул ганц үг газар гээхгүй хариуг нь барина лээ. АН ба Х.Нямбаатар гэсэн хоёр тал муудалцаад буй мэт харагдавч үнэндээ энэ нь зүгээр л сонгуульд зориулсан жүжгийн нэг хэсэг гэж үзэх хүмүүс ч байна. Улмаар Ардчилсан намд итгэл үзүүлэх, эсэхтэй ч холбогдож эхлэв.
ӨС САНАСАН УУ, ХУУЛИА ДАГАСАН УУ
Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг “Х.Нямбаатарыг шүүмжилсний хариуд гаргаж буй өс санасан үйлдэл” гэж сэтгүүлч гишүүн үзэж буй аж. “Шүүмжилсэн болгонд өс санаад явбал улс төрийн ороо бусгаа замыг туулж яаж барах вэ. Д.Мөнх-Эрдэнэ шүүхээс авсан ялаа биеэр эдэлсэн. Гэтэл хотын даргыг шүүмжилсэн гээд сонгох, сонгогдох эрхээ хасуулж болохгүй биз дээ. Нэг хүнийг хоёр ялладаггүй” гэжээ. Д.Мөнх-Эрдэнэд өмнө нь Эрүүгийн хуулийн 22, 23 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу хоёр жил зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм. Үүнээс нэг жилийн ялыг тэрбээр биеэр эдлээд, өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн уллагдсан билээ. Эрхээ хасуулсан нэр дэвшигч ч өөрөө ээлжит лайваараа Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад шоронд орсон, одоо хотын дарга болсон үед нь нэр дэвших эрхээ хасуулах нь хэмээн ярьж, “Яасан дуусдаггүй өс хонзон бэ. Чамайг шүүмжилсэн, чамд таалагдаагүй бүхэн нэг бол шоронд орж, эсвэл сонгогдох эрхээ хасуулах ёстой юу. Чи үнэхээр аархаж байна шүү. Сонгинохайрхан дүүрэгт хамт нэр дэвшээд, хэн нь хэн бэ гэдгээ иргэдээрээ дүгнүүлье л гэсэн юм шүү дээ” гэжээ. Тэгвэл Нийслэлийн сонгуулийн хорооны зүгээс ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаснаа тайлбарласан байна. Тус хорооны дарга П.Хадбаатар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийх үеэр “лайвчин” залуу хэсэг нөхдийнхөө хамт орж ирж, “шууд ярилцлага” авсан хэрэг. Энэ үеэр тэрбээр Х.Нямбаатарыг сайд байх үед нь ХЗДХЯ, хожим хотын даргаар томилогдоход ч араас нь очсоноо “мэдүүлэв”. Д.Мөнх-Эрдэнэтэй хамт Баянзүрх дүүргийн гуравдугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн сэтгүүлч Ж.Баттуул, О.Батханд, мөн л лайв хийж танигдсан О.Отгонтөгс нар “зарга” хийж явна лээ. Нийслэлийн сонгуулийн хорооны зүгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.7 дахь “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг үндэслэн түүнийг бүртгэхээс татгалзсан аж. Д.Мөнх-Эрдэнэ “Ерөнхийлөгч өршөөсөн байхад та нар яагаад хэрэгжүүлдэггүй юм, ямар давуу эрхтэй вэ” хэмээв. П.Хадбаатар дарга нь хэсэг ээрч, бүлтэгнэж байгаад “Хуулиар
сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болдог юм. Таны биеэр эдлэх ялыг өршөөсөн ч бусад ял нь хэвээр байгаа” гэсэн тайлбар өгнө лээ. Гаргасан шийдвэрээ итгэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа энэ даргын биеийн хэлэмж нээрээ ч бас хотын даргын захиалгаар ажиллачихав уу гэсэн хардлага төрүүлнэ. Нийтийн албанд томилогддог болохоос сонгогддоггүй юм хэмээн АН-ын нэр дэвшигчид маргасаар үлдсэн.
ЖЕНКО БА Х.НЯМБААТАР
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшүүлсэн 45 хүний 30 нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын талынхан хэмээх мэдээлэл цахим сүлжээнд тараад удаж буй. Зарга хийж яваа нэр дэвшигчид, өмөөрч бичсэн гишүүн нь ч хэний хүн гэдгийг уншигчид мэднэ. Гишүүн Л.Мөнхбаясгалангийн постод хариулахдаа хотын дарга ч үүнийг тодотгож, “Женкоист тархи угаалт эргээд амилж байна уу гэлтэй, ямар танил технологи вэ” гэсэн байна лээ. Гэхдээ тэр өөрөө ч нэг их гэмгүй хүн биш. Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар үнэхээр л найзыгаа тавьчихсан байна. Тиймээс тус хорооноос гаргасан шийдвэрийг өрсөлдөгчид нь хардаж, “Нийслэлийн сонгуулийн хороо Х.Нямбаатарын шийдвэрийг биш, хуулиа дагаж ажилла” хэмээн шаардах нь аргагүй юм.
Х.Нямбаатар нийслэлийн МАН-ыг даргалж, хотын сонгуульд багаа ялуулахын тулд өдөр шөнөгүй “ажиллаж” байна. Үүнийхээ хажуугаар цахим сүлжээнд өөрийнх нь эсрэг үг хэлсэн, шүүмжилсэн хүн бүртэй үг газар гээхгүй хэрэлдэж амждаг. Сонгууль эхэлсэн учраас тэрбээр сүүлийн үед АН-ынхныг нэлээд хардаж буй. Ер нь МАН-ынхан болж бүтэхгүй, ажлаа хийж чадахгүй байгаа бүхнийхээ бурууг АН-аас хайдаг сонин бодолтой. Бродюр тойрсон асуудлаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг хотын дарга хардаж, түүнийг шөнө ирээд хагалсан гэсэн тэнэгдүү тайлбар тавиад шоолуулсан юм даг. Тэгвэл гишүүн Л.Мөнхбаясгалангийн дээрх постны хариуд тэрбээр асуудал гэхээсээ хувь хүн рүү нь хандсан зүйл хөнджээ. Эрхэм гишүүний жинхэнэ нэрийг Л.Баясгалан гэдэг гэнэ. Улмаар нэрээ албан ёсоор солиулсан уу, эсвэл иргэдийг хуурсан уу гэх маргааны сэдэв гаргаж ирэв. Ер нь бол Х.Нямбаатар болон АН-ын Женко талынхан үзэлцээд буй нь эндээс харагдана.
АН-ЫГ ТОЙРСОН ИТГЭЛ
Гэхдээ Засгийн газрын түвшинд МАН, АН хоёр нэгдсэнийг бид мартах учиргүй. АН-ын 15 дэд даргын талаас илүүд нь Х.Баттулгын талын хүмүүсийг томилсон. Өөрөөр хэлбэл, АН-ыг Л.Гантөмөр гэхээс илүү МоАХ фракц удирдаж байгаа гэхэд болно. Тусхоёр нам дээрээ хэдийн эвсээд Засгийн газар байгуулчихсан. Тэгсэн атлаа анхан, дунд шатандаа өрсөлдөнө гээд байгаа нь логик муутай сонсогдож буй юм. Эл эргэлзээг арилгах, бас бус хороо хутгахын тулд МАН, АН-ынхан муудалцаад буй мэт дүр эсгэж байгаа юм биш үү. Уртдаа гурван өдрийн настай сенсаацаар “хооллож” сурсан хэдэн иргэдээ төөрөгдүүлэх гэж талцаж байгаа мэт жүжиг өрнүүлэв.
Уг нь АН-ыг иргэдийн хүлээлт л УИХ-ын сонгуулиар хүчтэй сөрөг хүчин байх хэмжээний суудалтай болгосон. Сүүлийн найман жилийн турш МАН үнэмлэхүй олонхоор засгийн эрхийг барьж, үг хэлэх, үзэл, бодлоо илэрхийлэх эрх чөлөө улам бүр хумигдаж эхэлсэн учраас хүмүүс хүчтэй сөрөг хүчнийг үгүйлсэн хэрэг. Эл үүргийг гүйцэтгэж, МАН-тай нүүр тулж чадах цорын ганц улс төрийн хүчин нь хүссэн ч, хүсээгүй ч АН л байв. Хоёр сонгууль дараалан ялагдаж, дотроо талцсаар сэхээнд ороод байсан тус намынхан газрын хөрснөөс арчигдахаасаа өмнө арай гэж амжиж эвлэв. Ингээд сонгуулийн дараа парламент дахь төлөөллөө 43 болгон нэмж чадсан. Харамсалтай нь, тэд хүчтэй сөрөг хүчин хийхийн оронд Засгийн газарт эвсэж, эрх мэдэл хувааж авахыг илүүд үзэв. Ийнхүү сэхээнд орсон АН-ыг өөд татсан сонгогчдынхоо урмыг хугалсан нь нууц биш. Тэгсэн атлаа одоо орон нутгийн сонгуульд тус тусдаа оролцоно гэдэгт нь итгэх хүн цөөн байна. Дээрээ нэг толгойтой атлаа доороо тусдаа хөл “гүйлдээд” үр дүн гарна гэдэг хэцүү. Тиймээс л АН-ынхан аравдугаар сард “түр ирж” хуурах нь гэсэн хандлага ажиглагдах болов. Шог зураач С.Цогтбаяр “Харж хайрлаж явсан гоо бүсгүйгээ өвгөнтийн хэдэн архичинтай нийлчихсэн явааг харах мэт харамсмаар, гунигтай мэдрэмж төрж байна. АН-д эмгэнэл илэрхийлье” гэжээ. Нөхцөл байдал нь ийм байхад нийслэлд нэр дэвшүүлэхээр тодруулсан хүмүүс нь урам хугална. Ёс зүйгүй, бүдүүлэг авираа шударга байдалтай андуурсан лайвчид энэ намын унаж яваа нэр хүндийг улам л гишгэлж буй нь харамсалтай.
Юутай ч Д.Мөнх-Эрдэнийнхээ асуудлаар нийслэлийн АН шүүхэд хандах биз ээ. Гэхдээ намд нь оноо биш, шийтгэл л авчрах лайвчид, “поп”-чдыг нь иргэд сонгох болов уу. Улам алсарч буй итгэл, нэр хүндээ энэ нам хэрхэн аврах юм бол. Сүүлчийн найдвар тээгээд АН-ыг сонгосны дараа анхан, дунд шатандаа ч МАН-тай нэгдчих юм бол жинхнээсээ энэ намын оршуулах ёслолыг л зохион байгуулах үлдэх вий.