Их, дээд сургуулийн үйл ажиллагаанд тавих шаардлагад оюутны дотуур байрны тухай тэр бүр дурдаад байдаггүй. Орон нутгаас ирсэн оюутнууд сургуулийнхаа дотуур байрыг сонгож, суух нь элбэг. Гэтэл тэдгээр байрны хүртээмж тааруу, эрүүл ахуйн чанарын шаардлага хангадаггүй зэргээр олон нийт шүүмжилдэг. Мөн дийлэнх дотуур байрны барилга насжилт өндөртэй, хуучирч муудсан нь нууц биш. Өнгөрсөн намар л гэхэд ШУТИС-ийн оюутны дотуур байрны зураг цахим сүлжээнд хэсэг шуугиан тарьсан. Энэ үеэр тус сургуулиас тухайн дүрс бичлэгт гарсан хэд хэдэн өрөөг засварласан юм билээ. Уг нь дотуур байрнуудыг бүрэн сэргээн засварлах, шинэчлэх шаардлагатайг олон нийт үе үехэн онцолдог. Гэвч үр дүнд хүрсэн нь үгүй.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 онд “Улсын хэмжээнд дээд боловсролын 69 байгууллагад 145 мянган оюутан суралцаж байна. Энэ хичээлийн жилд их, дээд сургуулиуд 71 дотуур байранд 7027 оюутныг хүлээн авчээ. Дотуур байранд амьдардаг суралцагчдын 65 орчим хувь нь эмэгтэйчүүд. Дотуур байрнуудын 50 хувийг 1979 оноос өмнө ашиглалтад оруулсан. Харин 31.8 хувийг нь 1980-1999 онд ашиглаж эхэлсэн. Түүнчлэн 18.2 хувийг нь 2000-2020 онд барьжээ. 2020 оноос хойш дээд боловсролын байгууллагын дэргэд шинээр дотуур байр ашиглалтад оруулаагүй” хэмээн мэдээлж байв.
ХЭҮК-ын “Дээд боловсролын салбарын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан-2024”-т “Төрийн өмчийн 51, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн 30 дотуур байр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 68 дээд сургуулийн оюутны 16 дотуур байранд 6701 суралцагч амьдардаг. Улсын хэмжээнд дээд боловсролын салбарт суралцагчдын 4.6 хувь нь дотуур байранд амьдарч, суралцаж буй” гэж дурдсан байв.
Тус комисс эл судалгааныхаа хүрээнд сургуулийн материаллаг баазыг зургаан үзүүлэлтээр үнэлжээ. Эдгээрээс хангалтгүй буюу дунджаас доогуур үнэлэгдсэн нь дотуур байр байсан гэнэ. Тиймээс их, дээд сургуулийн оюутны дотуур байрыг шинэчлэх шаардлагатай гэж УИХ-д танилцуулсан аж.
Тэгвэл оюутны дотуур байрны үйл ажиллагаанд ямар стандартын дагуу хяналт тавьдгийг тодотгоё. Үүнд голлох эрх зүйн баримт бичиг нь Оюутны дотуур байрны үйлчилгээ MNS 5869:2008 стандарт юм байна. Эл стандартад зааснаар бол нэг өрөөнд дөрвөөс илүүгүй оюутан байх бөгөөд нэг хүнд ногдох талбайн хэмжээ дөрвөн шоо метр гэжээ. Өрөөнүүд хоорондоо болон харуултай дотоод холбооны сүлжээгээр холбогдсон байх ёстой аж.
Дэд бүтцийн яамнаас 2003 онд баталсан Олон нийт иргэний барилга БНбД 11-03-03 гэж стандарт бас бий. Энэхүү стандартаар олон нийтийн үйлчилгээний байгууллагуудад тавих ерөнхий шаардлагуудыг дурдсан байна. Харин Дотуур байрны зориулалттай барилгын төлөвлөлтөд өмнө дурдсан стандартаас илүү нарийвчлалтай авч үзсэн. Тухайлбал, 4.1.28 дахь заалтад нь “Дотуур байрны өрөөнүүдэд зургаагаас илүүгүй хүний дунд ариун цэврийн болон эрүүл ахуйн шаардлага хангасан нэг шүршүүр, эсвэл ванн, нэг угаалтуур, нэг жорлон байхаар тооцно. Хоёр сууцын өрөөтэй бүлэг өрөөнд жорлон, усанд орох өрөө нь тусдаа байна” гэжээ. Бусад заалт нь барилгын бүтэц, зохион байгуулалттай холбоотой. Дээрх заалтад зургаагаас илүүгүй хүний дунд угаалгын өрөөтэй байна хэмээжээ. Гэтэл бодит байдалд энэ нь хэрэгжсэнгүй. МУИС-ийн дотуур байруудад л гэхэд давхар бүр нь дундаа нэг угаалгын өрөөтэй. Шүршүүр нь оюутнууд эрэгтэй, эмэгтэйгээрээ хуваагдаж орох жижгэвтэр хэсгийг хамардаг.
Түүнчлэн Оюутны дотуур байрны үйлчилгээ MNS 5869:2008 стандартад “Дотуур байрны 50 оюутан тутамд нэг ариун цэврийн өрөө, 25 оюутан тутамд нэг шүршүүр байна” гэж заасан байх юм. Энэ нь өмнө дурдсанаар Дотуур байрны зориулалттай барилгын төлөвлөлтөд заасантай зөрчилджээ. Өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Тус стандартаар оюутны дотуур байрны үйлчилгээ, дотуур байрны өрөөний зохион байгуулалт, ариун цэврийн өрөө, номын сан, өрөөний цонхны стандартыг тогтоосон. Гэтэл мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны дийлэнх нь 30-40 жилийн өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 74 хувийг нь 30-аас дээш жил ашигласан байна. 2010 оноос хойш зөвхөн 30 гаруй хувьд нь их засвар хийсэн, нийт дотуур байрны 17 хувь нь стандартад нийцэхгүй. Иймд Оюутны дотуур байрны үйлчилгээний нэгдсэн стандартын хэрэгжилтийг хангахад хүндрэлтэй” хэмээн дүгнэж байв. Үүний дагуу оюутны дотуур байрны стандартыг шинэчлэх талаар ярьж эхэлсэн ч удалгүй замхарчээ. Одоогоор аль ч байгууллагад оюутны дотуур байрны стандартыг шинэчлэх төлөвлөгөө алга.
Их, дээд сургуулиудаас хамгийн ойрын үед бүрэн засвар хийсэн нь МУИС-ийн оюутныII дотуур байр аж. Эл байранд суух жилийн төлбөр нь 2.6 сая төгрөг. Засварын ажлынхаа хүрээнд өрөөнүүдийн бүтцийг өөрчилж, хоёр, эсвэл гурван өрөөний дунд нэг угаалгын өрөө байхаар зохицуулжээ. Түүнчлэн өрөө бүрд хоёр оюутан л хүлээн авах юм билээ. Уг нь дээр дурдсан стандартуудад бусдын өрөөгөөр дамжиж өөрийн хэсэг рүү орох ёсгүй гэж зохицуулсан юм билээ. Харин энэ байранд эл стандарт хэрэгжээгүй бололтой.
Дотуур байрнуудаас арай тохилог нь МУБИС-ийн “Оюутны өргөө”, “Этүгэн”, АШУҮИС-ийнх хэмээн оюутнууд нэрлэж байв. Гэвч эдгээр нь зай талбай тааруу, хүртээмжгүй гэж оюутнууд нь шүүмжилсэн. Харин гадаадын улс орнууд оюутны дотуур байраа хамгийн чухалд тооцдог. Түүнчлэн хүртээмжтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан, эсэхэд нь нэнтүрүүнданхаарал хандуулдаг юм байна. Барилгын эргэн тойрон дахь ногоон байгууламж ч дотуур байрны нэгээхэн хэсэг. Мөн суралцагчдадаа зориулан дотуур байрныхаа зургийг цахим сүлжээндээ байршуулдаг. Харин манай улсад дотуур байрныхаа өнгө төрхийг “нууцын зэрэглэл”-д хамааруулан үздэг бололтой. Суралцагчид нь ямар байранд, өрөөнд ч гэдгээ мэдэхгүйгээр сонголтоо хийдэг. Бас дотуур байранд нь орж, орчин нөхцөлтэй нь танилцах хүсэлтэйгээ илэрхийлэхэд сургуулийн удирдлагууд эрс дургүйцдэг юм билээ.
Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг өнгөрсөн сард танилцуулсан. Үүнд МУИС анх удаа багтаж, 1501 дүгээр байрт жагссан. Ойролцоо эрэмбэлэгдэж буй болон дэлхийд тэргүүлэгч их сургуулиудын дотуур байрыг харахад хоёр давхар төмөр ортой өрөө хаана ч алга. Бүгд л оюутнууд өрөөндөө хичээлээ хийх тохилог орчин бүрдүүлдэг аж. Харин манай их, дээд сургуулиуд л дотуур байраа хэзээ засаж сайжруулах нь тодорхойгүй байна.
А.ТЭМҮҮЛЭН