АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийнхээ хугацааг дуусгадгийн даваан дээр Киевийн олон сарын гуйлтын хариуг өгч, ATAСMS хэмээх холын тусгалтай баллистик пуужингаар Оросын нутгийн гүнд цохилт өгөхөд тавьсан хоригоо цуцлав. Америкийн хэд хэдэн сонин, телевиз Байдены засаг захирааны нэрээ хэлээгүй эх сурвалжаас эш татаж ийнхүү мэдээллээ. Өнгөрсөн ням гарагт “New York times”, “Washington post” сонин анхлан ам нээж, CNN, ВВС, CBS телевиз ч залгуулаад дуу дуугаа авалцав. Орост туслахаар Умард Солонгосын цэргүүдийг Курск муж руу ирүүлсний хариу болгож Байден ийм шийдвэр гаргасан гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байх юм. “Пёньяныг дахин цэрэг нэмж илгээхгүй байлгахад энэ алхам чиглэсэн. Цэргийнхээ эхний хэсгийг явуулсан нь өндөр үнэтэй тусах алдаа байсныг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ойлгох ёстой” гэж төрийн нэгэн албан хаагч хэлснийг “Washington рost” сонинд бичсэн байна. 300 километр хол тусах АТАСМS пуужингаа АНУ Украинд нууцаар нэгэнт өгчихсөн, Крымд түүнийг хэрэглэсэн гэх мөрүүд ч Өрнөдийн хэвлэлд үзэгдэнэ. Вашингтон болохоор дайны ажиллагаа хүрээгээ тэлэхээс болгоомжилж, өөрийнхөө пуужингаар Орост цохилт өгөхийг Украинд зөвшөөрөх хүсэлгүй гэж тайлбарлаад байгаа. CNN-ий тоймчдын хэлснээр Байдены өгсөн зөвшөөрлийн хариуг Орос хатуухан барьж, нутаг дэвсгэрт нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулах вий гэж НАТО-гийн гишүүн орнууд сэрэмжилж буй аж.
Америкийн холын тусгалт пуужингийн талаар Москва ямар нэг тайлбар хараахан хийгээгүй байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Оросын нутгийн гүнд пуужингаар цохилт өгвөл энэ нь дайнд НАТО шууд оролцож буйн илэрхийлэл болно” гэж хэлжээ. Түүний үзэж буйгаар Украинд нийлүүлж буй пуужинг харвах төхөөрөмж тус улсад байхгүй тул НАТО-гийн тусламжаар түүнийг Оросын нутаг дахь байнд хүргэх боломжтой. Үүгээрээ НАТО дайнд шууд оролцсон болох аж. Энэ пуужинг HIMARS төхөөрөмжөөр харвадаг бөгөөд 190-305 километр хол зайд тусах чадалтай юм байна. Ж.Байдены өгсөн зөвшөөрөл Украинд улс орноо хамгаалахад нь тусалж магадгүй ч байлдааны явцад гойд өөрчлөлт оруулахгүй гэж үзэх цэргийн тоймч, шинжээч олон бий. Түүгээр ч барахгүй дайны явцыг өөрчлөхүйц хэмжээний пуужинг АНУ Украинд өгөхгүй гэж CNN-ий тайлбарлагч хэлсэн байна. ATAСMS нь “шидэт саваа” болж чадахгүй гэдэгтэй Украины аюулгүй байдал, хамтын ажиллагааны төвийн тэргүүн Сергей Кузан санал нэг байгаа аж. Байдены гаргасан шийдвэрийг дэмжихгүй хүн түүний засаг захиргааны дотор ч цөөнгүй байгаа гэж NYT мэдээлжээ. Дональд Трампын баг энэ шийдвэрийг хатуухан шүүмжилж буй гэнэ. Байдены шийдвэрийн тухайд Америкийн эрх баригчдын санал бодол бас хуваагдмал байна. Конгресс нь ATAСMS зөрчил тэмцлийн явцад дорвитой нөлөө үзүүлэхгүй гэсэн байр суурьтай аж. Тэгвэл “Холын тусгалтай пуужингаар Орост цохилт өгөх нь Украины ялалтын төлөвлөгөөний нэг хэсэг” гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский нь мэдэгдсэн байх юм. “Reuters”-ийн мэдээлснээр Киев АТАСМS пуужингаар Оросын Курск мужид ойрын өдрүүдэд цохилт өгөхөөр төлөвлөж байгаа бололтой. Холын тусгалтай SCALP, “Storm shadow” пуужингаа ашиглах зөвшөөрлийг Вашингтоны шийдвэрийн дараахан Лондон, Парис Украины зэвсэгт хүчинд өгчээ гэж “Le figaro” сонин мэдээлсэн ч удалгүй үүнийг няцаасан байна. Гэхдээ Украинд пуужин нийлүүлэх бодолтойгоо Британи, Франц улс нэг бус удаа мэдэгдсэн билээ.
Хоёр сарын дараа албаа хүлээж авах шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп нэг хоногийн дотор Украин, Оросын дайныг зогсооно гэсэн шуугиан тарьсан мэдэгдсэн удаатай. Гэтэл түүний багийн нэг төлөөлөгч Байдены шийдвэрийг “Шинэ Ерөнхийлөгч эргэн харж болзошгүй” гэж хэллээ. Эргэн харахгүй ч байж мэдэх нь энэ үгнээс илт байгаа гэж хэлж болно.
АНУ-ын хуучин, шинэ хоёр Ерөнхийлөгч саяхан уулзсан. Украин хийгээд Ойрхи Дорнодын асуудлаар тэдний байр суурь зөрүүтэй. Тэгэхдээ тэднийг уулзах үед Байден дээрх шийдвэрээ гаргаагүй байсан. Гэлээ ч санал зөрөлддөг асуудлуудаа тэд хөндөхгүй орхиж чадаагүй. Чадахгүй нь ч ойлгомжтой.
Тэдний уулзалт Цагаан ордны Зууван танхимд хоёр цаг үргэлжилсэн юм билээ. Трампын мэдээлснээр бол ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөхөөс өмнө тэрбээр Байдентай бас уулзах аж. Энэ удаад “Тэд үндэсний аюулгүй байдал, тус улс хийгээд дэлхий дахины өмнө тулгараад буй асуудлын талаарх чухал асуудлуудыг ярилцсан” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мэдэгдсэн байсан. Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Жейк Салливаны мэдээлснээс үзвэл ОХУ-ын эсрэг хийж буй дайнд Украиныг цаашид дэмжих нь АНУ-ын үндэсний эрх ашигт нийцнэ гэж үздэгээ Байден Трампад хэлжээ.
Гэтэл наад зах нь 10 мянган умард солонгосчуудаар хүч нэмэгдүүлсэн Кремлийн цэргүүд Украины тосгодыг ээлж дараалан эзэлж, Оросын пуужин, нисгэгчгүй төхөөрөмжүүд хот, дэд бүтцийг нь хавтгайлж байхад энх амгалан тогтоох Трампын 24 цаг юу авчрах бол? Бодвол галаа зогсоохыг Кремль болон Киевээс Трампын баг шаардах биз. Гэтэл зөрчил тэмцлийн эхнээс л хэлж байснаараа ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ийм алхам хийх сонирхолгүй гэдгээ давтана.Украин бууж өгч, газар нутгийнхаа нэлээд хэсгийн Орост өгсөн тохиолдолд л түүний санаа амарна. Бас Украин НАТО-д элсэх, хүчтэй зэвсэгт хүчинтэй байхаас татгалзаж, Өрнөд хоригоо цуцлахыг Путин хүсэж байгаа.
Байден сүүлчийн уулзалтуудаа хийж “зодгоо тайлах”-д бэлтгэж байна. Тэрбээр Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Перу улсын Лима хотноо Хятадын удирдагч Си Зиньпинтэй уулзлаа. Тэдний ярианы нэг сэдэв нь Орос, Украины дайн байсан нь мэдээж. Хятад улс Оросыг дэмжиж буйд нь сэтгэл зовниж буйгаа Байден илэрхийлэхэд Си Зиньпин Орос, Украины зөрчлийг энхийн аргаар зохицуулахыг БНХАУ дэмжсээр ирснийг сануулсан байна.
Байден мөн Перуд Япон, Өмнөд Солонгосын удирдагчтай уулзаж, Умард Солонгос, Оросын аюултай, тогтвортой байдлыг алдагдуулах хамтын ажиллагаанд сэтгэл зовж буйгаа хэлжээ. Гурван удирдагч НҮБ-ын дүрмийн 51 дүгээр заалтын дагуу өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлж буй Украиныг дэмжих шийдвэр төгс байгаагаа мэдэгдлээ. Хаалттай хаалганы цаана 40 минут үргэлжилсэн энэ гурвын яриа ердөө Орос, Умард Солонгосын хамтын ажиллагаанд л чиглэсэн байна. Энэ гурвын ярианд нэр нь дурдагдаагүй ч өндөр албаны нэгэн хүний хэлснээс үзвэл Байден болон түүний аппаратын сүүлийн дөрвөн жилд хийснийг нь Дональд Трамп ухрааж болзошгүй нь. Умард Солонгос Орост зэвсэг нийлүүлж буй талаар Байдены хүмүүс сүүлийн хэдэн сар ярьж буй юм. Орос хариуд нь цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж, пуужингийн технологио сайжруулахад нь Умард Солонгост тусалж байж магадгүй хэмээн Америкийн тал сэрэмжилж байна.