Дэлхий дахинд дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг энгийн иргэдээс эхлээд улсын онцгой салбаруудад өргөнөөр ашиглаж буй. Манай улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд дурны хэрэглээ өсөн нэмэгдэж байна. Дроныг зураг авах, бичлэг хийх төдийхнөөр төсөөлдөг цаг хэдийн ард хоцорчээ. Газар тариалан, уул уурхай, барилга, хот төлөвлөлт, байгаль орчны судалгаа, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, аюулгүй байдал зэрэг бүхий л салбарт нисгэгчгүй нисэх төхөөрөмж “гар бие” оролцдог болсон.
Манай улсад хөрсний чийгийг хэмжих, хортон шавжийн тархалтыг илрүүлэх, ойн болон усны судалгаа, ховор амьтдыг хамгаалах зэрэг хүний гараар бүтээхэд амаргүй ажлыг нисгэгчгүй төхөөрөмж гүйцэтгэж буй. Үүгээр зогсохгүй, эрүүл мэнд, онцгой байдал, зэвсэгт хүчний салбарт ч дурны гүйцэтгэх үүрэг хэмжээлшгүй юм.
Хэрэглээ нь ийнхүү хүрээгээ тэлсэн ч дрон нисгэх зохицуулалтын хууль, эрх зүйн орчин бүрхэг хэвээр байна. 2018 оноос л дурны үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно гэж Засгийн газар, холбогдох албаныхан мэдээлж байв. Гэтэл өнөөдөр гарт барих хууль, журам алга. Гэхдээ ор тас байхгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, иргэний нисэхийн дүрмээр зарим үйл ажиллагааг нь зохицуулдаг байна. Тухайлбал, Иргэний нисэхийн дүрэм-101 буюу Хүнгүй агаарын хөлөг, пуужин, жиор-гуайдаа (далайн судалгаанд ашигладаг тусгай төхөөрөмж) болон парасэйл (усан дээрх спортын нэг төрөл)-ийн үйл ажиллагааны дүрмийг дагаж мөрддөг юм байна. Хүнгүй агаарын хөлөгт аргамжаат болон чөлөөт бөмбөлөг, зайнаас удирддаг агаарын хөлөг, утсан удирдлагатай, чөлөөт нислэгийн агаарын хөлгийн загварыг хамаатуулж үздэг аж. Үүнээс гадна Иргэний нисэхийн дүрэм-102-оор зохицуулдаг гэнэ. Үүгээр хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийг гэрчилгээжүүлэх болон Иргэний нисэхийн дүрэм-101-т хамаарахгүй үйл ажиллагааг зохицуулдаг ажээ. Эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оройлон оролцох ёстой байгууллагын нэг нь ИНЕГ. Гэвч дурны үйл ажиллагааг зохицуулахад анхаарал тавилгүй явж ирснээс болж үүнтэй холбоотой эрх зүйн орчин тодорхойгүй үлджээ. Хуулийг боловсронгуй болгох ажил яст мэлхийн хурдаар өдий хүрэв. Нэг үгээр хэлэхэд, дрон ашиглах тухай хууль манай улсад алга. Тиймээс бие даасан хуультай болох шаардлага цаг хугацааны хувьд түрэн гарч ирэв. Тиймээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ)-нд ажлын хэсэг гарч, хуулийн төсөл боловсруулж эхэлжээ. Төслийг боловсруулах шатандаа яваа учраас ажлын хэсгийнхэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Өөрөөр хэлбэл, дөнгөж хуулийн хэрэгцээ шаардлагын судалгаа, үндэслэл, үзэл баримтлалыг нь боловсруулж буй аж. Хууль “мэндлэх”-тэй холбоотойгоор хариуцсан мэргэжилтнүүд амьсгаа дээгүүр яваа сурагтай. Ойр ойрхон хуралдаж, хэлэлцүүлэг өрнүүлэх болжээ. Жишээлбэл, ЦХИХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, ИНЕГ болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг эрчимтэй ярих болсон. Хэд хоногийн өмнө дурны асуудлаар мэргэжилтнүүд ЦХИХХЯ-нд хуралдсан байна. Хурлын үеэр ХХЗХ-ны Радио давтамжийн олон улсын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Тэрбиш “Манай улсад 2.4 болон 5.8 ГГц хүчин чадалтай жижиг оврын дроныг өргөн ашиглаж байна. Ийм дронуудыг олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зөвшөөрөгдсөн зурвасын дагуу тусгай зөвшөөрөлгүй ашиглах боломжтой. Гэхдээ тоног төхөөрөмжийг баталгаажуулах шаардлагатай. Харин үүрэн холбооны шугамаас өөр зурваст тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй” хэмээсэн.
Манай улс тогтсон маршрутын дагуу дрон нисгэж буй. Харин олон улсад тусгай орон зайг бий болгож байгаа аж. Тиймээс дронд зориулсан тусгай агаарын зай хэрэгтэйг албаныхан онцолсон. Алсын удирдлагын баг, нислэг, хөдөлгөөн, агаарын зай, дэд бүтэц нь тусдаа байх ёстойг ИНЕГ-ын мэргэжилтэн Д.Энхбаяр сануулна лээ. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг шуудан хүргэлтэд ашиглах талаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өмнө нь ярьж байв. Тэрбээр саяхан дурны үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг сайжруулахын тулд ШУТИС болон Токиогийн их сургуулийн “Ньюком” группийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал солилцжээ.
Эрүүл мэндийн салбарт дроныг ашигласан тохиолдол цөөнгүй. Манай улс цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эмнэлгүүдэд шуурхай хүргэх зориулалтаар 2021 онд дрон нисгэсэн нь амжилттай болсон билээ. Газар хөдлөлт, гамшиг, ослын үед, гоц халдварт өвчин зэрэг онцгой тохиолдолд нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах нь зүйтэй. Тухайлбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн гаднаас Амгалан дахь АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлэг хооронд дроноор цус тээвэрлэсэн юм. 2.2 кг буюу найман нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг таван км орчим зайд тээвэрлэхэд 12.5 минутын хугацаа зарцуулсан гэдэг. Мөн өнгөрсөн есдүгээр сард ЦССҮТ-өөс ЭХЭМҮТ-д цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэсэн. Ердөө найман минутад ухаалаг төхөөрөмж зорьсон газартаа амжилттай хүрчээ. Түгжрэлд саатахгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж, олон хүний амь аврах нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг эрүүл мэндийн салбарт ийнхүү ашиглаж байна. Онцгой байдлын салбарт ч дроныг ашиглаж буй. Өнгөрсөн хавар Засгийн газрын хуралдаанаар онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, шаардлагатай баазыг нэмэгдүүлэх хүрээнд нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Үүний дагуу тус алба гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслээр хүчээ зузаатгасан юм. Ой, хээрийн түймрийн үед хүний хөл хүрэхгүй газар дроноор гал унтраах нь хүч хүч, эдийн засгийн хувьд ч ашигтай. Гал унтраах дрон нь 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст нисэж, -40-70 хэмд бүрэн ажиллана хэмээн танилцуулсан билээ. Гэвч ОБЕГ-ынхан дроныхоо “ид шид”-ийг үзсэн, эсэх нь эргэлзээтэй байна.
Манай улсад хэдэн хүн, хэчнээн албан байгууллага дрон ашиглаж буй талаарх мэдээлэл тодорхойгүй. ИНЕГ-ынхан гадаадаас оруулж ирсэн болон Монголдоо үйлдвэрлэж буй дроныг бүртгэлжүүлэх үүрэгтэй аж. Гэвч одоогоор энэ ажил хийгдэхгүй байна. Ямар үзүүлэлтээс дээш техникийн чадамж бүхий дронуудыг бүртгэх вэ гэдгийг тодорхой болгох шаардлага үүсжээ. Эдгээрийг удирдан ажиллуулах нисгэгчийг богино хугацаанд бэлдэх хэрэгцээ ч үүссэн юм. Албан ёсны үйлдвэрлэгчийн ямар ч дроны нисэх буудлын нислэгийн талбай, орчимд хөөрөх ёсгүй гэдгээс өөрөөр хориглосон зохицуулалт ховор. Тиймээс хууль, эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэхгүй бол эргэлзээ төрүүлсэн асуудал цөөнгүй гарах нь.
Манайх шиг өргөн уудам нутаг дэвсгэртэй улсад дроныг олон талаар ашиглаж болохыг инженерүүд хэлж буй юм. Дэлхийн улс орнууд дроныг цэрэг, дайны зориулалтаар хэрэглэж байгааг бид бүгд мэддэг. Энэ тухайд Монголын нисэх загварын МАСА нийгэмлэгийн тэргүүн Ч.Ганзориг “Батлан хамгаалах, цэрэг, цагдаа гээд бүхий л салбарт дрон хэрэглэдэг боллоо. Энэ технологийн хэрэглээг Монгол Улсад хөгжүүлэхэд нисэх хүчин, тэр дундаа нисэх загварын салбарт хүн хүчийг бэлтгэмээр байна. Мэргэжилтнүүдээ сайн бэлдэх хэрэгтэй” хэмээсэн.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хамгийн ихээр ашигладаг орны тоонд АНУ, БНХАУ, ОХУ, Израил, БНТУ багтаж буй. Эдгээр улс нь дроныг цэргийн, иргэний болон арилжааны зорилгоор өргөн ашигладаг юм байна. Тухайлбал, АНУ-ын албан байгууллагууд дроныг үйл ажиллагаандаа ашиглах тохиолдол сүүлийн хоёр жилд хоёр дахин ихэсжээ. Тус улс 2050 он гэхэд жил бүр 20 мянган дроныг үйл ажиллагаандаа ашиглах тооцоолол гаргасан байна. Манай улс дурны хэрэглээ, үйл ажиллагааг зохицуулахад анхаарахгүй бол хүний эрхэд халдах тохиолдол ч гарч болзошгүй. Дроныг хэн дуртай нь хэрэглэх болсноор хууль бус ажиглалт, тандалт хийх сөрөг талтай. Өөрөөр хэлбэл, таныг хэн нэгэн дроноор “дурандах” боломжтой. Хувь хүний болон аливаа байгууллагын орон зайд халдах, тагнах, турших зэрэг эрсдэл бий. Дурны даацаас шалтгаалан хар тамхи, мансууруулах бодис зэрэг хууль бус наймааг хил дамнуулан “цэцэглүүлж” мэдэх. Үүгээр зогсохгүй дрон ашиглаж, бусдын эрүүл мэнд, аминд халдсан явдал цөөнгүй улсад гарах болсон. Дроны үйл ажиллагааг зохицуулсан бие даасан хууль баталбал эрх зүйн орчин нь тодорхой болж, олон асуудлыг цэгцлэх биз.