Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудалд гамшгаас хамгаалах чиглэл багтдаг. Тэрбээр энэ эрх мэдлийнхээ хүрээнд, тус байгууллагын сахилга, хариуцлага, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор өнгөрсөн баасан гарагт ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дэд дарга, бригадын генерал Д.Намсрай нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэдний оронд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар дэд дарга асан, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг, дэд даргаар Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгийг, дэд даргаар Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөрийг тус тус томилохоор тушаал гаргажээ. Тэдгээрийг томилохтой холбогдуулан АТГ-т холбогдох материалыг хүргүүлэн хянуулснаар энэ долоо хоногт үүрэгт ажилдаа орох бололтой. Ц.Ганзориг нь Батлан хамгаалахын сайд асан Ч.Сайханбаярын зээ дүү бөгөөд тус байгууллагын дэд даргаар арваад жил ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргасны улмаас албан тушаалаасаа огцорч, хэсэгхэн хугацаанд БНХАУ-д суралцаад ирсэн аж. Мөн дэд даргад яригдаж буй Ц.Уранчимэг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүхийн гэргий, харин Я.Гантөмөр нь Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатарын төрсөн дүү байж таарсан нь анхаарал татаж буй юм. Хэдийгээр ураг төрөл, хамаарал бүхий этгээдийн гэх ийм холбоос үнэн байж болох ч ажлын туршлага, чадварын хувьд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг хамт олон нь өгүүлж байна.
У.ОРГИЛМАА