Жүжигчин Б.Амарсайхан цахилгаан шатанд дөрвөн хүүхдэд гар хүрсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Болсон явдлыг тодруулбал, энэ сарын 1-нд нэгэн хүүхдийн найз нөхөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Аравдугаар сарын 30-ны 20.00 цагийн үед манай найз бусдад зодуулсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тодруулбал, “Халловений баярын үеэр хүүхдүүд хотхоны айлуудаар чихэр цуглуулахаар явахдаа хаалга өшиглөснөөс болж бусдад зодуулсан гэх утгатай дуудлага мэдээлэл ирснийг шалгаж байна” гэсэн мэдээлэл өгөв.
Бидний авсан мэдээллээр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байдаг, “VIP резиденс” хотхонд Ж гэх хүүхдэд халдсан байна. Уг үйлдлийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгаж буй агаад хүүхдүүдийн мэдүүлэг, орцны хяналтын камерын бичлэг зэргээр насанд хүрээгүй хүний эрүүл мэндэд халдсан нь тодорхой болсон гэнэ. Тиймээс жүжигчин Б.Амарсайханд Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан” гэх заалтын дагуу хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Одоогоор түүнээс тайлбар мэдүүлэг аваагүй бөгөөд хөдөө орон нутагт яваа учраас цагдаагийнхныг дуудахад очоогүй гэх мэдээлэл бий. Тэрбээр зөрчлийн хэрэг үйлдсэн нь нотлогдвол 300 000 төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх юм.
Г.ОРЧЛОН