“Интермед” эмнэлгийн цахим сан халдлагад өртсөн асуудлаар болон кибер аюулгүй байдлыг хамгаалах, ийм гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээлэл хийв. Тэрбээр “Засгийн газрын өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар цахим халдлагатай холбоотой асуудлыг хэлэлцэж, цөөнгүй шийдвэр гаргалаа. “Интермед” эмнэлгийн жишээ бол улсын хэмжээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын кибер аюулгүй байдлыг хангах тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатайг харуулж буй. Олон улсад кибер халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахиж ийм эрсдэл гаргахгүй байх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Манай улс кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т эрэмбэлэгдсэн учраас бид Монголын кибер аюулгүй байдлын эрсдэлийн түвшнийг тогтоох ажлыг Оксфордын их сургуультай хамтран эхлүүлсэн.
Мөн онц чухал мэдээллийг хадгалдаг байгууллагуудыг кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Цаашид улсын төсөв батлахдаа тухайн байгууллагуудад мэдээллийн технологийн гэх ерөнхий зүйл ангиар биш, кибер аюулгүй байдлын зардлыг тусгайлан оруулж, үүний хүрээнд технологийн шинэчлэл хийж, албан ёсны лицензтэй программ хангамж ашигладаг болно” гэж ярилаа. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос мөн “Интермед” эмнэлгийн асуудлаар мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд “Хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн бүрэлдэхүүн хэсэг.
Хүн бүр хувийн мэдээллээ нууцлах, хамгаалуулах, хэрхэн ашиглаж байгааг мэдэх, устгуулах эрхтэй. Хувийн мэдээллийг хамгаалах нь мэдээллийн эзэн, хариуцагч байгууллага төдийгүй олон нийтийн үүрэг, хариуцлага юм. “Интермед” эмнэлгийн цахим сүлжээ кибер халдлагад өртсөн талаар үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэхдээ хүний хувийн мэдээллийг давхар дэлгэхгүй, эрхийг нь хүндэтгэн сахихыг сэтгүүлч, иргэд, олон нийтэд уриалъя. Тус эмнэлгийн цахим сан, сүлжээ кибер халдлагад өртөж, хүний эмзэг мэдээлэл алдагдсан талаар ХЭҮК, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран хяналт шалгалт явуулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна. Иймд хувийн мэдээлэл нь алдагдсан байж болзошгүй иргэд, “Интермед” эмнэлгийн үйлчлүүлэгчид эрүүл мэндийн болон санхүүгийн мэдээлэл агуулсан нууц үгээ шинэчлэх, сэжигтэй этгээдээс ирүүлсэн цахим шууданг шалгахгүй, холбоос руу нэвтрэхгүй байх, анхааруулга, мэдэгдэл, захидал ирсэн тохиолдолд ХЭҮК-т яаралтай хандахыг хүсье” гэжээ.
О.УНДРАХ