Гадаадын иргэн, харьяатын газар үйл ажиллагаагаа цахимжуулж буйтай холбогдуулан аялал жуулчлалын салбарынханд мэдээ, мэдээлэл хүргэж, тулгамдсан ямар асуудал бэрхшээл байгаа талаарх санал, гомдлыг нь сонсжээ.
Тус газар нь 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ. Виз зөвшөөрлийн үйлчилгээг энэ онд бүрэн цахимжуулсан бөгөөд 1-10 дугаар сард жуулчин, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч, дамжин өнгөрөх зэрэг дөрвөн ангиллын визийг гадаадын 85 мянга орчим иргэнд evisa.mn системээр дамжуулан олгосон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 дахин өссөн үзүүлэлт аж.
Засгийн газар Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэлх хоногоор ирэх, 34 улсын иргэнийг 2023-2025 он хүртэлх хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн. “Монголд зочлох жил” санаачилгыг 2028 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон ч визийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрээ сунгах, эсэх нь тодорхойгүй байгаа. Тэгвэл үүнтэй холбоотой лавлагаа, тодруулга хүссэн албан бичгийг Гадаадын иргэн, харьяатын газраас холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Ж.СУВДМАА