Улаанбаатарт автомашины улсын дугаар олгохыг хязгаарласантай холбоотой асуудлууд ундарсаар байна. Нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг батлах тухай захирамжийг Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн сарын 23-нд гаргажээ. Уг захирамжийн дагуух гаргасан шалгуур үзүүлэлтээр бол зөвхөн шинэ машин авах, бас зогсоолтой, өмнө нь тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаагүй иргэдэд л улсын дугаар олгох гэнэ.
Нийслэлийн Засаг даргын эл захирамжтай холбогдуулан Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн болон Эко автомашин импортлогчдын холбооныхон Хууль зүй, дотоод хэргийн яаманд ханджээ. “Улаанбаатар хотод оршин суух иргэдийн машин худалдан авах, өмчлөх эрх нь хязгаарлагдлаа. Бас автомашины худалдаа эрхэлдэг олон иргэн энэ зах зээлд өрсөлдөх боломжгүйд хүрсэн. Ингэснээр хэдхэн том компанид давуу байдал үүсэх нөхцөл бүрдлээ” гэж дээрх хоёр холбооныхон дурдаад, нийслэлийн Засаг даргын захирамжийг захиргааны хэм хэмжээний актаар бүртгэхгүй байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүссэн юм байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамныхан нийслэлийн Засаг даргын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянаад, шалгуур үзүүлэлтийн зарим заалт нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхсан агуулгатай гэж дүгнэсэн аж. Тухайлбал, “Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлгүй бол эзэмшил, өмчлөлдөө тээврийн хэрэгсэлтэй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх”, “Хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолтой бол эзэмшил, өмчлөлдөө авто зогсоолгүй иргэн, хуулийн этгээдийн өмнө байх” гэсэн хоёр шалгуур үзүүлэлт нь хүнийг хөрөнгө чинээгээр ньялгаварлан гадуурхсан шинжтэй гэж үзжээ. Тиймээс шалгуур үзүүлэлтийг шинэчлэн баталж, зарим заалтыг өөрчлөх шаардлагатай гэсэн албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ сарын 13-нд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хүргүүлсэн юм байна. Харин Х.Нямбаатар “Шалгуур үзүүлэлттэй холбоотой асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яамныхан эцэслэж шийднэ биз. Машинд дугаар олгохыг хязгаарлах шийдвэр аль эрт гарчихсан шүү дээ” гэж хэвлэлд ярьжээ.
Түүнчлэн Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн болон Эко автомашин импортлогчдын холбооныхон өнгөрсөн баасан Яармаг дахь “Хангарди” цогцолборын гадна жагсаал зохион байгуулсан юм. “Автомашины улсын дугаар олгохыг хязгаарласан шийдвэр нь энэ төрлийн худалдаа эрхэлдэг 3000 орчим иргэний амьжиргааны эх үүсвэрийг таслан зогсооно” гэж жагсагчид хэлж байв. Харин Х.Нямбаатар тэдэнд хандан “Хэдэн халтар төгрөг цуглуулсан ченжүүдээс айхгүй. Энэ хүмүүс монгол төгрөгийн ханшийг хамгийн их сулруулж байна” гэжээ.
Мөн өнгөрсөн баасан гарагт болсон нийслэлийн ИТХ-ын ээлжит бус I хуралдааны үеэр ч эл асуудлыг хөндөв. Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан, хоолойд тулсан асуудлыг ИТХ хэлэлцэхгүй байгаад зарим төлөөлөгч шүүмжлэлтэй хандаж байлаа. Төлөөлөгч Б.Эрдэнэсүх үүний талаар “Автомашины дугаар олгохыг хязгаарласантай холбоотойгоор бараг бослого болж байна. Дутуу дулимаг, түүхий, дарангуйллын шинжтэй, захиргааны маягийн шийдвэр гаргачхаад, мөрд гэж иргэдэд тулгаснаас үүдэлтэйгээр ийм асуудал үүслээ. Үүнийг нэн даруй шийдэхгүй бол болохгүй нь” гэж байв.
М.ОЧ