“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэх захирамж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Уг нь эл захирамжийг тус шүүх өнгөрсөн есдүгээр сарын 23-нд гаргасан юм байна. Захирамжийг биелүүлэхийг цагдаагийн байгууллагын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах албаныханд даалгасныг үндэслэн Л.Чинбатын оршин суудаг албан ёсны хаяг болох Хан-Уул дүүргийн нутаг, Нүхт дэх хаус руу цагдаагийн алба хаагч удаа дараа очсон боловч тэндээ алга байж. Тиймээс хорооных нь Засаг даргаас лавлагаа авахад “Энэ хаягт бүртгэлтэй боловч амьдардаггүй” гэсэн тодорхойлолт хийж өгсөн байгаа юм.
“Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргах болсон үндэслэл нь нэр бүхий иргэдэд Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дахь алтны орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдана хэмээн 120 гаруй сая төгрөг авчхаад лицензээ ч шилжүүлээгүй, мөнгийг нь ч буцааж өгөлгүй удаж буй аж. Тиймээс мөнгөө өгсөн иргэд эргүүлэн авахын тулд “Гацуурт” компани байрладаг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.
Уг нь өнгөрсөн тавдугаар сард Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс худал мэдээлэл тараасан хэрэгт гэм буруутайд тооцож, Л.Чинбатын зорчих эрхийг хоёр сарын хугацаатай Хан-Уул дүүргийн нутаг, Нүхт дэх оршин суух хаягаасаа явахгүй байх ял шийтгэсэн билээ. Оноосон эл ялыг уг хаягтаа эдэлж дуусгасан гэнэ. Гэвч өдгөө тухайн хаягтаа ирдэггүй, дуудаж нэхэмжлэлийн хувийг гардуулах гэхээр очихгүй байгаа нь шүүхийг үл хүндэтгэж буйн илрэл гэлтэй. Юутай ч Л.Чинбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувийг түүний өмгөөлөгч Х.Оюунбаярт гардуулан өгсөн аж. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь компанийнхаа эзэмшлийн аж ахуйд байх магадлалтай гэнэ.