Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын III тайланг НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо 81 дүгээр чуулганаараа хэлэлцжээ. Чуулган Швейцарын Женев хотод энэ сарын 11-13-нд болсон бөгөөд манай улсаас ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүд оролцож, мэдээлэл өгсөн байна.
Тодруулбал, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх эрхзүйн орчны шинэчлэл, үр дүн ба сул талууд, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бус мөрдөн шалгах тогтолцоог бий болгох, алба хаагчдын хандлагыг өөрчлөх, тухай болон шаардлагатай санхүүжилт, хүний нөөцийн асуудал, хохирогчдын нөхөн олговрыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Мөн сэтгэл засал, нийгмийн амьдралд хэвийн ороход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатайн дээр хүүхэд, эмэгтэйчүүд, бүх насаараа хорих ял эдэлж буй хүмүүс зэрэг зорилтот бүлгийнхний хорих байгууллагуудын нөхцөл байдал, материаллаг нөөцийг НҮБ-ын хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмд нийцүүлэн сайжруулах зэрэг асуудлыг дурдсан байна.
Ч.Болор