Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 25-ны өдөр өргөн барьсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр гишүүдийн асуулт, хариултаас тоймлон хүргэж байна.
Б.Энхбаяр: -Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд “татварын орчныг тогтвортой байлгах” гэдгийг “тогтворжуулах татварын орчныг тогтоох” гэж өөрчлөөд, үүндээ татварын хувь, хэмжээ, элэгдэл хорогдол тооцох хугацаа, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг олгоно гэдэг өөрчлөлт оруулжээ. Татварын ерөнхий хуулийн энэ заалт бол манай урьд нь байгуулсан хөрөнгө оруулалтын болон ирээдүйд байгуулах томоохон төсөл, хөтөлбөртэй холбоотой гэрээнд нөлөөлөх үр дагавартай гэж үзэж байна. Жишээ нь, 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг одоогоор Арбитрын шүүхэд татварын маргаан үүсгээд явж байна. Яг энэ маргааны үеэр Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах нь цаад талд давуу байдал үүсгэхгүй гэсэн баталгаа байна уу. Учир нь маргаан үүссэн тохиолдолд Арбитрын шүүх тогтворжуулалтын асуудлыг шийдвэрлэхдээ давуу байдал үүсгэсэн заалтыг хэрэглэдэг гэдгийг сануулж, ажлын хэсгийн дарга Б.Пүрэвдорж, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан нараас лавлав.
Түүний асуултад Сангийн сайд хариулахдаа “Бид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ цаад тал Арбитрын шүүхэд хандан маргах боломжийг нь өргөн хүрээтэйгээр олгосон юм билээ. Одоо үүнийгээ чамбайруулж, боломжийг нь хумьж, ямар гурван асуудлаар тогтворжуулахаа маш тодорхой болгож байгаа юм. Үүгээрээ манай талд ашигтай гэдэгт 100 хувь итгэлтэй байна” гэв. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Оюутолгойн Арбитрын шүүхэд хандаж буй маргаан бүхэлдээ АМНАТ тооцох аргачлал, хүчингүй болсон давхар татварын гэрээ, татвар суутган тооцох субъект, валютын ханшийн зөрүү гэсэн асуудлуудыг хамаарч буй. Тиймээс одоо оруулах гэж буй өөрчлөлт нь манай талд сөрөг нөлөөгүй” гэж хариулсан юм.
С.Ганбаатар: -Бид цацраг идэвхт ашигт малтмалын тухай ярьж байна. Өнөөдөр хэлэлцүүлж буй Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг би жадлан эсэргүүцээгүй, харин битгий улам муутгаач гэдэг санал хэлье. Одоо мөрдөж буй Цөмийн энергийн тухай хуулийн 5.2 болон 5.3-т улсын төсвийн хөрөнгөөр 51, компанийн хөрөнгөөр 34 хувийг Монголын төр үнэ төлбөргүй шууд эзэмшинэ гэж заасан. Үүнийг өсөн нэмэгдэх роялтигаар орлуулъя гэсэн өөрчлөлт оруулж ирж байна. 34 хувийг роялтитай харьцуулбал хэдэн хувь гэж Засгийн газар үзсэн юм бэ? 51 хувийг нь Монголын төр эзэмшинэ гэж байгаа бол 37.7 хувийн роялтитай тэнцэх хэмжээний үнэ цэн шүү. 34 хувь гэдэг нь 23.8 хувийн роялтитай тэнцүү. Үүнийг 0-9 хувийн өсөн нэмэгдэх үнэтэй харьцуулж байна. Монголчуудын эрх ашгийг унагаасан, муудуулсан ийм хуулийн өөрчлөлт оруулж байгаагаа болиоч ээ. Мөн 2015 оны зургаадугаар сарын 26-нд, намайг бие даагч гишүүн байхад Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас оруулж ирж байсан албан тоотод францууд 34 хувийг Монголын тал аваад, дээр нь 9.5 хувийн роялти өгөхөд бэлэн гэсэн бичиг нь гарын үсэгтэйгээ бий. Тэр үед “Арева” компани байсан гэж санаж байна. Тэр үеийнхээсээ яагаадмуутгаад, хэрэв үнэ өсвөл ес хүртэлх хувийг авна гэж оруулж ирж байгаа юм бэ? Бид цөмийн энерги үйлдвэрлэдэг орон болохыг зорьж байгаа. Шар нунтаг үйлдвэрлэдэг, Намиби, Нигери шиг орон болно гэсэн үг. Үүний төлөө 34 хувийг өгснөөрөө бид ямар ч хяналтгүй болно. 34 хувьгүй болчихвол бид дараа нь шар нунтгаа францчуудаас худалдаж авахаар гуйна. Тэд өгөхгүй гэвэл өгөхгүй. Мөн жилд 750 тонн аюултай хог хаягдлыг “газар ээж”-ийнхээ хэвлий рүү асгах гэж байна.
Түүний асуултад ажлын хэсгийн дарга Б.Пүрэвдорж “Үндсэн хуульд тусгасан газрын хэвлийн баялгийн дийлэнх нь ард түмэнд ногдох заалт бүрэн хангагдана. Зургаан тэрбумаас дээш хэмжээний орлого учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 25 хувь, давуу эрхийн 10 хувьд хувьцаа авна. Өнөөдрийн байдлаар уранаас АМНАТ зургаан хувиар тооцогдоно. Зөвхөн энэ гурваар тооцоход 51 хувиас давсан ашигтай байна. Гаалийн татвар болон НӨАТ, онцгой албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хувь хүний орлогын, үл хөдлөхийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл 12.5 хувиар, агаарын бохирдлын, усны нөөц ашигласны, газрын, зам ашигласны, авто тээврийн болон өөрөө явагчийн төлбөр гэхчлэн бүх төрлийн, хураамж, төлбөрийг авахаар тусгасан. Атомын цахилгаан станц (АЦС)-тай болох саналыг тань бүрэн дэмжинэ. Өнөөдөр эхлэлээ тавилаа гэхэд 2035-2040 онд АЦС-тай болох асуудал шийдэгдэнэ. Шар нунтгийг экспортолсноор Монгол Улсын дэлхий дахин дахь нэр хүнд өснө. Хог хаягдлын төлбөрөө цаад тал бүрэн төлнө. Баяжуулсан хог хаягдлаа энд булшлахгүй. Ашиглалтын явцад гарсан хог хаягдлыг хаалтын гэрээний дагуу ойролцоогоор 320 сая ам.долларын төлбөртэйгөөр аюулгүй болгох ажлыг хийнэ” гэж хариуллаа.
Ө.Шижир: “Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтаж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарынхаа гадаад улсад хийсэн айлчлалаар шийдэгдсэн асуудлыг цаашид ажил хэрэг болгоод явах нь улсын нэр хүндэд чухал. 2009 онд, тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийг Монгол Улсад айлчлахаас нэг сарын өмнө Канадын “Хан ресурс” компанийн эзэмшиж байсан ураны лицензийг цуцлаад гэрээнээсээ буцаж, Орос, Монголын хамтарсан компани байгуулснаас болж улс төрийн асуудал үүсгэсэн. Энэ удаад ч мөн бага оврын станц яриад явж байна. Оросын тэр амлалт худлаа шүү. Бид гуравдагч хөрштэйгөө энэ том төслийг заавал хэрэгжүүлэх шаардлагатай. “Хан ресурс”-ийн хувьд бид лицензээ буцааж аваад ашигласан ч юмгүй, Арбитрын шүүхээс 70 сая ам.долларын өрөнд орсон. Энэ байдал давтагдах вий” гэдгийг сануулав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: “Маш чухал асуудал хөндсөн Ө.Шижир гишүүнд баярлалаа. УИХ-аас хамаарах улс төрийн шийдвэрүүд, хууль тогтоомжуудад тогтвортой байдал маш чухал. Өнгөрсөн хугацаанд газрын тосны хайгуул, олборлолт л гэхэд тогтвортой байдлын гэрээ хийж, дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөө оруулчхаад үйл ажиллагаа нь урагшлахгүй байна. Олборлолт нь жилд нэг сая тонноос дээш байсан бол өнөөдөр 300 мянган тонн болтол буурлаа. Урд хөрштэй гэрээ байгуулж Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг УИХ-аар шийдүүлчхээд байтал араас нь өөр шийдвэр гарснаас болж өнөөдрийг хүртэл 16 жилийг алдаж, эцсийн дүнд монголчууд л хохирч байна. Бидэнтэй хамтарсан хөрөнгө оруулагчид хохирдоггүй. Энэ хуулийн төсөлд гишүүд анхааралтай, хянамгай оролцоорой. Нэг гэрээний асуудал ярьж, энэ хуулийг өөрчилж байгаа хэрэг биш шүү. Цаашид цөмийн энергитэй холбоотой, ураны чиглэлээр Монголд ирэх хөрөнгө оруулалтын талаарх төрийн бодлогыг хэлэлцэж байгаад хариуцлагатай хандаарай. Тиймээс ч УИХ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа юм” гэв.
У.ОРГИЛМАА