Парламентыг 126 гишүүнтэй болгохын тулд УИХ-ын Тамгын газрынхан олон ч орноор явж, туршлага судалж байв. Гишүүний тоо 50-иар нэмэгдэх учраас суух танхим, ширээ, сандлаас эхлээд өөрчилсөн. Үүний дотор тоног төхөөрөмжтэй холбоотой шинэчлэл, өргөтгөл ч хийсэн нь мэдээж. Гэтэл шинэ УИХ-ын анхны намрын чуулган эхлээд сар гаруй болоход л санал хураах төхөөрөмж нь гацаж, “гажигтах” болов. УИХ-аар 2025 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэх үед “Төхөөрөмж ажилласангүй” гэдэг шалтгаанаар дахин санал хураах, эсвэл бүр гар өргөж тоолох тохиолдол ч цөөнгүй гарлаа. Улсын ирэх оны төсвийн төслийг гар өргүүлж баталсан нь хамгийн сүүлийн, том жишээ. Гэвч уг төхөөрөмжийг зассангүй. Гацаж байх нь зарим талаар ашигтай, буруутгах шалтгаан хэрэгтэй учраас тэр бололтой. Асуудлыг олон талаас нь тунгаан хэлэлцэж, эцэст нь олонхоороо шийдвэр гаргадаг нь ардчиллын мөн чанар. Гэвч олонхын гаргасан шийдвэр бүр зөв байдаг, эсэхэд эргэлзэх үйл явдлууд өрнөж байна.
Соёлын төв барихад 12 тэрбум төгрөг зарцуулахыг эсэргүүцсэн гишүүн Ж.Баярмаагийн саналыг нэгдсэн чуулганы үеэр эхлээд дэмжжээ. Тэгмэгц дээрх шалтгаанаар дахин санал хурааж, унагасан юм. Энэ мэтээр олонхоор хүч түрэх нь бүгд хэлэлцээд зөвийг нь дэмжихээс ялгаатай ойлголт. Тэгвэл одоогийн УИХ олонхоор хүч түрэхдээ төхөөрөмж ашиглан санал будилаантуулаад байгаа юм биш биз.
“Тохируулга хийсэн гэж хардаж байна”
УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны улсын төсвийг төхөөрөмжөөр уншуулж биш, гар өргөн баталсан явдлыг гишүүн Ч.Лодойсамбуу ингэж үзэж буй аж. Тэрбээр “Төхөөрөмжөөр санал хураасан бол хэн дэмжиж, хэн татгалзсан нь тодорхой гарна. Харин гар өргүүлж санал хураавал тохируулга хийх магадлалтай. Тэгсэн ч гэж хардаж байна. Төсвийн төслийг батлахад 71 гишүүн оролцож, 69 нь дэмжсэн гэж буй. УИХ-ын 126 гишүүний 50 хувь нь 60 гаруй хүн болно. Гэтэл тэр үед чуулганы танхимд 69 хүн хүрэхээргүй харагдсан” гэсэн юм. Тиймээс АН-ынхан камер шүүхийг шаардаж байгаа юм билээ. Гараар санал хураах, эсэх талаараа асуулга явуулсангүй гэж үзэж буй гишүүд ч бий.
Тэгвэл УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар хийжээ. Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу Төсвийн тухай хуулийн төсөлд ил санал хураасан. Гишүүд зөвшөөрсөн нөхцөлд ийм санал хураахдаа цахимаар, эсвэл гар өргөн явуулж болдог. Төсвийн хоёр болон гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр цахим системийн хэрэглээтэй холбоотой гишүүдээс янз бүрийн горимын санал ирүүлсэн учраас гар өргүүлэн санал хураасан. Ингээд УИХ-ын Тамгын газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс санал хураалтын дүнг нэгтгэж, УИХ-ын дарга нийт гишүүнд мэдээлсэн. Санал хураах үйл явц хуулийн дагуу өрнөсөн, ямар нэг зөрчил гараагүй” гэсэн байна. Үнэхээр тийм бол камер шүүгээд маргааныг тасалчихаж болно. Гэвч хэн ч тэгж яарахгүй байгаа нь анхаарал татна. Төхөөрөмж нь муудаа биш, түүнийг зөв ажиллуулахыг хүсэхгүй байгаад учир бий бололтой.
Дэгээ мэддэггүй гишүүн, эрхээ хэтрүүлдэг дарга
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, олонхоороо шийдвэл зөв гэх мэт үгийг ч бас хоёр талаас нь авч үзэх учиртай. Өнгөрсөн найман жилийн турш МАН үнэмлэхүй олонхоор засагласан, улс орны гэхээс илүү намын, бүлэглэлийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг ярсхийтэл гар өргөн баталж ирсэн гэхэд буруудахгүй. Хэдийгээр одоо хамтарсан Засгийн газар байгуулан ажиллаж буй ч мөн л нэг эрх ашиг дээрээ хэрхэн нэгдэж байгааг нь улсын 2025 оны төсвийг баталсан үйл явцаас нь харлаа. 35.8 их наяд төгрөгийн зардал дотроос тэвчиж болох, шаардлагагүй, үрэлгэн 3.6 их наяд төгрөгийг хасах саналыг дөрвөн гишүүн гаргасан юм. Олонх иргэн нь өрнөөс өрний хооронд амьдарч, арай ядан амь зууж байхад төрийн байгууллагын тавилга, эд хогшлыг шинэчлэхэд 286 тэрбум гаруй төгрөгийг заавал зарцуулна хэмээн олонхоороо шийдсэн. Дарга нар ажиллах байр, суух сандал, ширээгүй болчихсон биш байлтай. Гэвч заавал төрийн байгууллагуудын тавилгыг сольж, хэн нэгний бизнесийг дэмжихээр гүрийсэн нь үнэхээр л бүлэглэлийн хуйвалдаан болж харагдсан. Энэ бол “жижигхэн” жишээ. Эрчим хүчний салбарт эрх баригчдын явуулсан буруу бодлогын үрээр өнөөдрийн 350 гаруй тэрбум төгрөгийн алдагдал үүссэн. Үүнийгээ нөхөхийн тулд цахилгааны хэрэглээний үнийг нэмж буй. Дээрх сандал, ширээ авах мөнгө, соёлын төв барих, эрхийн бичиг тараах зардлыг танахад л тэр алдагдлыг шийдэх төсөв “босох” байлаа. Бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж, илт буруу саналыг бөөнөөрөө өмгөөлөн зүтгүүлж баталсан энэ мэт тохиолдолд олонхын шийдвэр зөв гэж үзэх аргагүй.
МАН-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн төслөөс иймэрхүү “но”-г нь зарлаад намынхандаа шүүмжлүүлж буй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүнд “УИХ-аар асуудлыг яаж хэлэлцэж, шийддэг талаар гишүүд, ялангуяа Д.Энхтүвшин та зөв ойлголттой болох ёстой. Дэгийн тухай болон бусад хууль, дүрэмтэйгээ сайн танилцаж байж асуудалд олон ургалч үзлээр хандаж байгаарай. Та төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт ирээгүй, байнгын хорооны хуралд оролцоогүй. Тэгчхээд дараа нь улс төр хийж байна. УИХ-ын гишүүн ажлын хэсэг, байнгын хороонд саналаа хэлж, хураалгадаг. Тэгээгүй байж нэг нь цагаан, бусад 125 нь хар мэт ойлголтыг нийгэмд өгч болохгүй. Хөндсөн асуудлыг байнгын хороо, ажлын хэсэг дээр яриад олонхоор шийдсэн тохиолдолд УИХ-ын шийдвэр болоод явдаг. Гэтэл дэмжиж санал өгсөн гишүүд буруутай мэт болгоод байвал парламентын үйл ажиллагаанд асуудал үүснэ” гэсэн юм. Түүний энэ үгэнд нэг үнэн зүйл байв. Д.Энхтүвшин бол энгийн иргэн биш, УИХ-ын гишүүн. Тиймээс гишүүний бүрэн эрх, энгийн иргэнд байдаггүй давуу талаа эдэлж, ажлын хэсэг, байнгын хорооны түвшинд зарчмын зөрүүтэй саналаа гарган, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нар шиг хураалгаад явах ёстой байв. Ингээд дэмжээгүй бол үгээ хэлж, шүүмжлэх нь үнэн харагдана. Харин УИХ-ын даргын “Ажлын хэсэг, байнгын хороогоор яриад шийдвэл УИХ-ын шийдвэр болно. Үүнтэй маргах хэрэггүй” гэх агуулгыг бүрэн хүлээн зөвшөөрөх аргагүй. УИХ буруу шийдвэр гаргасан бол залруулах нь үүн дотор байгаа эсрэг байр суурьтай гишүүдийн хийх ёстой ажлын нэг. Тэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. УИХ-ын дарга дэг тогтоогч болохоос гишүүдийн үзэл бодлыг зааварлах, хорих цагдах эрхгүй. Гишүүн Д.Энхтүвшин ч “Би ард түмний эрх ашгийг тэргүүнд тавих болохоос нэг бүлгийнхийг дагахгүй. Дуугарах зүйлдээ дуугарч, хамгаалахаа хамгаална” хэмээн хариулна лээ. Гишүүн Б.Энхбаяр мөн энэ талаар “Парламент бол олон ургалч үзэл, чөлөөт мэтгэлцээний талбар бүхий ард түмний төлөөллийн байгууллага. УИХ-ын дарга хуралдаан даргалагч болохоос гишүүдийн дарга нь биш. УИХ-ын гишүүдийг ийм хууль бич, санаачил, тийм хуульд битгий оролц гэх эрхтэй хүн биш юм. Одоо байгуулсан 60 гаруй ажлын хэсэг нь УИХ-ын үйл ажиллагаа, зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох байнгын хороодыг дотоодод нь хүчгүйдүүлэх, Засгийн газар болон парламентыг бодлогын зохиомол зөрчилд оруулах чиглэл рүү түлхэж байна. Надтай ярилгүй долоон ажлын хэсэгт оруулсан атлаа сүүлийн найман жил ярьж, судалгаа хийж, хуулийн төслийг нь боловсруулсан Төрийн өмч, төрийн өмчийн компаний реформын ажлын хэсэгт оруулдаггүй. УИХ бол нэг даргын тушаал, дохио зангаагаар ажилладаг байгууллага биш. Ард түмэн гэдэг ганц даргатай төлөөллийн дээд байгууллага юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна лээ.
Үнэмлэхүй олонхоор хэдэн парламент дараалан эрх барьж буй учраас МАН угшилтай УИХ-ын дарга нар эрх ямбаа андуурах гээд байдаг болсныг гишүүд нь ийнхүү дотроосоо сануулж эхэлжээ. Парламент асуудлыг олонхоороо шийддэг ч тэр хэсэг нь хуйвалдаад, хүчлээд эхэлбэл дарангуйлал тогтох том эрсдэл бий. Олонх нь дэмжсэн асуудалд эсрэг байр суурьтай гишүүн УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу зарчмын зөрүүтэй саналаа гарган хураалгаж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, протоколд тэмдэглүүлэх нь ардчиллын олон үзлийн нэг хэсэг. Мөн олонхоороо шийдэх нэрийн дор хуйвалдаанаа дэмжүүлж, үүндээ санал хураах үйл явцыг ашиглан будилуулаад байвал ардчиллын амин сүнс үгүй болно. Тиймээс хэн хэн нь хууль, дэг, эрх мэдлийн хязгаараа санаж явах ёстой аж.