Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн таван төслийн үр дүнтэй танилцлаа. Тус байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр Дархан-Уул аймагт төв цэвэрлэх байгууламж барьж, Улаанбаатараас-Дархан-Уул чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон шинэчилжээ. Мөн авто замд гарсан ан цавыг гагнан, нүхийг нь бөглөжээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцож байх үед жинг нь хэмжих боломжтой төхөөрөмжийг Монголд анх удаа суурилуулахаар ажиллаж буйгаа дээрх байгууллагынхан онцолж байв. Сэлэнгэ аймагт Нэгдсэн эмнэлгийнх нь цус, цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдал болон эмнэлгийн хог хаягдлын асуудлыг бүрэн шийджээ. Үүнээс гадна Микробиологийн лаборатори болон ариутгалын тасгийг нь орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглосон байна. Бас ногоо тарих сонирхолтой иргэдэд буцалтгүй тусламж олгож, хоршоолоход нь дэмжлэг үзүүлсэн аж. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр байгуулжээ. Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн таван төслийн ач холбогдол болон төсвийн талаар Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин “Азийн хөгжлийн банк Сэлэнгэ болон Дархан-Уул аймагт олон төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Улаанбаатараас Дархан-Уул чиглэлийн авто зам ч үүний нэг хэсэг юм. Мөн Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, 960 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад оруулсан. Сэлэнгэ аймагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах байр байгуулж, Нэгдсэн эмнэлэгт тодорхой хэмжээний хөрөнгө орууллаа. Нийт долоон төслийг хэрэгжүүлэхийн тулд 300 сая ам.долларын санхүүжилт олгосон. Үүний зэрэгцээ 11.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүллээ. Япон Улсын Засгийн газраас санхүүжүүлдэг, Азийн хөгжлийн банкны захиран зарцуулах тусгай сан бий. Үүний хүрээнд хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл болон гэр бүлийн хохирогчдыг хамгаалах түр байр барих ажлыг буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн” гэсэн юм.
БОХИР УСЫГ 98 ХУВЬ ЦЭВЭРШҮҮЛЖ БАЙНА
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Дархан-Уул аймгийн бохир усны менежментийг сайжруулах төслийн хүрээнд хоногт 24 мянган шоо метр бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай, шинэ төв цэвэрлэх байгууламжийг энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулжээ. Уг байгууламж нь бохир усыг 98 хувь хүртэл цэвэршүүлсний дараа Хараа гол руу цутгадаг юм байна. Мөн бохир усыг таван үе шаттайгаар цэвэршүүлдэг олон улсын ногоон стандартыг хэрэгжүүлж буй аж. Тус аймаг одоогоор 800-900 шоо метр бохир усыг төв цэвэрлэх байгууламжийнхаа тусламжтайгаар цэвэршүүлж байгаа гэнэ. Түүнчлэн эл байгууллагынхан лаг дахин боловсруулах, био хий гарган авах үйлдвэрийг ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ талаар “Дархан ус суваг” компанийн Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн инженер Ю.Эрдэнэжаргал “Лаг дахин боловсруулах, био хий гарган авах үйлдвэр ашиглалтад оруулснаар цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас гарсан хог хаягдлыг байгальд нийлүүлэхгүй болж, таагүй үнэр гардаг асуудал 100 хувь арилна гэсэн үг. Мөн лагаасаа био хий гарган авна. Ингэж гаргасан эрчим хүчээ цэвэрлэх байгууламждаа ч ашиглах боломжтой” гэсэн юм. Дархан-Уул аймгийн хуучин төв цэвэрлэх байгууламж нь хоногт 50 мянган шоо метр бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай байж. Гэвч энэ нь 106 мянга гаруй хүн амтай эл аймгийн хувьд хэт их хүчин чадалтай юм. Тиймээс ашиглалтад оруулсан цагаас нь хойш бүрэн хүчин чадлаар нь огт ашиглаж байгаагүй гэнэ. Мөн ашиглах хугацаа нь ч дуусаж, техник, технологийн хувьд шаардлага хангахгүй болсныг инженерүүд онцоллоо. Тиймээс Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэн, ашиглалтад оруулжээ. Үүнийг урт хугацаанд элэгдэл гэмтэлгүй, техникүүдийг нь хэвийн ажиллуулахад иргэдийн оролцоо нэн чухал болохыг тус байгууллагынхан хэлж байв. Учир нь цэвэрлэх байгууламжаар дамждаг бохир ус маш их хогтой байдаг аж. Нэг хоногт л гэхэд 1.5 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэх шаардлагатай болдог гэнэ. Энэ талаар “Дархан ус суваг” компанийн дэд захирал, ерөнхий инженер Т.Буяндэлгэр “Автомат “Эскада” системийн тусламжтайгаар бид дөрвөн километрийн зайнаас буюу компьютерынхоо цаанаас байгууламжаа удирдах боломжтой боллоо. Мөн цахилгааны аюулгүй байдлын гурав, мэдээллийн аюулгүй байдлын хоёр эх үүсвэртэй болсноороо онцлогтой. Ингэснээр ямар нэгэн байдлаар доголдол, асуудал үүсэхэд бид дараагийн эх үүсвэрээ ашиглаж, Дархан-Уул аймгийн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээнээс гарсан бохир усыг байгальд цэвэршүүлэхгүйгээр хаях эрсдэлээс зайлсхийх боломж бүрдсэн” гэв.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Одоогоор төслийн явц 98.5 хувьтай байна. Зөвхөн лагийн байгууламжуудыг турших ажил үлдсэн. Өнөөдөр байгаа хэрэгцээг гурав дахин нэмэгдүүлсэн ч энэ цэвэрлэх байгууламж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадна” гэсэн юм. Эл байгууллагынхны 98 хувь хүртэл цэвэршүүлсэн усыг цэвэр устай харьцуулахад бараг л ялгагдахгүй, ямар нэгэн тунадасгүй байсан юм.
ХҮҮХДҮҮДИЙН ОЛОНХ НЬ ҮЛ ХАЙХРАХ, БЭЛГИЙН БОЛОН БИЕ МАХБОДЫН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн дараагийн томоохон төсөл бол “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” юм. Эл төслийн хүрээнд нийт 4.24 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Үүний дөрвөн сая ам.долларыг цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сан, үлдсэн 0.24 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас мөнгөн бус хэлбэрээр санхүүжүүлжээ. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой уг төслийн хүрээнд хохирогчдыг түр хамгаалах байр тавыг барьсан аж. Мөн энэ төрлийн хүчирхийллийг даван туулагч 150 эмэгтэйд “Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах” хөтөлбөрөөр дамжуулан амьжиргаа залгуулах тоног төхөөрөмж өгч, ур чадвар олгох сургалтад хамруулсан байна. Эдгээрийн нэг болох Сэлэнгэ аймгийн түр хамгаалах байртай танилцлаа. Энэхүү бүс нь хойд хилтэй ойр, ОХУ-аас жуулчин олноор ирдгээрээ онцлогтой. Мөн архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэйгээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл цөөнгүй гардаг аж. Иймд аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх түр хамгаалах байрыг өнгөрсөн аравдугаар сард нийт долоон ор, 10 гаруй ажилтантайгаар ашиглалтад оруулжээ. Энэ он гарснаар тус түр хамгаалах байранд нийт 60 хүүхэд, 10 том хүн ирсэн байна. Түр хамгаалах байрны хаяг, мэдээлэл нууцлалын зэрэгтэй байдаг тул гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн хамгийн аюулгүй орчин болдог гэнэ.
Тус төвөөр үйлчлүүлсэн хүүхдүүдийн олонх нь үл хайхрах, бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байсныг мэргэжилтнүүд хэлсэн юм. Сэлэнгэ аймгийн түр хамгаалах байр өмнө нь зуны байшинтай, галладаг, орчин нөхцөл тааруу, нэг дор олон хүүхэд хүлээн авах боломжгүй байж. Харин өдгөө тэд ая тухтай орчинд, нэг дор долоон хүүхэд хүлээн авах боломжтой болжээ. Мөн галлах шаардлагагүй, паараар халдаг болсон байна. Эрх нь зөрчигдсөн хүүхдүүд энд 48 цаг байрлаж, түүнээс цааш дараа дараагийн шатны байгууллагуудад шилждэг юм байна. Тэнд түр байрлаж, хамгаалуулж, богино хугацаанд ч гэсэн амар тайван байдлыг мэдэрдэг хүүхэд цөөнгүй бий аж. Ер нь хүүхдийн болон халамжийн мөнгө буусан өдрүүдэд энэ төрлийн хүчирхийлэл нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ч.Анхтуяа “Хүүхдэдээ удаа дараа үл хайхрах хүчирхийлэл үйлддэг эх, эцэг цөөнгүй бий. Ахуйн хүрээнд архидаж, мансууран, улмаар хүүхдээ орхиод явчихдаг гэсэн үг. Ийм тохиолдолд бид шаардлагатай хариу арга хэмжээ авч, эцэг, эхийг нь эрүүл болгосны дараа тодорхой хэмжээнд сургалтад хамруулж, мэдээлэл өгчхөөд хүүхдийг гэр бүлд нь нэгтгэдэг. Гэвч ийм хүчирхийлэл олон удаа давтагдсан айл, өрх цөөнгүй байна” гэсэн юм.
Тус аймагт энэ он гарснаас хойш 717 гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ. Үүний 51 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэл аж. Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга П.Оюун “Манай үйл ажиллагааны зардалд орон нутгийн төсвөөс 120.1 сая төгрөг олгодог. Эл төвд зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна хүчирхийлэлд өртсөн өндөр настнууд ирэх тохиолдол ч бий гэнэ. Гэхдээ өндөр настнуудын хувьд хүчирхийлэлд өртөж буй, эсэхээ тэр бүр мэддэггүй. Хүчирхийлэгч нь ихэвчлэн өөрийнх нь хүүхэд байдаг. Тиймээс настнууд хүүхдээ хамгаалах нь бий гэв.
ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УРТ ХУГАЦААНД ХАДГАЛЖ, НӨӨЦЛӨХ БОЛОМЖТОЙ
Үүний дараа Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээр зочлов. Тус эмнэлгийнхэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цус, цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдал, эмнэлгийн хог, хаягдлын менежмент, халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг салбартаа тулгамддаг хэд хэдэн асуудлаа шийдвэрлэжээ. Тухайлбал, тус эмнэлгийн ариутгалын тоног төхөөрөмж ашиглалтын шаардлага хангадаггүй, бас нэг дор олон төхөөрөмж ариутгах боломжгүй байж. Үүнээс үүдэн яаралтай мэс заслын үед ариутгасан багаж нь хүлээгдэж, хугацаа алддаг байсныг эмч нар онцоллоо. Харин “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлснээс хойш буюу 2019 оноос ариутгалын бүх тоног төхөөрөмжөө шинэчилж, дурангийн мэс засал ч хийх боломж бүрджээ. Энэ талаар эмнэлгийн ариутгагч Ж.Чанцалсүрэн “Өмнө нь бид ОХУ-ын ариутгагч төхөөрөмж хэрэглэдэг байсан. Ингэхдээ 10 минут тутамд уураар, ариутгадаг байлаа. Үүний улмаас маш их цаг хугацаа алддаг байв” гэлээ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс өдөрт дунджаар 40-50 орчим килограмм хог хаягдал гардаг аж. Эмнэлгийн хог хаягдлаас хүнд олон төрлийн халдвар дамжих эрсдэлтэй. Тиймээс ангилан ялгаж, бутлан жижиглээд, дараа нь тусгайлан бэлдсэн цэгт булдаг болжээ. Хог хаягдлын мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Өмнө нь бид 1.5 тонн орчим хаягдлыг хогийн цэгт аваачин шатаадаг байлаа. Үүнээс маш их утаа гарч, таагүй үнэр тархдаг байсан. Харин өдгөө бид шатаахаа больж, тусгайлан ухсан нүхэнд, урьдчилж бэлтгэн буталсан хог хаягдлаа булдаг болсон” гэсэн юм.
Орон нутагт цус, цусан бүтээгдэхүүний нөөц хомс байдаг аж. Учир нь хадгалах, боловсруулах тоног төхөөрөмж дутагдалтай юм байна. Тиймээс тус аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цусны төвөө шинэчилжээ. Тэд өдгөө найман төрлийн цус, цусан бүтээгдэхүүн боловсруулан, урт хугацаанд хадгалж, нөөцлөх боломжтой болсон гэнэ. Мөн эл эмнэлгийнхэн Микробиологийн лабораторитой болж, тусламж, үйлчилгээгээ сайжруулсан ч ажиллах хүч дутагдалтай хэвээр байгааг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од онцоллоо. Тэрбээр “Эмч, мэргэжилтнүүд орон нутагт ажиллахаар ирэхэд хаана амьдрахаас эхлээд асуудал мундахгүй. Манай эмнэлгийн хувьд мэргэжлийн эмч нар дутагдалтай байна. Гэхдээ бид үүнийг бодлогын хүрээнд зохицуулах гэж хичээж буй. Тухайлбал, тэтгэвэртээ гарсан, туршлагатай эмч нарыг ажиллуулж байна” гэсэн юм. Одоогоор нийт хэдэн сувилагч ажилладаг, бас эмч нарын ачааллын талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Б.Мөнхцацрал “Сүүлийн таван жилд залуу боловсон хүчин бараг л ирсэнгүй. Жишээлбэл, өнгөрсөн жилд гэхэд хоёрхон сувилагч л шинээр ирсэн. Өдгөө 154 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж буй. Зарим үед нэг эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийх тохиолдол бий. Хүүхдийн тасагт одоогоор 38 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Асран хамгаалагчтайгаа нийлбэл энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ. Тэгэхээр энд ажилладаг эмч, сувилагч нарын ачаалал маш их гэсэн үг. Нэг хүүхдэд өдөрт дунджаар таван удаа тариа хийх шаардлагатай гэж бодоход сувилагчийн ачаалал хэр хүнд гэдэг нь харагдах байх. Гэхдээ хуулийнхаа дагуу хийсэн ажлынхаа хэрээр илүү цагийн цалин авч байна” гэсэн юм. “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд зөвхөн Сэлэнгэ бус, нийт найман аймгийн Нэгдсэн эмнэлгийн хог хаягдлын асуудлыг шийджээ. Мөн 20 эмнэлгийн Микробиологийн лаборатори, 36 эмнэлгийн Ариутгалын тасгийн чадавхыг сайжруулж, шинэ тоног төхөөрөмжөөр хангасан аж. Үүнээс гадна Улаанбаатар хот дахь Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийг бүрэн шинэчилж, 2019 онд магадлан итгэмжлэлд тэнцүүлсэн байна. Түүнчлэн аймаг, дүүрэг, томоохон сумууд дахь цусны 27 салбар төвийг шинэчилжээ.
“ШИНЭ СОРТЫН УЛААН ЛООЛИО “И-МАРТ” ХУДАЛДААНЫ ТӨВД НИЙЛҮҮЛДЭГ”
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ногоочдыг хоршоо байгуулахад нөлөөлжээ. Иргэд хоршоолж эхэлснээр амьдрал ахуй нь мэдэгдэхүйц сайжирч, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болсон аж. Тэд нэрийн бүтээгдэхүүн болох олон төрлийн жимсний чанамал, даршилсан ногоо зэргийг аймгийнхаа хэмжээнд борлуулдаг юм байна. Түүнчлэн шинэ сортын “Жимсүүхэй” нэрт улаан лоолио Улаанбаатар хот дахь “И-март” худалдааны төвд нийлүүлдэг гэнэ. Мөн уг төслийн хүрээнд дөрвөн улирлын хүлэмжтэй болсноо иргэд онцолж байв. Ингэснээр зөвхөн намрын улиралд бус, өвөл ч ургац хураах боломж бүрджээ. Ерөө сумын ногоочин Д.Тунгалаг “Анх 20-иулаа нийлэн ногоо тарьж эхэлсэн юм. Бид тогтсон хуваарьтай. Түүнийхээ дагуу арчилгаа, усалгаагаа ээлжлэн хийдэг. Би өрх толгойлсон, ганц бие ээж. Энэ төслийн үр шимээр амьдрал ахуйгаа хэн нэгний туслалцаагүйгээр өлхөн залгуулдаг боллоо. Мөн хамт олонтой болсон” гэсэн юм. Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах зорилготой төслийн хүрээнд зөвхөн Сэлэнгийн Ерөө сум бус, Увс, Дархан-Уул, Төв аймагт ч ногоо тарих сонирхолтой иргэдийн бүлэг бий болгожээ. Одоогоор нийт дөрвөн сумын 306 өрхийг хамруулсан байна.
У.ЦЭЦЭГСҮРЭН