Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. 2024-2028 онд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км үргэлжилнэ.
Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар “Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад бүтээн байгуулалт хийх хугацаа үндсэндээ 160-200 хоног байна. Метроны буудал угсрах, зам гүүрэн байгууламжуудыг барихад дээрх хугацаа шаардагдана. Тиймээс метрог газар дор байрлах дизайнаар явахаар болсон бөгөөд ойролцоогоор 25-35 метрийн гүнд метроны зорчилт хөдөлгөөн хийгдэнэ” гэв.
Түүнчлэн өртөөний тоог 14 байхаар төлөвлөсөн бөгөөд өртөө бүрд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг олгож буй юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчдийг өртөөний талбай дээр хөрөнгө оруулалт оруулах эрхийг нь нээж өгөхөөр ажиллаж байгааг тэрбээр онцолсон юм.
Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн, бодлогоор дэмжиж Туулын хурдны замын зүүн хэсэгт “Да хүрээ авто худалдааны төв”, баруун хэсэгт “Нарантуул худалдааны төв”-ийг байрлуулахаар төлөвлөж байгааг тодотголоо.
Түүнчлэн ирэх дөрвөн жилд BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэнэ. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгдсэн. Энхтайваны гүүрний зорчих хэсэг нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино. Иймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлах гэнэ.
Мөн хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нь нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах ажлыг хийж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэлийг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөсөн. Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа юм.