Урлаг судлаач, зураач Ж.Анунаран Хонконгийн “10 сhan¬cery lane” галерейд “Inner nature-return to innocence” нэртэй, бие даасан үзэсгэлэнгээ нээжээ. Энэхүү үзэсгэлэн нь байгаль, хүн хоорондын гүн хэлхээ холбоог тусгасан бүтээлүүдээс бүрдсэнээрээ онцлог бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 11-нийг дуустал олны хүртээл болгох аж. Ж.Анунаран нь хатгамал, даавууны аппликаци, акрил болон тосон будаг зэрэг олон төрлийн материал ашиглаж, орчин үеийн урлагийн төрлүүдээр бүтээл туурвидаг, манай улсын авьяаслаг, залуу уран бүтээлчдийн нэг юм.
Мөн түүнийг “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр танигдсан жүжигчин С.Пүрэвмаагийн охин гэдгийг урлагийн салбарынхан төдийгүй олон нийт андахгүй. “10 chancery lane” галерейн цахим хуудсанд “Ж.Анунаран бол орчин үеийн, олон талт авьяастай уран бүтээлч. Түүний бүтээлүүд байгальтай гүн гүнзгий холбоотой байдаг. Мөн тэр бидний дотоод мөн чанарыг ч маш сайн судалдаг. Уран бүтээлээрээ дамжуулан уламжлалт ойлголтыг сорьж, үзэгчдийг байгаль эхтэй дахин холбоо тогтоохыг ямагт уриалдаг” гэжээ.