Цагдаагийн байгууллага болон CU, GS25 сүлжээ дэлгүүрийнхэн хамтран “Соёл танаас эхэлнэ” аян өрнүүлж байгаа талаараа өчигдөр мэдээлэв. Энэ нь нийтийн соёл, ёс суртахууныг дээшлүүлж, хүмүүсийг илүү эелдэг, бусдад хүндэтгэлтэй ханддаг болохыг уриалах зорилготой аян аж. Аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд дээрх хоёр байгууллагын салбар дэлгүүрүүдээр дамжуулан олон нийтэд эерэг хандлагыг сурталчлах юм байна.
Нийгмийн бухимдал, стресс, хүн хоорондын харилцааны асуудлаас улбаалсан маргаан, зодоон зэрэг гэмт хэрэг энэ он гарснаас хойш 7690 бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 3.9 хувиар өссөн дүн аж. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор олон нийтэд эерэг байхыг уриалж буйгаа цагдаагийн байгууллагаас мэдээлэв.