Дэд сайдгүй ажиллах Ерөнхий сайдын санаачилга гурван сарын л хугацаатай байжээ. Уг нь хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа Л.Оюун-Эрдэнэ ийм албан тушаал хэрэггүй гэж мэдэгдэж, цомхон, чадварлаг төртэй ажиллах амлалт өгсөн юм. Тухайн үед “орлогч” сайд хэрэггүй гэдэг саналыг энгийн иргэд дэмжсэн бол МАН-ын болон АН, ХҮН намын цөөнгүй хүн эсэргүүцэж байв. Ялангуяа олонх болсон атлаа өөр хоёр намтай албан тушаалаа хуваасан нь “хоолгүй” үлдсэн МАН-ын гишүүдэд дээрх санал таалагдаагүй.
Хамтарсан Засгийн газар байгуулсан учир хуваах “бялуу”-ны хэмжээ их байх тусам хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд мэдэх нь дамжиггүй. Тэгвэл магад тэр үед олон нийтэд гоё харагдахын тулд түр зур дэд сайдгүй ажиллах тохиролцоо хийчихсэн байсан юм биш биз. Одоо өрнөж буй үйл явц ийн хардахад хүргэж байна. Бас цомхон харагдуулах гэж хичээгээд хэд хэдэн том салбарыг нэг яаманд нэгтгэсний гор ч гарч эхэлжээ.
ЗАРДЛАА ХЭДИЙН ШИЙДЧИХСЭН ҮҮ
УИХ-ын сонгуулиар МАН-ынхан цомхон төртэй байх амлалт өгсөн. Гэхдээ амлалт бол аргацаах хувилбар гэдгийг бид өнгөрсөн хэдхэн сард хангалттай харлаа. Улсын 2025 оны төсөв үүний тод баталгаа болов. Төсвийн зардлыг ДНБ-ий 20-25 хувиас хэтрүүлэхгүй байх тухай хамтарсан Засгийн газарт багтсан намуудын амлалт салхинд хийсчихсэн. Хэт өөдрөг төсөөлөл, өндөр зарлагатай төсвийг батлахтай зэрэгцээд тодотгол хийх сануулга өгсөн нь ховор тохиолдол байв. Ч.Номин сайдын багц дахь 18.3 тэрбум төгрөгөөр өсвөр насны хүүхдүүдэд соёлын үйлчилгээ үзүүлэх эрхийн бичиг олгох зардлын асуудалдолон нийт төвлөрч, маргалдаж байх зуурт араар нь өөр “ажил” ч өрнөжээ. Төрийн албан хаагчдын тоог бууруулах биш, нэмэх санал дотор нь орсныг хэлэлцүүлгийн явцад Ж.Баярмаа гишүүн хэлж байв. Тэгэхээр дэд сайд нарын цалин, үүнд шаардагдах зардлыг ирэх оны улсын төсөвт хэдийн “шингээчихсэн” байж ч мэдэх нь. Аливаа зардлын өнгийг хувиргаж батлахдаа манай улс төрчид мэргэшсэн. Олон нийт аливаа “но”-г нь бүр сүүлд мэддэг гэмтэй. Эсвэл ондоо багтаан оруулж ирэх тодотголоор уг асуудлаа шийдэж, баталгаажуулах хувилбар бас бий.
МАН олонх болсон атлаа дангаар бус, хамтарч Засгийн газраа байгуулсан учир зарим хүн албан тушаалгүй үлдсэн. АН, ХҮН намынхны дотор ч сайд, дэд сайдын албыг зүүдлэх хүн олон бий. Тиймээс хамтарсан Засгийн газарт багтсан намууд дэд сайдын албан тушаалыг буцаан авчрахаар тохирч, горилогчид ч хэдийн тодроод эхэлсэн гэнэ. Хамтарсан Засгийн газар 16 яам, 22 сайдтай. Ерөнхий сайд болон гурван Шадар сайд, Боомтын сэргэлт, Хяналт үнэлгээ, 20 минутын хот төслийн үндэсний хорооны сайд нар яамгүй. Тэгэхээр багадаа 16 дэд сайд томилох нь. Засгийн газар дэд сайдаа сэргээх тухай яриа энэ танхим байгуулахтай зэрэгцээд л гарсан гэхэд болно. Тэр үеэс эхэлсэн горилогчдын жагсаалт одоо улам л уртсаад байгаа сурагтай. Бүр нам намаас хэдэн дэд сайд байх, хэнийг томилох тухай нэрс цацагдаж эхэлжээ. УИХ-ын сонгуульд унасан, жагсаалтад бичигдээд урдуураа тасдуулсан, албан тушаалын тохироотой, горьдсон, гомдсон хүмүүсээс намууд хуваарилалтад оруулах биз. Эл Засгийн газарт МАН 12, АН найм, ХҮН хоёр сайдтай. Тиймээс уг харьцаагаа дэд сайдын албан тушаалд хадгалах болов уу.
УХУУЛАХ АЖИЛЛАГАА
Дэд сайд хэрэгтэй гэсэн ухуулгыг сайд нар нь хийгээд эхэлжээ. Том салбарт ганц сайд хаанаа ч хүрэлцэхгүй байгаа гэнэ. Хурал цуглаанд суухаар биеэ хувааж дийлэхгүй, гадаад орноос дэд сайдын түвшний айлчлал хийхэд Төрийн нарийн бичгийн дарга нь жижигдээд, сайд нь томдоод байгаа бололтой юм. Ер нь л ажлаа дийлэхгүй, “ядраад” байгаа аж. Сайд нар иймэрхүү тайлбар хэлж эхэлжээ. Тухайлбал, үндсэн чиг үүргийн яамдын нэг болох Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Дэд сайд хэрэггүй гээд цомхотгосон. Гэвч ний нуугүй хэлэхэд үндсэн чиг үүргийн яамдад дэд сайд хэрэгтэй байна. Зарим оронд Гадаад харилцааны 4-5 ч дэд сайд ажилладаг шүү дээ. Манай яамны хувьд авлигын эсрэг, хүний эрхийн зэрэг хэд хэдэн багц хуулийн төслийг боловсруулж байна. 20 гаруй ажлын хэсэг байгуулсан. Эдгээр ажлын хэсгийг ахлуулах, дэд сайдын түвшинд уулзалт хийх хэрэгцээ гардаг” хэмээн ярьжээ. Боловсролын сайд П.Наранбаяр нэлээд бөөрөнхий тайлбар өгсөн байна. Тэрбээр “Манай яам 108 ажилтантай. 2400 гаруй боловсролын байгууллага, 1.2 сая оюутанд хүрч ажиллах ёстой, том бүтэц. Тэгэхээр өөрийн биеэр бүх зүйлд хүрэлцэхгүй тохиолдол гарч байна. Дэд сайдтай болгох, эсэх шийдвэрийг би гаргахгүй, юу болохыг харж байя” гэжээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нар ч дээрх агуулгаар дэд сайдтай болохыг дэмжиж буй аж.
Зарим салбарын тухайд дээрх сайд нарын яриа үнэний ортой байж болно. Цомхон болгох нэрээр тусдаа олон том салбарыг нэгтгэчихсэн, нэмээд чадвар, туршлага бага хүнийг сайдаар томилчихсон дутагдал байгаа нь нууц биш. Тэд нар нь ажлаа дийлэхгүй, эсвэл чадахгүй байна. Жишээлбэл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хэмээх яам байгуулсан. Аялал жуулчлалын салбарыг голдуу байгаль орчны сайдын хариуцах ажилд багтааж явдаг байсан бол энэ удаа ийнхүү өөрчилсөн юм. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд хэмээх дөрвөн том салбарыг нэгтгэсэн ийм яамдад ядаж нэг “туслах” дэд сайд хэрэгтэй болж буй аж.
МОРДОХЫН ХАЗГАЙ
Дэд сайд томилох зайлшгүй, бодит шаардлага манай улсад бий юү. Өөр эрх ашиг бүхий намууд хамтарч ажиллахад “бялуу” хуваарилах зарчим үр дүнгээ өгдөг. Гэвч гурван сарын дараа л энэ зарчмаа сэргээх байсан юм бол анхнаасаа жүжиг тоглох хэрэггүй байж. Дэд сайдгүй ажиллана, цомхон баг бүрдүүлнэ гэх мэтээр “тайвшруулах” арга илүү байсан гэсэн үг. Яг одоо байгаа Засгийн газрын бүтэц, томилчихсон сайд нарынх нь чадварын хувьд авч үзвэл зарим салбарт дэд сайд хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Гэвч анхнаасаа бүх ажлаа тооцоо, судалгаанд суурилж хийгээгүй, танил тал, эрх ашиг харж томилгоо хийснийх нь гор л гарч байна.
Засгийн газрын бүтцийг байгуулахдаа бие даасан олон салбарыг нэгтгээгүй, ядаж үүндээ чадварлаг, туршлагатай сайд томилсон бол өнөөдөр “ядарлаа” гэж гоншигнохгүй байв. Бас дэд сайд томилохгүй бол ачааллаа дийлэхгүй нь гэж гомдоллох хэрэг ч гарахгүй. Тэгэхээр хамтарсан Засгийн газар бүтцээ зурахаас эхлээд л алдаж, мордохын хазгай болсон байна. Одоо дэд сайд томилох замаар энэ алдаагаа залруулж, мөн албан тушаал горилсон хүмүүсийнхээ шуналыг дарж аргацаан, нэг сумаар хоёр туулай буудах оролдлого хийх нь.
Үйл ажиллагааны хөтөлбөрөө баталснаас хойш тоолж буй 100 хоног нь болохоос өмнө хамтарсан Засгийн газар нэлээд юм үзэх бололтой. Улсын 2025 оны төсөвтэй холбоотойгоор байр суурь нь нэг ганхсан. Үрэлгэн зардлаас 3.9 их наяд төгрөг танахыг шаардсан гишүүдийн санал, иргэдийн эсэргүүцлийг “Ондоо багтаан тодотгол оруулж ирээд засна” хэмээн нэг удаа аргацаалаа. Төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй байх амлалтаа зөрчиж, 40 рүү дөхүүлээд батлуулчихсан. Одоо цомхон төр байгуулах амлалтаа ээлжит удаа зөрчиж, дэд сайдын албыг сэргээхээр бэлдэж байна. Амлалт гэдэг үгийг үнэгүйдүүлж яваа Засгийн газар удахгүй аргацаасан бүхнийхээ горыг бүрэлдэхүүнээрээ амсаж мэднэ. Анхнаасаа буруу зурагдсан бүтэц, өнгөцхөн суурьтай хамтарсан Засгийн газрыг урт наслахгүй гэсэн таамаг дэмий ч нэг гараагүй байх.