Тайванийн Тайпэйд энэ сарын 22-26-нд зохион байгуулах олон улсын танхимын олс таталтын тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн (Зэвсэгт хүчний 032 дугаар анги болон “Тэс” клуб), эмэгтэйчүүдийн (“Аварга” дээд сургууль) шигшээ багийнхан оролцохоор бэлтгэл базааж буй. ХБНГУ-ын Манхэйм хотод өнгөрсөн есдүгээр сард болсон олс таталтын гадна талбайн ДАШТ-д дасгалжуулагч Б.Баттулга, Б.Болормаа нарын удирдлагад Багануур дүүргийн “Уурхайчин” багийнхан эх орноо төлөөлж, 26 орны 204 багийн 1900 тамирчинтай өрсөлдсөн билээ.
Монголоос өмнө нь Э.Өлзий-Орших дасгалжуулагчтай Налайх дүүргийн “Тэс” клубийнхэн ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон олон улсын тэмцээнд хүч сорьсон. Эрэгтэйчүүд 640 кг-д мөнгө, багийн 680 кг-д хүрэл, холимог ангилалд тэргүүлж, алтан медальтай ирсэн юм. Тэгвэл БНХАУ-ын Жэжян мужид өнгөрсөн зургаадугаар сард болсон олон улсын тэмцээнд Багануур дүүргийн Б.Баттулга дасгалжуулагчийн удирдлагад оролцсон эрэгтэйчүүдийн баг 640 кг-д мөнгө, эмэгтэйчүүд 500 кг-д аваргын цом гардаж байв.