Цагаан ордны аппаратыг удирдах анхны эмэгтэй Дональд Трамп хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллахад буюу улс төрд эргэн ирэх үйлсийнх нь “архитектор” болсон Сьюзи Уайлс гэдэг эмэгтэй Цагаан ордны аппаратыг удирдах нь. Түүнийг далдуур нөлөөлөх, нууцаар шийдвэр гаргахад зориулагдсан “айхавтар хүч” хэмээн хэвлэл мэдээллийнхэн нэрлэж байна. Уайлс Ерөнхийлөгчийн хамгийн итгэлтэй зөвлөх байх болно. Америкийн түүхэнд ийм албыг хаших анхны эмэгтэй болж байгаа юм. CNN-ий тэмдэглэснээр өнгөц харахад тэрбээр энэ түүхэн томилолтод огт тохирохгүй хүн аж. Олны өмнө Уайлс нүдний шилтэй байхыг илүүд үздэг, хүмүүстэй ярилцахдаа ч түүнийгээ авдаггүй. “Сьюзи бол чанга хатуу, ухаалаг эмэгтэй, түүнийг бүгд хүндэлнэ, түүгээр бахархана. Америкийг дахин агуу болгохын тулд тэр эцэж цуцалгүй ажиллана. Тэр далд байх дуртай” гэж Трамп хэлээд, Уэст-Палм-Бичэд ялалтаа тэмдэглэх үеэрээ түүнийг олон түмэнд хандахыг хүсэхэд татгалзаад, дуу чангаруулагчийг сонгуулийн кампанийн менежерээр ажилласан Крис ЛаСивитэд өгсөн байна. “Ер бусын төлөв даруу, гойд чимээ аниргүй ч Уайлс нэр хүндтэй, туйлын эелдэг, хүндэтгэм, бас айдас төрүүлэм. Трампын ертөнц дэх эсрэг, тэсрэг хоёр чанарын хүчирхэг зохицол” гэж CNN бичсэн байх юм. Улс төрчтэй хамтран ажиллаад амжилт олж буй нь аливаад тэнцвэртэй ханддагтай нь холбоотой. Саад хийх оролдлогыг тэвчдэггүй, хэзээ няцаалт, цохилт өгөхөө сайн мэддэг гэж ойрын хүмүүс нь түүнийг тодорхойлдог аж. Трамп түүнийг “мөсөн хүүхэн” гэж хочилдог юм гэнэ лээ. “Сьюзи ойр орчмынхоо бүх хүний сэтгэлд нийцнэ, бас үл нийцнэ. “Хүмүүс түүнийг төвөг учруулдаггүй гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөггүй” гэж Трампын багт ажиллаж байсан Майкл Капуто 2022 онд телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байдаг.
Уайлс АН-ын олон хүнтэй ойр дотно харилцаатай байдаг, хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллахаас ер цааргалдаггүйг нь хүмүүс мэддэг. Тэрбээр Колумби тойрогт олон жил лоббичоор ажиллахдаа Засгийн газрын ажлын дотоод механизмыг нэгд нэгэнгүй судалж амжжээ. Засгийн газрын үйл ажиллагааг хянаж байдаг, ашгийн төлөө бус “Open secrets”байгууллагаас гаргасан баримтаар бол Уайлс 2023 онд тамхи үйлдвэрлэдэг “Swisher international” компанийн “Mercury” гэдэг охин компанийг нь төлөөлж байжээ. Мөнгө хөрөнгө цуглуулах ажил эрхэлж байсан Трампын хүмүүстэй нягт холбоотой “Ballard рartners” гэдэг фирмд Уайлс урьд нь ажиллаж байсан аж. Түүний захиалагчдын дунд автомашин үйлдвэрлэдэг “General motors”, батлан хамгаалах салбарын “Total military manage-ment” болон эрчим хүчний салбарынхны ашиг сонирхлыг хамгаалагч бүлэг, хүүхдийн эмнэлгийн холбоо байжээ. “Хамгийн дэг журамтай, стратегийн хувьд сайн бодож төлөвлөсөн” гэж үзэж буй Трампын сонгуулийн гурав дахь кампанит ажлыг Уайлс удирдсан юм. Уг ажлын ихэнх хэсэгт Уайлс Трампын хувийн онгоцны нислэгийн хуудсыг хянах чухал хэрнээ үнэ хүндгүй үүрэг гүйцэтгэж, Ерөнхийлөгч асан татгалзаагүй тохиолдолд “манаач”-ийн зиндаанд ч олон удаа очиж байв. Тэгэхдээ Трампад ойр эх сурвалжийн үгээр бол энэ үүргийг хэрэгжүүлэхийн өмнө Уайлс урьд нь Цагаан ордны аппаратын удирдагчаар ажиллаж байсан хүмүүсээс илүү эрх дархтай байж.
Трамп Ерөнхийлөгчөөр ажилласан эхний бүрэн эрхийн хугацаанд штабын дарга нар нь төвөг бэрхшээлтэй нэлээд тулгарсан. Энэ нь албан ёсныбус зөвлөхүүд, гэр бүлийн гишүүд болон нөлөө бүхий бусад хүн Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахын төлөө тэмцдэг байсантай холбоотой. Трамп уулзаж ярилцсан сүүлчийн хүнийхээ нөлөөнд автамхай нь түүний ойрын хүрээллийнхний сайн мэддэг онцлог юм. Урьдах засаглалын үедээ Трамп Цагаан ордны Тамгын газрын даргаа дөрвөн удаа сольсон. Хамгийн удаан тэссэн Жон Келли л гэхэд ердөө 17 сар ажилласан байдаг. Трампын үед энэ албыг анх хашсан Райнс Прибус түрүү үеийн засаг захиргаанд нь байсан эмх замбараагүй байдлын тухайд нэгэнтээ “Сонссон бүхнээ 50-иар үржүүлээд төсөөл” гэж хэлсэн байдаг. Трамптай нэг бус удаа “тулалдсан”-ы эцэст халагдсандаа урам нь хугарсан Келли хожим нь сэтгүүлчийн асуултад хариулахдаа Ерөнхийлөгчийг “фашист” гэж нэрлэж байжээ. Түүний халааг авсан Мик Малвани сүүлчийн кампанит ажлын үед Трампыг дэмжихээс татгалзсан байна. Ерөнхийлөгч асан нууц баримт бичгүүдэд хэрхэн хандаж, 2020 оны сонгуулийн дүнг цуцлуулахыг оролдож байсан асуудлыг тусгай прокурор мөрдөн шалгах явцад Холбооны шүүхийн шүүгчдэд мэдүүлэг өгөх үүрэг Марк Медоузад оногджээ. Тэрбээр Трампыг Ерөнхийлөгч байхад Цагаан ордны Тамгын газрын сүүлчийн даргаар ажиллаж байсан юм. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитоли руу дайрсан хэргийг мөрдөн шалгасан Төлөөлөгчдийн танхимын комисс Медоузыг шүүхэд хүндэтгэлгүй хандаж, дуудахад ирээгүйнх нь төлөө буруутгахаар санал хураасан. Гэвч Хууль зүйн яам ийм үйлдэл хийхээс татгалзсан байна. Сьюзи Уайлс нь спортын тайлбарлагч асан Пэт Саммероллын охин юм. Аавынхаа анд нөхөр байсан, “New York giants”багийн тоглогч, БНН-ын гишүүн Жек Кемпийн туслахаар ажиллаж анх улс төрд орж иржээ.
Хожим нь Рональд Рейганы Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид ажиллаж, улмаар түүнийг даган Цагаан ордонд хөл тавив. Тэрбээр хэд хэдэн хотын захирагчид зөвлөгөө өгч, Жексонвиллд ийм ажил эрхэлдэг фирм байгуулав. Олонд танигдаагүй бизнесмен Рикк Скоттыг 2010 онд Флорида мужийн амбан захирагчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн. Юта мужийн захирагч байсан Жон Хантстмений Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг богино хугацаанд удирдаж, түүнийг өрсөлдөөнөөс гарахад нь Митт Ромнийг дэмжиж байжээ. Уайлс 2015 онд Манхэттен дэх өргөөнд нь Трамптай танилцсан байна. Уг уулзалтыг тухайн үед өөрийнх нь лоббичин, хөрөнгө цуглуулагч Брайн Баллард зохион байгуулсан байна. Трампын сонгуулийн өмнөх штабтай Уайлс хамтарч ажиллахаар болоход БНН-ын урьдчилсан санал хураалтад Флорида мужийн уугуул Жеб Буш, Марк Рубио нарыг дэмжсэн эндхийн улс төрийн дээд зиндааныхны нүд орой дээрээ гарсан гэдэг. Трампын зан араншингийн тогтворгүй, тавтиргүй гэмээр байдал нь Уайлсын ажил мэргэжлийн хэв маягтай тэр болгон таардаггүй аж. 2016 оны өрсөлдөөний сүүлч рүү шөнө орой болсон нэг зөвлөгөөний үеэр Трамп Флорида мужид явуулсан санал асуулгаар ялагдахаар үр дүнтэй байгаад Уайлсыг буруутгажээ. Тэгэхэд Уайлс ажлаа орхиод явах талаар бодсон байна. “Түүний үгээрбол хэзээ ч Уайлстай ийм өнгө аясаар ярьж байсангүй” гэж 2022 онд нэгэн эх сурвалж сэтгүүлчид ярьж байжээ. Гэтэл Флорида мужид Трамп ялж, уг ялалт Уайлсын нэр хүндийг ихэд өргөсөн. Хоёр жилийн дараа Флорида мужийн амбан захирагчийн суудалд өрсөлдүүлсэн Рон ДеСантисын кампани нурдгийн даваан дээр очоод байхад нь Трамп Уайлсыг тийш нь явуулав. Ингээд бага зөрүүгээр ч гэсэн ДеСантис ялжээ. Гэвч ДеСантес эцсийн эцэст Уайлсд итгэхээ байж, 2019 онд түүнийг Флорида мужийн захирагчийн хүрээллээс шахан гаргасан. Түүнчлэн Трампыг ч мөн Уайлст ингэж хандахыг уриалсан байна. Трамп ч түүний үгэнд орж Уайлсыг багаасаа явуулжээ. Гэлээ ч Флорида мужид байр сууриа алдахаас айсан Трамп түүнийг багтаа эргүүлж авсан байна. Ингэхдээ тухайн мужид хэрэгтэй гэж үзсэн арга барилаараа кампанит ажлыг өөрийн дураар явуулах хязгааргүй эрх олгов. Сүүлийн саруудад Уайлс улс төрийн стратегич Жеймс Блэртэй хамтран Трампыг дэмжигчдийн эгнээг тэлэхэд анхаарлаа хандуулав. Энэ шинэ стратегиэ тэд санал нь савладаг бүх мужид хэрэглэж, Трампыг эргэлзээгүй ялахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Сонгуулийн өмнөх өрсөлдөөний туршид Уайлс нэр дэвшигчийн хажууд, тэгэхдээ олны хараанд өртөхгүй байж чаджээ. Флорида мужаас Сенатад сонгогдсон Марко Рубио нийгмийн сүлжээнд “Ерөнхийлөгч Трамп хүчтэй, ухаантай эмэгтэйг Тамгын газрынхаа даргаар сонгож авчээ” хэмээн бичсэн байна.