Боловсролын ерөнхий хуулийн төсөл дэх “Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн заалттай холбоотой олныг хамарсан маргаан, мэтгэлцээн өнгөрсөн оны хавар нийгмийн сүлжээнд ид өрнөж байхад БШУЯ (хуучнаар)-ныхан “Хуульд юу гэж тусгахаас үл хамааран цаашид сурагчдад III ангиас нь англи хэлний хичээл заана” хэмээн мэдэгдэж байв. Боловсролын багц хуулийн хүрээнд хийхээр төлөвлөсөн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн дагуу салбарын яам “Pearson” хэмээх олон улсын англи хэлний хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулахаар гадаад, дотоодын холбогдох байгууллагынхантай хамтран ажиллаж байгааг сайд асан Л.Энх-Амгалан тухайн үед мэдээлсэн. Түүнийг ийнхүү олон нийтэд мэдээлэх үед, цахим орчинд англи хэлтэй холбоотой өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөж байх цаг дор салбарын яамныхан дээрх олон улсын хөтөлбөр нэвтрүүлэх бэлтгэл ажил, туршилтаа хэдийн эхлүүлчихсэн байлаа.
Тодруулбал, өнгөрсөн оны 1-6 дугаар сард “Pearson” хөтөлбөрийг хот, хөдөөгийн 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлэн, дунд ангийн 30 мянга орчим сурагчдад үүний дагуу англи хэл заасан. Тус хугацаанд 120 сургагч багш бэлтгэж, 1600 хүнийг олон улсын англи хэлний заах арга зүйн сургалтад хамруулсан юм. Улмаар энэ нөөц боломждоо үндэслэн 2023-2024 оны хичээлийн жилд V-VI ангийн 140 мянган сурагчид эл хөтөлбөрөөр хичээл заасан. Харин 2024-2025 оны хичээлийн жилд энэхүү туршилтаа өргөжүүлж, нийслэл, орон нутаг дахь төрийн өмчийн 100 сургуулийн III-IV, VII-VIII ангийн сурагчдыг олон улсын хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэж, өдгөө үүнийгээ хэрэгжүүлж байгаа билээ. Үндсэндээ одоогийн байдлаар манай улс дахь ерөнхий боловсролын сургуулиудын 11.4 хувьд нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй гэсэн үг. Ирэх хичээлийн жилээс эхлээд үүнийг үндэсний хэмжээнд буюу III-IX ангийн сургалтын хөтөлбөрт бүрэн тусгаж, нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Боловсролын яамныхан хэллээ. Тэгвэл үүнээс өмнө бид юунд анхаарах ёстой вэ.
“Pearson” хөтөлбөрийг дунд ангид хэрэгжүүлсэн туршилтууд харьцангуй нам жим, элдэв хэл ам, шүүмжлэлээс хол байсан гэхэд болно. Тэгвэл III анги буюу найман настнуудад зааж буй хичээлийн агуулга, арга барилд эцэг, эхчүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Тэд “Хичээлүүд нь маш шахуу хөтөлбөртэй, замбараагүй, нэгдсэн стандартгүй, багш нарынх нь ур чадвар муу” гэсэн нийтлэг шүүмжлэлийг хэлэх боллоо. III ангийн нэгэн сурагчийн ээж “Англи хэлний хичээлийг сурагчдад бага ангиас нь заах шийдвэрийг би эхнээс нь дэмжсэн. Хүүхдүүд цахим контентоос олж авсан суурь мэдлэгээ бататгаж, англи хэлийг цэгцтэй, зөв аргаар сурах нь гэж баярлаж хүлээж авсан юм. Гэтэл хичээл нь санасан хэмжээнд үр дүнтэй, цэгцтэй биш байна. Үг, үсэг хуулуулж бичүүлээд, голдуу унших дасгал хийлгэдэг бололтой. Хэл сурахад дөрвөн үндсэн чадвар чухал гэж үздэг. Үүнд унших, бичих, сонсож ойлгох, ярих зэрэг багтдаг юм билээ. Орчин цагийн хүүхдүүд цахим хэрэглээний нөлөөгөөр бүгд шахам англиар ярьж, ойлголцдог болсон. Гэхдээ дүрмийн алдаа маш их гаргадаг. Бичих чадвар нь хамгийн сул. Уншиж чадаж байгаа үгээ үсэглэх болохоороо гацчихдаг. Англи хэлний авиа зүй, дүрмийн хичээлийг эхнээс нь ном ёсны дагуу заалгалгүй, өөрсдөө бие дааж сурсан учраас ийм байхаас ч аргагүй. Харин энэ алдааг эрт үед нь системтэй сургалтаар засах боломжтой. Харамсалтай нь, ийм түвшинд хичээл зааж чадахгүй байна” гэсэн юм. Харин багш мэргэжилтэй өөр нэг нь “Англи хэлний хичээл орохоор болсныг сонсоод хүү минь жигтэйхэн баярласан. Өөрийнх нь үздэг зүйлс шиг сонирхолтой байна гэж бодож л дээ. Гэтэл эсрэгээр нь болсон. Одоо хамгийн дургүй, даалгаврыг нь хийхээс дөлдөг хичээл нь англи хэл. Мэдээж нэг ангийн 35 хүүхдийн гадаад хэлний мэдлэг чадвар харилцан адилгүй түвшинд байгаа. Англиар маш сайн ойлгодог, өөрийгөө илэрхийлдэг хүүхэд байхад 26 үсгээ дөнгөж сурсан, богино үг уншдаг, өгүүлбэр хэлдэг нь ч бий. Тиймээс хэнийг ч үлдээхгүй, ялгаварлахгүй байх зарчим баримталж, хичээлээ анхан шатнаас нь хүртээмжтэй, цэгцтэй заах ёстой. Үсгээс цаадхыг “үзчихсэн” хүүхдүүдийн сонирхлыг унтраахгүй байх нь ч чухал. Энэ ялгаатай байдлаас болоод эцэг, эхчүүдийн дунд зөрчилдөөн үүссэн тохиолдол ч бий” хэмээв.
Бас нэг ээж нүүр хуудсандаа “Энэ жилээс улсын сургуульд III ангиас англи хэл зааж эхэлсэн юм. Багш нар нь заах арга зүй муутай юм уу, эсвэл нэг ангид ногдох хүүхдийн тоо олон учраас сурагчидтайгаа тулж ажиллаж чадахгүй байна уу, бичмэл, дармал үсэг хольсон, буруу, зөрүү хуулж бичсэн холион бантан л болж. I ангид цагаан толгойн үсгийг яаж заадаг билээ дээ. Ядаж түүн шиг зугуухан, үсгээ нэг нэгээр нь таниулсан, стандарт хөтөлбөрөөр хичээл заах хэрэгтэй. Үсгээ бөөнд нь угсруулж заагаад, араас нь баахан үг, өгүүлбэрээр шахаад байхаар хүүхдүүд учраа олохгүй юм. Ямар ч зүйлийн суурийг зөв тавих нь чухал” хэмээн бичсэнтэй олон эцэг, эх санал нэгдэж буйгаа илэрхийлжээ. Хөтөлбөрийн хичээлүүд шахуу, сурагчдад авиа, өгүүлбэр зүйн хичээлээ тогтож үзэх, ой тойндоо буутал ойлгох завдал өгөхгүй байгаа талаар ч “гомдол” цөөнгүй харагдав.
Боловсролын яамныхан “Pearson” хөтөлбөрийн гол онцлогийг “Орчин үеийн дэвшилт технологид суурилсан агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ, аргачлал бүхий сургалтын цогц платформ. Дэлхийн 200 гаруй улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлсэн тэргүүлэх компанийн хэрэгжүүлдэг хөтөлбөр. Цахим болон танхимын сургалтыг хослуулан ашигладаг, олон улсын жишгийн дагуу боловсруулсан агуулгатай, багшийн хөгжил болон заах арга зүйг дэмжих, ачааллыг бууруулах, сурагчдын сурлагын ахиц дэвшлийг үнэлэх боловсронгуй аргачлалтай” гэж тодотгосон юм. Нэг ёсондоо ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад англи хэлний хичээлийг олон улсын стандартын дагуу шинэлэг арга барилаар, системтэйгээр заадаг нь эл хөтөлбөрийн гол онцлог гэж сурталчилсан. Харамсалтай нь, бодит байдалд энэ бүх сайн сайхан тодотгол хэрэгжихгүй байгаа бололтой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгдэхүүн, сурах бичиг (“Rise and shine”)-ийг ашиглан хичээл зааж буй гэх ч сурагчдад шаардлагатай мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх арга барил нь хоцрогдмол, нэгдсэн стандарт, аргачлалгүй гэж шүүүмжлэх хүн ч олон.
Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтын тухайд бид дэлхий нийтийн жишгээс нэлээд гажуу, тойруу замаар явж ирсэн. Олон улсын хөтөлбөртэй, гүнзгийрүүлсэн сургалттай, голдуу гадаад багш нараар хичээл заалгадаг хувийн сургуулийн сурагчдын хэлний мэдлэг, ур чадвар зэгсэн сайн. “Pearson” хөтөлбөрийг нутагшуулаад удаж буй сургуулиуд ч бий. Харин улсын сургуулиудынх нийтлэгээрээ дунд, тааруу. Хөтөлбөрийн чанар, нэгж хичээлд ногдох хугацаа, багшийн ур чадвар, заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Олон улсын байгууллагуудаас гаргадаг “Англи хэлний ур чадварын индекс”-ээр монголчууд байнга сүүл мушгиж ирсэн. Гэтэл нөгөө талд нь англи хэлний хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Гадаад хэл болон технологийн суурь мэдлэг гэдэг зүйл орчин цагийнхны, ялангуяа мэргэжилтэй боловсон хүчний хувьд ердийн хэрэглэгдэхүүн, эзэмшвэл зохих суурь ур чадварт тооцогдох болсон. Өөрөөр хэлбэл, бид хэчнээн үндэсний үзэл, хэл соёлын дархлаа ярьж үүнийг үгүйсгээд нэмэргүй, дэлхий нийтийн жишгийг дагахаас аргагүй. Хөтөлбөрөө шинэчилж, сургалтын чанараа сайжруулан, шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох чиглэлд анхаарахаас өөр замгүй. Яг ийм хэрэгцээ хоолойд тулсан, урагшлах уу, ухрах уу гэдэг сонголтын өмнө очсон үед англи хэлний олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан нь сайшаалтай. Гэхдээ анхаарах, өөрчлөх зүйл бишгүй байгааг эцэг, эхчүүдийн шүүмжлэл, сүүлийн үед цахим орчинд өрнөж буй “хэлэлцүүлэг”-ээс харж болно.
Боловсролын ерөнхий газрынхан “Pearson” хөтөлбөрийг туршилтын шугамаар хэрэгжүүлж буй. Хичээлийн агуулгыг чанаржуулах, багшлах боловсон хүчний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр шинэчлэл, сайжруулалт тасралтгүй хийнэ. Одоо ч сургалт зохион байгуулж байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх сургуулиудыг сонгохдоо нийгмийн дэд бүтэц, сургалтын орчин нөхцөлийг харгалзан янз бүрийн түвшнийхийг төлөөлөл болгон хамруулсан. Ингэхдээ бүгдэд нь гарааны үнэлгээ хийж, сурагчдаас нь түвшин тогтоох шалгалт авсан. Хичээлийн жилийн төгсгөлд, хөтөлбөр хэрэгжүүлсний дараа үүнийг дахин авна. Хөтөлбөрийн үр дүнг сайжруулах үнэлгээг ийм байдлаар тогтмол хийж, алдаа дутагдлаа цаг алдалгүй засаж залруулж байгаа” гэсэн юм. Тус хөтөлбөрийг хамгийн анх 38 сургуульд хэрэгжүүлэхдээ сурагчдаас нь түвшин тогтоох шалгалт авчээ. Ингэхэд суурь үнэлгээ нь 29.3 хувьтай гарч. Харин хэрэгжүүлсний дараах шалгалтаар энэ нь 47.4 хувь болж өссөн гэнэ. Одоо үүний дагуу хичээл үзэж байгаа бага, дунд ангийнхнаас ч тодорхой хугацааны дараа ийм шалгалт авах нь. Тэр үед ямар хэмжээний өөрчлөлт, ахиц дэвшил гарахыг одоо таамаглах аргагүй. Гэхдээ эхлэн суралцагчдын түвшинд буюу бага ангийнханд, тэдний эцэг, эхчүүдэд энэ хөтөлбөр “гологдож” байна гэхээр анхаарах зүйл бий л гэсэн үг.
“Pearson” хөтөлбөрөөр хичээллэж байгаа сурагчдаас III ангийнхныг онцлон ярьж буй нь учиртай. Бүх монгол хүүхэд цаашдаа энэ наснаасаа гадаад хэлийг нэгдсэн байдлаар үзэж эхэлнэ. Англи хэлийг академик түвшинд, системтэйгээр хэр амжилттай сурах вэ гэдэг үндэс суурийг энэ үеэс нь тавих юм. Тиймээс бид үүнд хариуцлагатай хандах ёстой. Анхаарал удаан төвлөрөх чөлөө завдал олголгүй эрээн мяраан дүрсээр “бөмбөгддөг” контент, хар ярианы голдуу өгүүлбэрээр харилцдаг “Youtube”-ийн англи хэлнээс илүүг бид хүүхэд багачууддаа заах ёстой юм. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад шинэ хөтөлбөр нэвтрүүлэх ажлыг хариуцаж байгаа боловсролын байгууллагынхан англи хэлний хичээлийн агуулга, чанар, заах арга зүйд анхаарсан шиг анхаарах шаардлагатай байна.
Н.Мишээл