“Цагаан зээрийн янзага”. Энэ бол бидний дунд энгийн амьдарч, эгэлгүй гавьяаг бүтээж яваа Хөнгөн атлетикийн Ахмад мастеруудын Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаагийн амьдрал, амжилтын түүхээс сэдэвлэсэн баримтат киноны нэр. Раднаа гуайн гол дүрийн багынх нь хочоор киног нэрлэжээ. “Хаашаа ч юм гарч гүймээр, үгүйдээ л алхмаар мэдрэмж төрүүлэх бүтээл” гэж санаачлагчдын хэлсэн шиг дасгал хөдөлгөөн, итгэл найдвар, зорилго тэмүүлэл, тууштай зан чанар ямар амжилтад хүргэдгийг амьдралын түүхээр өгүүлсэн тус кино 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингис хааны музейд нээлтээ хийлээ.
Арван хүүхдийн аав Раднаа гавьяатын хонь хариулж уул хаданд хөл нүцгэн гүйдэг байсан бага балчраас өнөөдрийн 90 нас зооглож, хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн үнэмлэхүй аварга болсон үе хүртэлх амьдралыг кинонд дүрсэлжээ. Нар шингэсэн говийн хатуу хөрсөнд хөлийн улаа эвэрштэл гүйдэг байсан жаал хүү ээжийнхээ хийсэн бойтог өмсөж өсөхдөө дэлхийн алдарт хүрэх бэлтгэлээ эхэлсэн байж. Тэр одоо ч гурван цагаар өдөрт хоёр удаа тогтмол бэлтгэл хийдэг. Хэт хүчтэй, хүнд бэлтгэл хийхээс илүү тогтмол жигд бэлтгэлээ хангах нь илүү үр дүнтэй байдаг гэж байв.
Хөнгөн атлетикийн Ахмад мастеруудын Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа 2019 онд буюу 85 насандаа 400 метрийн гүйлтэд ахмад мастеруудын дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бол энэ 2024 онд буюу 90 насандаа хөнгөн атлетикийн Ахмад мастеруудын Дэлхийн аваргаас хос алтан медальтай эх орондоо ирсэн юм. Өнөөдөр 90 настай Раднаа гуайн хурд хөнгөн атлетикийн дэлхийн аварга 29 настай залуу тамирчны үзүүлэлтээс 36 секундээр л бага гэхээр түүний чансаа дэлхийд хэрхэн жин дарж буйг мэдэж болох юм.
Тэрбээр энэ амжилтаараа “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-ын Энхийн шагналтны эзнээр 2019 онд шалгарч байв. Энэхүү баримтат киног тус ТББ-ын санаачилгаар ‘Мэдрэмж фильм” продакшн бүтээжээ. “Энхийн шагналтан”-уудын манлайллын түүх, үзэл санааг өгүүлдэг бүхий “Эзэн Монгол” баримтат цуврал 2017 оны Энхийн шагналтан, Монгол Улсын Хүний Гавьяат эмч Б.Энхравдан агсны түүхээр үргэлжилнэ гэж “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сэрдарам мэдэгдлээ.