Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр УИХ-аас өчигдөр зохион байгууллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг дээрх сэдвээр зохион байгуулахаар тогтсон билээ. Хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллалаа. Сонсгол 10.00 цагт эхэлж, эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын мэдээллийг сонссон юм.
Д.СҮНЖИД (Хүний эрхийн үндэсний комиссын дарга):
-Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) 2001 онд байгуулагдсан. Энэ хугацаанд УИХ-д хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлийг 23 удаа хүргүүлжээ. Үүнээс хамгийн олон буюу есөн удаад нь эрүү шүүлтээс ангид байх, халдашгүй, чөлөөтэй, шудрагаар шүүлгэх эрхийн талаар илтгэлдээ тусгасан байна. Монгол Улсад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг гутаан доромжлох байдал ямар түвшинд байна вэ. Төрийн тодорхой институцэд хүний эрхийн зөрчил гарах нь элбэг. Комисст сүүлийн хоёр жилд эрүү шүүлттэй холбоотой 108 гомдол, мэдээлэл ирсэн. Эдгээр гомдлын 17-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Хоёрт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол цагдаа, прокурорын газарт 11 хэргийг нь шилжүүлжээ. Жилд дунджаар энэ төрлийн хоёр гэмт хэргийг шийдвэрлэж байна. Холбогдох байгууллагуудад жилд 500 гаруй гомдол ирдэг. Үүний 300 орчмыг нь хэрэгсэхгүй болгодог юм байна. Эрүү шүүлт тулгасан гомдлын болон шийдвэрлэсэн хэргийг тоог харьцуулахад хангалтгүй. 2016-2023 оны хооронд эрүү шүүлттэй холбоотой 14 гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, шүүхээр 30 хүнд холбогдох 14 хэргийг хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Үүний 21 нь цагдаа, тав нь тагнуулын байгууллагын алба хаагч. Мөн хоёр нь АТГ, үлдсэн хоёр нь прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч байна. Эрүүдэн шүүсний улмаас хоёр иргэнд хүнд болон хүндэвтэр гэмтэл учруулжээ. Зургаан хүнд хөнгөн гэмтэл учруулж, сэтгэл санааг нь шаналган зовоосон байна. Тухайлбал, зодох, нүүр, гар, толгой, цээж рүү нь цохих, бороохойдох, боох, хордуулах, тохуурхах, даажигнах, эрх чөлөөг нь хасах, янз бүрийн мессеж илгээх гэх мэт. Мөн хорих анги болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн нөхцөл байдлыг хянаж шалгасан. СЭМҮТ-д энэ онд 39 хүн албадан эмчлүүлж байна. 13 хүнийх нь эмчилгээ үр дүнд хүрээгүй учраас 5-20 жилийн хугацаанд албадан эмчлэх шаардлагатай. Байрны хүртээмж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахгүйболбайдалдээрдэхгүй. Түүнчлэн цэргийн таван алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцаанд өртсөн гэх 2021 оны судалгааны дүн бий. 2021-2024 онд хугацаат цэргийн таван алба хаагч амиа алдсан, 19 цэрэг, офицер эрүүл мэндээрээ хохирсон байна.
Эрүүдэн шүүлтэд өртсөн, хохирсон хэмээн сүүлийн 10 орчим жил ярьж яваа хүмүүс бий. Хууль хяналтын байгууллагынхан хохирсныг нь тогтоочихсон юм бол ийм хүмүүсийн эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулах, хууль тогтоомжоо өөрчлөх санал оруулж байна.
Н.МЯГМАР (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга):
-2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд эрүү шүүлт тулгах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Цаашид эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг илүү тодорхой болгож, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нийцүүлэх зорилгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлэхээр ХЗДХЯ бэлдэж байна. Гэмт хэргийн хохирогчдод нөхөн төлбөр олгох санд 2012 оноос хойш 31.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Одоогоор 516 хохирогчид 3.2 тэрбум төгрөг олгожээ. Харин Эрүүгийн хуульд заасан 21.12 буюу эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухайн хуульд заасны дагуу хохирол авсан тохиолдол гараагүй. Өөрөөр хэлбэл, энэ сангаас ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгоогүй байна. Эрүү шүүлтээс ангид байх, ялангуяа мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдлыг сайжруулах талаар ХЭҮК-ын өгсөн зөвлөмжийн дагуу ажилласан. Тухайлбал, 2024 онд албан өрөөндөө мэдүүлэг авч байсан явдлыг зогсоосон. 122 мөрдөгчийн өрөөг чөлөөлж, зөвхөн мэдүүлэг авах зориулалтаар ашиглаж байгаа.
М.ЧИНБАТ (УЕПГ-ын орлогч прокурор)
-Мөрдөн шалгах явцад хүний эрх, эрх чөлөөг хангуулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг УЕПГ-т 2019 онд байгуулсан. Прокурорын байгууллагаас мэдүүлэг авах өрөөнд тавих шаардлагын хэрэгжилтийг сүүлийн таван жилд 154 удаа шалгаж, 14 шаардлага, 95 албан бичгийг эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн. Улсын хэмжээнд нийт 603 576 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгасан байна. Үүн дотор эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх 478 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Эдгээр байгууллагаас гадна Улсын дээд шүүх, ЗХЖШ, ЭМЯ зэрэг холбогдох газрын албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм. Сонсгол 20 минут завсарласны дараа эрүү шүүлтэд өртөж хохирсон 40 гаруй иргэний үгийг сонссон юм.
Х.БАТ-ЯЛАЛТ (иргэн):
-Эрүүдэн шүүх, эрүү шүүлт тулгах нь хоёр өөр зүйл үү гэдгийг эхлээд тодруулмаар байна. Эрүү шүүлт гэдэг хүний эрх, эрх чөлөөг хууль бусаар булааж авах үйлдэл. Гэтэл цэргийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар ярих нь иргэдийг төөрөгдүүлж байна. Төрийн тусгай субъект иргэдийн эрхийг зөрчиж байгаа тухай ярих хэрэгтэй. Төрийн алба хаагчид хуулиа ягштал мөрддөг бол ийм асуудал гарахгүй. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хуулиа дагадаггүй, гар хардаг учраас энд хохирсон олон хүн цугларсан байна. Эрүү шүүлтэд өртсөн тухай гомдлыг ХЭҮК хүлээн авдаг байхаар хуульчилж өгөөч. Мөн шүүх бүрэлдэхүүүнд ард түмний төлөөллийг оролцуулах санал дэвшүүлж байна.
М.ХУВЦАГААН (өмгөөлөгч):
-Цаг үеэ олсон амин чухал асуудлыг хөндөж буйд өмгөөлөгчийн хувьд талархаж байна. Миний үйлчлүүлэгч хилс хэрэг хүлээж, 25 жилийн ял авсан. Хэдийгээр хэргийг нь цагаатгасан ч үйлчлүүлэгч минь ямар их зовж, сэтгэл санаагаар шаналсныг бодохоор маш их эмзэглэдэг. Эрүү шүүлт гэдэг нийгэмд засрашгүй хор уршигтай. Хохирогчид төрөөс хэчнээн төгрөгийн нөхөн олговор олгоод ч залруулах боломжгүй.
С.ШААРИЙБУУ (хохирогч):
-Миний охиныг 19 жилийн өмнө Малайзад хөнөөсөн. Арваннэгдүгээр сарын 19-нд охин минь амиа алдсан юм. Охиныхоо гэгээн дурсгалд зориулж хэдхэн хором хүндэтгэл үзүүлье (Танхимд байсан хүмүүс босож хүндэтгэл үзүүлэв). Монголд эрүүдэн шүүх үйл ажиллагаа, түүнээс гарах арга замын тухай ярилцаж байна. Гадаадад амьдарч буй монгол иргэдийнхээ тухай бас ярих хэрэгтэй. Тухайн улсын хуулийн дагуу эрх, ашиг нь хохирсон хүн цөөнгүй. Төр хохирогч, бас нэхэмжлэгч байх ёстой. Би охиныхоо амиа алдсантай холбоотой асуудлаар хуулийн бүх байгууллагад хэдэнтээ өргөдөл өгсөн. “Боломжгүй” гэсэн хариулт л ирдэг. Малайзтай эрх зүйн гэрээгүй гэдэг. Тэгвэл эрх зүйн гэрээгээ байгуулаач ээ. Энэ асуудлаар Ерөнхий сайдад саяхан хандсан. Өргөдлийг маань ХЗДХЯ-нд шилжүүлсэн байна. Намайг хүлээж авч уулзана гэж найдаж байгаа. Төрийн байгууллагад өргөдөл өгөхөөр дуудаж уулзахгүй, цаас л өгдөг. Иргэд үнэнийг хэлэхийг хүсдэг ч эрхийг нь хамгаалах хууль байхгүй учраас айж байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцээд батлаад өгөөч, эрх баригчид аа. Би өнгөрсөн хугацаанд Малайзын хуулийн цаазын ялын хэд хэдэн заалтыг өөрчлүүлсэн. Хэрэг үйлдэгчийн ялыг өөрчлүүлж чадсан. Хил даваад асуудлыг шийдвэрлүүлж чадаж байна. Харамсалтай нь, эх орондоо “боломжгүй” гэх хариулт л сонсдог. Төрийн өндөр албан тушаалтнууд хэрэгт оролцсон, мөнгө авсан, нөлөөлсөн. Энэ тухай Ерөнхий сайдад мэдэгдсэн.
Т.ХҮРЭЛБАТ (Т.Чимгээгийн төрсөн ах):
-Миний дүү Т.Чимгээ С.Зоригийн гэх хэрэгт холбогдоод 5.9 жилийн ял эдэлсэн. Би дүүгийнхээ өмнөөс ярьж байна. Хэдийгээр дүү минь энд сууж байгаа ч ярьж хэлэх зүйлээ мартдаг, будилдаг, унаж татдаг өвчтэй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хоёр хүн зохион байгуулалттай яргалалд өртсөн. Одоо ч эрүүдэн шүүгдэж байна. Жишээ нь, аравдугаар сарын 2-нд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхдээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Энэ хэрэг илэрсэн шүү дээ” гэж хэлсэн. Дээд шүүхээс хэрэгсэхгүй болгоод тогтоол, шийдвэр нь гарчихсан байхад УИХ-ын гишүүн нь ингэж хүний нэр төрд халдаж болох уу. УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооноос Ч.Лодойсамбуу гишүүнд арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Нөхөн төлбөрийн асуудлаар хандахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс есөн удаа буцаасан. Шүүгчид хуулийн дагуу биш, итгэл үнэмшлээрээ хандаж шийдвэр гаргасан нь эрүүдэн шүүсэн хэлбэр. Эхлээд эрүү шүүлтэд өртөж хохирсон хүмүүсийнхээ хохирлыг барагдуулчих. Дараа нь эрүүдэн шүүхээс ангид байх асуудлыг ярих хэрэгтэй. Бид шүүхэд итгэхгүй байна. Хэлмэгдсэн хүмүүст зориулсан хууль гаргаж өгөөч.
Д.ГАНБАЯР (иргэн):
-Өмгөөлөгч Г.Батбаяр гэдэг хүн нас барахаасаа нэг хоногийн өмнө УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд өргөдөл гаргасан. Өргөдөлд “Хийгээгүй гэмт хэрэгт нь холбогдуулан шалгахдаа хүнлэг бусаар хэрцгий хандаж, нотлох баримтыг устгах, хууль бусаар үйлдэхийн тулд бусдын орон байранд нэгжлэг үзлэг хийж, хууль зөрчиж, хуурамч нотлох баримт үйлдэж, хүчээр гарын үсэг зуруулж, эрүүдэн шүүсэн тул энэхүү өргөдлийг гаргаж байна” гэжээ. Худал мэдээлэл тараасан гэж талийгаач Г.Батбаярт хэрэг үүсгэн, орон гэрийг нь нэгжиж, шаналал зовуурь учруулсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. 2022 оноос эхлэн нэр бүхий хүмүүс охиныг нь дарамталж байсан. Явсан газар нь дагаж, зургийг нь аав руу нь явуулдаг байж. Охин нь айдаст автаж, Монголд амьдрах боломжгүй болсон. Одоо гадаадад амьдарч байгаа.
Л.НЯМЗУНДУЙ (иргэн):
-Эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хэрэгжүүлэхийн тулд хууль хяналтын байгууллагынхан иргэний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой. Ард түмэн засаглах эрхээ хэрэгжүүлж буй нэг тод илэрхийлэл нь өргөдөл, гомдлоо хуулийн дагуу шийдүүлэх. Гэвч олонх нь хуулийн дагуу шийдүүлж чадахгүй, хад мөргөж байна. Илт хууль бусаар шийтгэл оногдуулах нь эрүүдэн шүүснээс ялгаагүй. Би өмгөөлөгч байсан. Хуулийн дагуу хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, эрүүдэн шүүлттэй тэмцсэнийхээ төлөө “шударга бусын хонгил”-оор орж, өмгөөлөх эрхээ хасуулсан. Тухайн үед надад сахилгын шийтгэлийг давхардуулан оноосон. Долоо хоног баривчлах шийтгэл хүлээсэн. Энэ ч бас хууль бус байсан. Асуудлаа шударгаар шийдвэрлүүлэхээр олон газар хандсан ч “жижүүр”-ийн хариулт л өгдөг.
Б.ОЮУНДЭЛГЭР (хохирогч):
-Би 1999 оноос гаалийн байгууллагад шалгагчаас Сургалтын төвийн дарга хүртэл дэвшиж ажиллаж байсан. Намайг хууль бус үйлдэл хийгээгүй байхад эрүүдэн шүүж, ажлаас чөлөөлж, найман жилийн хугацаанд хилийн хориг тавьж, торгуулийн ял оногдуулсан. Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдоогүй, ээлжийн амралттай байхад хоёр хүн “Тодруулах зүйл байна” гээд аваад явсан. Серверийн өрөөнд хорьж 00.00 цаг хүртэл явуулаагүй. Өмгөөлүүлэх эрхийг хангаагүй. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн эрх, ашгийг хамгаалах бодлого хэрэгтэй.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Эрүү шүүлтэд өртсөн хүний хохирлыг тооцохдоо эрүүл мэнд, сэтгэл санаа, ар гэрийн хохирол гэх мэтээр хуульд нарийвчлан оруулах шаардлагатай юм байна. Хүнийг эрүүдэн шүүсэн, хэлмэгдүүлсэн эрх мэдэлтэн, албан тушаалтанд хариуцлага тооцох механизм байхгүйгээс энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна. Тухайлбал, хүний эрхийг зөрчсөн нь батлагдсан тохиолдолд өөр албан тушаалд томилохгүй байхаар Төрийн албаны тухай хуульд тусгах гэх мэт. Үгүй бол хэн ч эрүүдэн шүүлтэд өртөж мэдэхээр байна” гэв.
“Хэлэлцүүгийн үр дүн болон оролцогчдын саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулна” гэж сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлсэн юм.