Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ-ынхан Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтийн дагуу Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдтэй хамтран Биокомбинат, Нисэх, Сонгинын ам, Сонсголонгийн гүүр орчмын Туул голын усыг шинжлэхээр дээж авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эл шинжилгээний хариу муу гарсан талаар яамнаас танилцууллаа. Сонгинын ам орчмын Туул голын хоёр цэгээс авсан сорьцод аммонийн азотын агууламж хүлцэх хэмжээнээс 20-22.6, төмрийнх 1.6, сульфатынх 1.1 дахин өндөр гарчээ.
Харин Биокомбинат орчмын сорьцод аммонийн азотын агууламж стандартаас 5.4 дахин их байсан гэнэ. Энэ хоёр байршлаас авсан усны сорьцод халуунд тэсвэртэй, гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээ. Шинжилгээг Усны газрын харьяа Усны төв лабораторид хийсэн бөгөөд сорьцын үр дүнг Усан орчны чанарын үзүүлэлт, ерөнхий шаардлага MNS 4586:1998 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулах байдлаар гаргажээ. Иргэд анх энэ асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандахдаа “Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал усыг Туул голд нийлүүлснээс бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, зарим үед амьсгалах аргагүй болтол өмхий үнэр тархаж байна” гэж мэдээлсэн байдаг. Тэгвэл судлаачид шинжилгээ хийгээд “Цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нийлүүлснээс дооших хэсэгт Туул голын усны чанар эрс муудаж, байгалийн унаган төрх нь алдагдсан” хэмээн дүгнэжээ.
Н.Буян