Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-13-нд хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Шүүх дээрх есөн хүний гэм буруутай, эсэхийг зургаан өдөр хэлэлцээд Хөвсгөл аймгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар тэднийг төөрөгдүүлж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45 тэрбум 270 сая 137 мянга 600 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэм буруутайд тооцоод өчигдрийн 15.00 цаг хүртэл завсарласан. Энэ хооронд шүүх бүрэлдэхүүн дээрх есөн хүнд ямар эрүүгийн хариуцлага ногдуулах, гэм буруугийн хэлбэр, оролцоо, учруулсан хохирлыг хэрхэн гаргуулах талаар зөвлөлдсөн аж.
Ингээд шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолоо танилцуулж, “Бэлтэсмөрөн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэрт 12, үүсгэн байгуулагч С.Ганбаатар, ТУЗ-ийн гишүүн Р.Бузмаа, Н.Уяабор нарт ес, Г.Пүрэвсүрэнд долоо, Г.Нямдалайд зургаа, Ч.Очирт тав, Д.Цэнгэнбаярт дөрөв, Б.Мэндсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэлээ. Улмаар Б.Мэндсайханы хорих ялыг биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулахаар болсон байна. Гэм буруутай нь тогтоогдсон есөн хүнээс 37.9 тэрбум төгрөг, иргэний хариуцагч буюу мөнгөө өсгөж авсан хүмүүсээс 7.1 тэрбум төгрөг гаргуулж хохирогчоор тогтоогдсон 2606 иргэнд олгуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн битүүмжилсэн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг хувь тэнцүүлэн хувааж хохирогчдод олгохоор болсон байна.