Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүн Тилеуханы Аубакир нь парламентын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн АТГ-аас гаргадаг ХАСХОМ-ээр орлого нь эрс өссөн гэж хэвлэлүүдээр бичигдэж байсан түүний хувьд ажлын гараагаа бизнесийн салбараас эхэлснийг намтарт нь дурдсан байдаг. Харин улс төрд хөл тавьсан үе нь 2008 оноос буюу Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар сонгогдон ажилласан цагаас эхэлдэг. Улмаар 2015–2016 онд Гаалийн ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын дарга, 2017-2019 онд тус газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байжээ. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихэд нь тухайн үеийн дэд сайд Ж.Сауле түүнийг эмэгтэй нэр дэвшигчийн квотыг “эзэгнэж” орж ирлээ хэмээн бухимдалтайгаар олон нийтийн сүлжээнд мэдээлсэн нь тухайн үедээ багагүй хэл ам дагуулсан. Үүнд УИХ-ын гишүүн асан А.Баделхан, Г.Солтан нартай ураг төрлийн холбоотой “хор гүйсэн” гэх мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байв. Нөгөөтээгүүр, үрийн буудай оруулж ирэхдээ чанарын гологдол нийлүүлсэн, Монгол Улсын хуулиар хүлээн зөвшөөрөөгүй давхар иргэншлийн байдал урьдчилсан мэдүүлгээр тогтоогдсон гэх зэрэг АТГ-ын мэдээллүүд ч дэд сайдаар томилогдоход нь нөлөөлсөн болов уу. Дэд сайд болж чадаагүйн дараагийн нөлөөлөл нь эрхэм гишүүний аав Тилеухан нь Баян-Өлгий аймгийн уугуул боловч Сэлэнгийн суугуул, улсдаа нэр хүндтэй тариаланч бөгөөд “Тариан цацал” компани нь тэдний гэр бүлийн бизнес байсан учраас ашиг сонирхлын зөрчил талаасаа зохимжгүй гэж үзсэн биз ээ.
Түүний хувийн амьдралтайхолбоотойнэгэнбаримтдурдахад, төрсөн охин нь 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр олон нийтийн сүлжээнд албан ёсны мэдэгдэл хийж, эцгээрээ овоглохоос татгалзаж буй шийдвэр гаргаснаа мэдээлж байв. Мөн саяхан буюу энэ оны аравдугаар сарын 13-нд “Яагаад өвчин намдаах эм, тосыг жороор олгоно гээд буйг ойлгохгүй байна” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм. Үүгээрээ тэрбээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, нийгмийн идэвхтэй залуусын нэг болов уу гэсэн ойлголт төрүүлдэг. Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн онд “хууль бусаар газар нутгийн нэр өөрчилсөн” гэх хэрэгт холбогдуулан, Баян- Өлгий аймгийн 14 албан тушаалтанд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. УИХ-ын гишүүн Т.Аубакир энэ үеэр буюу өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдөр байр сууриа илэрхийлэхдээ “Хэргийг хууль, хяналтын байгууллага шийдвэрлэнэ. Гэхдээ газар нутгийн нэр өөрчлөөгүй гэдгийг ойлгоорой. Шинээр байгуулсан хоёр багт нэр өгөх асуудал ийнхүү буруугаар эргээд байгаа нь харамсалтай. Бид монгол хэлийг хүндэлж байгаа шиг та ч бас казах хэлийг хүндлэх хэрэгтэй. Нэгнийгээ хүндэлж, хамтдаа оршино. Монгол хэлийг заавал сурах нь журамт үүрэг” хэмээгээд их зохиолч Д.Нацагдоржийн шүлгээс эш татсан нь нэлээд шүүмжлэл хүлээж байв. Эрхэм гишүүн Т.Аубакир Отгонтэнгэр их сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй хэдий ч дангаараа хууль санаачлаагүй нь сонирхолтой. Тэр ч байтугай мэдээллийн нэгэн сайтад ярилцлага өгөхдөө “Миний хувьд нэг их хууль санаачлаад гүйгээд байдаггүй” гэж ярьсан нь тун хачирхалтай. Харин тэрбээр бусад гишүүнтэй хамтран Чөлөөт бүсийн тухай болон Органик хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай зэрэг найман хуулийн төслийг парламентад сонгогдсон эхний дөрвөн жилдээ өргөн барьсан байдаг. Мөн Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах ажлын хэсгийг ахалж байсан түүхтэй. Тэрбээр улс төрийн цаашдын түүхээ өнөөдөр ч бичиж, мөрөө гаргаж явна. Хэсэг хугацааны дараа ямар мөр үлдээснийг нь бид хамтдаа харцгаах биз ээ.
У.Оргилмаа