Улсын хэмжээнд“Соёлын бүтээлч сар” аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриан дор “Эртний сайхан” үзэсгэлэн дэлгэж, улсын их дагина Цэндийн Дондогдулам, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат нарын түүхэн амьдралаас сэдэвлэсэн бүтээл туурвилыг олонд сонирхуулж байгаа. Түүнчлэн тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ухаан, ур чадварыг хойч үе, хүүхэд, залууст сургах, түгээхэд чиглэсэн олон талт хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монголын урчуудын эвлэл дээрх үзэсгэлэнг Биеийн тамир, спортын улсын хороо, Богд хааны ордон музей, Үндэсний урлагийн их театр, “Төгөлдөр Буяннэмэх сан”-тай хамтран зохион байгуулж буй юм. Уг үзэсгэлэнд дүрслэх урлагийн ахмад уран бүтээлчдийн ур, ухаан шингэсэн 50 гаруй бүтээлийг толилуулж байгаа.
Тэгвэл Хүүхдийн төв номын сангаас их зохиолч С.Буяннэмэхийн “Хүүхдийн зохиолын уншлагын долоо хоног”, “Суу билигт С.Буяннэмэхийн хүүхдэд зориулсан зохиолын уран сайхны онцлог” хэлэлцүүлгийг энэ сарын 17 хүртэл өрнүүлэх юм. Түүний уран бүтээл олон талт, баялаг агуулгатай. Тэрбээр яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжиг, уран зохиолын болон театрын шүүмж, судлал, сэтгүүл зүйн салбарт өгүүлэл, найруулал, сурвалжилсан тэмдэглэл зэрэг олон төрлөөр бичдэг байв. Их зохиолчийн “Алсыг зорьсон алтан загас” тууж XX зууны уран зохиолын онол, туурвил зүйн хөгжил, судлагдахуунд чухал хувь нэмэр оруулсан бүтээл юм.