Аутист зураач Б.Хувьтын “Миний өнгө” үзэсгэлэнг “Кемпински хаан палас” зочид буудлын “Алтай” танхимд өнгөрсөн ням гарагт нээгээд байна. “Аутист уран бүтээлчийг дэмжихүй-2024” үйл ажиллагааны хүрээнд “ДоАрт” студи, “Кемпински хаан палас” зочид буудал, Монголын аутизмын холбооныхны санаачилга, дэмжлэгээр уг үзэсгэлэнг зохион байгуулж буй аж. Зураач Б.Хувьт дүрслэх урлагийн “Анима” сургуулийн төгсөгч бөгөөд “Солонго атгах хувьт” анхны үзэсгэлэнгээ2018 онд олон нийтэд толилуулж байсан туршлагатай уран бүтээлч юм.
“Миний өнгө” үзэсгэлэнд Б.Хувьтын бүтээлүүдээс гадна Ардын зураач, Төрийн шагналт До.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг, “Поунд” галерейн захирал Ч.Өнөржаргал, зураач Р.Сэнгүм, Э.Цолмонбат, Д.Азжаргал, Х.Болороо, Г.Ганбаатар, Э.Мөнхтуул нарын бүтээлүүдийг ч дэлгэсэн аж. Үзэсгэлэн энэ сарыг дуустал олон нийтэд нээлттэй байх нь.