Францын Парис хотноо болсон зуны олимпын XXXIII наадамд манай улсын 32 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөж, нэг мөнгөн медальтай өндөрлүүлсэн билээ. Тамирчин, дасгалжуулагчаас гадна олимпын наадамд Монгол Улсынхаа нүүр царай болж, нэрийг дуурсгадаг эрхэм хүмүүс бол шүүгчид. Энэ удаагийн олимпод манай улсаас бокс, жүдо, хүндийг өргөлтийн спортын төрөлд нийт дөрвөн шүүгч ажилласан юм. Тэдний нэг, Олон улсын хүндийг өргөлтийн холбооны I зэрэг, олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2012 оноос эхлэн олон улсын чанартай тэмцээнд шүүгчээр сонгогдон ажилласан, олимпын наадмын Монгол Улсын анхны эмэгтэй шүүгч юм. Францын Парис хотноо болсон зуны олимпын XXXIII наадамд манай улсын 32 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөж, нэг мөнгөн медальтай өндөрлүүлсэн билээ. Тамирчин, дасгалжуулагчаас гадна олимпын наадамд Монгол Улсынхаа нүүр царай болж, нэрийг дуурсгадаг эрхэм хүмүүс бол шүүгчид. Энэ удаагийн олимпод манай улсаас бокс, жүдо, хүндийг өргөлтийн спортын төрөлд нийт дөрвөн шүүгч ажилласан юм. Тэдний нэг, Олон улсын хүндийг өргөлтийн холбооны I зэрэг, олимпын зэрэглэлийн шүүгч Л.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 2012 оноос эхлэн олон улсын чанартай тэмцээнд шүүгчээр сонгогдон ажилласан, олимпын наадмын Монгол Улсын анхны эмэгтэй шүүгч юм.
-Парисын олимпод ачаалал ихтэй ажиллаж, багагүй ядарсан гэж сонслоо. Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа.
-Парисын олимпоос ирээд анхны ярилцлагаа “Өнөөдөр” сонинд өгч буйдаа баяртай байна. Олимпын наадам наймдугаар сарын 7-11-нд үргэлжилсэн. Хүндийг өргөлтийн тэмцээн 10 жинд, таван өдрийн турш болж өндөрлөлөө. Шүүгчид олимпын наадам эхлэхээс гурав хоногийн өмнө очих ёстой учраас наймдугаар сарын 4-нд Парист хүрсэн. Тэмцээн эхлэхээс өмнө заал, танхим, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянадаг юм. Өөрөөр хэлбэл, бэлтгэл байдлыг баталгаажуулахын тулд эрт очдог. Мөн тэмцээн дуусгаад хамгийн сүүлийн тамирчин медалиа гардаж, заалнаас гарах хүртэлх бүх цаг мөчид хариуцлагатай ажиллаж, удирдаж явуулдаг. Энэ удаагийн олимпод таван тивээс 45 шүүгч сонгогдож ажиллалаа. Олон улсын хүндийг өргөлтийн холбоо 198 орны гишүүнчлэлтэй. Энэ утгаараа олимпын наадамд шүүгчээр ажиллуулахдаа тэнцвэртэй байдлыг анхаардаг. Нэг тэмцээнд 15 шүүгч ажилладаг юм. Та бүхний нүдэн дээр өрнөж буй тэмцээн хоёр цаг орчим үргэлжилдэг. Харин хөшигний ард жин үзэхээс эхлээд 3-4 цагийн ажил өрнөдөг. Тамирчин тухайн зургаан өргөлтөө гүйцэтгээд дуусчихдаг бол шүүгчийн анхаарал төвлөрөл тэмцээний турш дээд цэгтээ байх ёстой учир нүд, тархи ачаалал их авч ядардаг.
-Та хоёр дахь удаагаа олимпод шүүгчээр ажиллалаа. Хамгийн анх буюу “Токио-2020”-ийг шүүж байсан үеийн догдлол Парисын олимпод давтагдав уу?
-Олимпын наадам гэж тооцвол гурав дахь удаагийнх нь болж байна. “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпыг тооцох ёстой. Дараа нь “Токио-2020”-ийн зуны олимпод ажилласан. “Ковид-19” цар тахлын үед таарсан учраас онцлогтой болж өнгөрсөн. Заал, талбай бүх зүйл нь хязгаарлагдмал орчинд зохион байгуулсан тул Паристай харьцуулахад сэтгэл хөдлөл бага байж. Харин энэ удаа олимпын уур амьсгалыг жинхэнэ утгаар нь мэдэрч, маш сайхан байлаа. Сандрал, догдлол үндсэндээ байсангүй. Олимпын наадам хүртэл явахаар илүү мэргэшдэг юм билээ. Олимпын эрх авч шүүхийн тулд өмнө нь өчнөөн тэмцээн уралдаанд оролцсон. Тэр болгонд айдсаа гээж, туршлагажиж иржээ. Олимп, тив, дэлхийн хэмжээний тэмцээн гэж ялгалгүй дүрэм журмаа баримталж, хийх ёстойгоо л гүйцэтгэх нь чухал.
-Ази тивд хүндийг өргөлтийн мэргэшсэн шүүгч хэр олон байдаг бол?
-Ази тивийн АШТ боллоо гэхэд шүүгчийн бүртгэлтэй орнууд руу нэр дэвших хуудас явуулдаг юм. Тухайн улс орнуудын дэвшүүлсэн нэрнээс олон улсын спортын холбооны шүүгчдийн зөвлөл сонгодог. Миний хувьд яг л энэ журмаар явж ирсэн. Анх 2013 онд Азийн АШТ-д нэрээ дэвшүүлснээр сонгогдсон юм. Хоёр жилийн өмнө болсон Азийн хүндийг өргөлтийн холбооны сонгуулиар Техникийн хорооны гишүүнээр сонгогдсон. Одоо сонгуулдаг нь биш, сонгодог нь болсон. Ази тивийн хэмжээнд зохион байгуулах бүх л тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонгох юм. Ирээдүйн сайн боловсон хүчнийг бэлдэх үүрэг бидэнд бий. Тиймээс ирж буй шүүгч нартайгаа аль болох дотно харилцаж, ур чадварыг нь мэдэрч, зааж сургаж, дэлхийн тавцанд Азийн шүүгч нарыг гаргахын төлөө ажиллаж байна. Дараа нь олимпын шүүгч бэлдэх үүрэгтэй. Сая Ази тивээс таван эмэгтэй шүүгч олимпын наадамд ажиллалаа. Өнгөрсөн оны есдүгээр сард Азийн наадмын өмнөхөн Монгол, Казахстаны хоёр шүүгч эрхээ авчихсан байсан. Он гарсны дараахан Япон Улс, БНХАУ болон Вьетнамын шүүгч орж ирсэн.
-Дэлхийн тавцанд шүүгч нарыг бэлдэхээс гадна гарын шавьтай болсон юм билээ. Шавиа танилцуулахгүй юу?
-Олон улсын II зэрэглэлийн шүүгч, олон улсын хэмжээний мастер О.Баярцэцэг гэж эмэгтэй бий. Монголын нүүр царайг илэрхийлэх сайн шүүгч болно гэж итгэж байгаа. Би хүндийг өргөлтийн тамирчнаас дасгалжуулагч, шүүгч болсон. О.Баярцэцэг ч мөн адил хүндийг өргөлтийн тамирчин. Хүний сонирхол, хүсэл мөрөөдөл хамгийн чухал. Анхнаасаа шүүгч болно гэсэн зорилго нь таалагдсан. Шүүгчээр ажиллах амаргүй. Өөрийн хичээл зүтгэлээс гадна санхүү их шаарддаг. Шигшээ багийн тамирчны тухайд тэмцээн, уралдаанд оролцох унаа, байр, хоолны зардлыг улсаас хариуцдаг. Харин шүүгч нарт ямар нэгэн дэмжлэг, бодлого байдаггүй.
-Манай улсад шүүгч нарыг дэмжсэн бодлого яагаад байдаггүй юм бэ. Бусад улс шүүгчдээ бэлтгэхэд хэрхэн анхаардаг бол?
-Үүнийг спортын хөгжилтэй холбож тайлбарлах нь зүйтэй. Манай улс шүүгчийн хувьд хөгжлийн эхний үе шатандаа явж буй. Бид жим гаргаж байна. Олон улсад шүүгчийг тамирчин, дасгалжуулагчтай адил түвшинд хүлээн авч, хөгжүүлж ирсэн. Статусын хувьд ч тамирчин, дасгалжуулагчийн дээр эрэмбэлэгддэг. Шүүгч нь тухайн спортын хөгжилд нөлөөлж, улс орноо таниулж өгдөг. Өөрөөр хэлбэл, шүүгч нар тэмцээн, уралдааны “гал тогоо”-нд ажиллаж, юу нь болж буйг анзаардаг учраас санаа бодол нь тухайн спортын хөгжилд чухал нөлөөтэй. Тухайлбал, Азийн хүндийг өргөлтийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүний хувьд спортын шинэчлэлийн талаарх цөөнгүй санал, хүсэлт маань ажил хэрэг болсон. Харин манай спортын холбоод, байгууллагынхан шүүгч нартаа анхаарал хандуулахгүй байгаа нь тухайн спортын хөгжлийг тодорхойлж буй юм. Хэрэв шүүгч нарыг бодлогоор хөгжүүлбэл Удирдах зөвлөл, олон улсын холбоодод өөрийн улсаа төлөөлж, үзэл бодлоо илэрхийлж чадна.
Монгол Улсын хүн ам ямар спортод амжилт гаргахад дөхөм, аль нь хоцрогдож байна, энэ бүхнийг дэлхийн түвшинд хүргэхэд, монгол хүний бие махбодод таатай нөхцөлийг хүртэл судалсан байх ёстой. Спортын мэргэжилтэн, боловсон хүчин, гадаад харилцааг өргөжүүлсний дараа хөгжлийн талаар ярих хэрэгтэй болов уу. Одоогийн нөхцөлийг ажиглахад тамирчин, дасгалжуулагч спортын өгөөжийг илүү хүртэж байна. Үүний ард эмч, бариа засалч, сэтгэл зүйч, ивээн тэтгэгч байгууллага гээд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Шүүгч нар ч гэсэн тухайн спортын холбоо, хөгжлийн төлөө багагүй ажил нугалдаг. Гэтэл холбооны зүгээс болон улсаас дэмжлэг байхгүй хэвээр. Тухайлбал, Монгол Улсаас Парисын олимпод спортын есөн төрөлд 32 тамирчин оролцлоо. Гэтэл спортын гурван төрөлд дөрөвхөн шүүгч ажилласан. Энэ нь ямар өндөр шалгууртай, хязгаарлагдмал нөхцөлд сонгогдож ажилладгийг илэрхийлж байна. Олон улсын шүүгч наад зах нь англи хэлний мэдлэгтэй, дипломат харилцаанд суралцсан байх ёстой. “Talk talk english” төв спортын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулдгийг эс тооцвол энэ бүхнийг өөрсдөө зохицуулдаг. Монгол Улс спортын олон төрлийг хөгжүүлж, нөлөөллөө олон улсад тогтооё гэвэл нэн тэргүүнд шүүгч нараа бэлдэх ёстой.
-Парисын олимпод манай хэд хэдэн тамирчин медалийн үзүүрээс атгаад алдлаа. Тэмцээн дуусахаас хэдхэн хормын өмнө ялагдсан. Үүний дараа олон нийт мэргэжлийн бэлтгэл, судалгаа, шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрэх шиг болсон. Та энэ тухайд ямар бодолтой байна вэ?
-Олимпод хүн бүр аварга болохгүй. Гэвч бүгд ялахын төлөө өрсөлддөг. Олимпод эрхээ авч оролцох нь ямар үнэ цэнтэйг олон жил шүүгч хийхдээ ойлгосон. Нэг олимпоос нөгөөд оролцоно гэдэг бүхэл бүтэн дөрвөн жил тухайн тамирчин, баг яг адилхан ачаалал үүрдэг. Гэхдээ энэ нь тухайн багийн хувьд дөрвөн жилийн ажил байдаггүй. Спортын холбоод үүсэж хөгжсөн цагаас эхэлсэн менежмент, санхүүтэй холбоотой. Парисын олимпод оролцсон манай бүх тамирчин шилдэг. Саяын наадмын үеэр эмч, сэтгэл зүйчийн талаар багагүй ярилаа. Би дотор нь орж ажиллаагүй учраас мэдэхгүй байна. Шүүгч олимп, спортын хорооныхонтой “нэвтрэлцэхгүй” гадуур нь явж ирсэн. Гадаад улсын жишгээс харахад эмч, сэтгэл зүйч нь тамирчинтайгаа хамт явдаг. Тамирчныг тэмцээнд оролцуулахын тулд яаж бэлддэг билээ, түүн шиг л эмч, сэтгэл зүйч, дасгалжуулагч, шүүгч нарт анхаардаг. Тухайн улс бодлогоор дэмжиж, хөрөнгө зарж, хамтын хүчээр олимпын медаль гээчийг хүртдэг юм байна. Спорт шинжлэх ухаан, оюун санааны түвшинд өндөр хөгжсөн. Маш олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэг байж олимпын медаль ярих болов уу. Гэхдээ манай улс олимпын олон медальтантай. Тэднээрээ бахархах хэрэгтэй.
-Тив, дэлхийн хамгийн шилдгүүд олимпын дэвжээнд өрсөлдөж буйтай мэдээж санал нэгдэнэ. Гэхдээ Монгол Улс маань медаль аваасай гэж хүн бүр хүсдэг. Гэвч олимпын наадмаас авсан медалийн тоогоор манай улс өмнөх амжилтаасаа буурлаа. Үүнд юу нөлөөлөв?
-Бэлтгэл сургуулилалт нөлөөлж байна. Энэ нь тамирчны эрүүл мэндтэй холбоотой. Эрүүл чийрэг, гэмтэлгүйгээр бэлдэх ёстой. Үүнээс гадна нөөцтэй байх хэрэгтэй. Тухайн спорт холбоодын хамгийн шилдэг хүний нөөц нь дасгалжуулагч байдаг. Дасгалжуулагчийг бэлдэхэд төр засгаас анхаараасай. Үүнд урт хугацааны төлөвлөгөө чухал. Зөвхөн дөрвөн жилийг харж ажиллах явцгүй гэдэг нь нотлогдлоо. Чадварлаг дасгалжуулагч тамирчнаа бэртэл гэмтэлгүйгээр тэмцээн, уралдаанд нь оролцуулна. Аливаа спортыг олон нийтийг хамруулан хөгжүүлж, тэр дундаас шилдэг тамирчдыг шилж гаргах нь чухал. Түүнээс тодорхой хэдэн тамирчинд хөрөнгө мөнгө хаяад амжилт гаргахгүй нь өнгөрсөн олимпын наадмаас харагдлаа. Тиймээс бодлогоо өөрчлөх шаардлагатай болжээ. Тухайн тамирчин яагаад гэмтэв, бэртлийг эрт оношилж чадахгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй.
-Хүндийг өргөлтийн спортын тамирчдын залгамж, нөөц байна уу?
-Өнгөрсөн хугацаанд холбооны зүгээс орон нутгийн клубүүдэд чиглэсэн үйл ажиллагаа нэгийг ч явуулаагүй гэж үзэж байгаа. Хүндийг өргөлтөөр хичээллэхэд хэрэглэгдэхүүн шаарддаг. Штанг, гол, диск гээд хэрэглэгдэхүүнүүд цаг хугацааны явцад элэгддэг. Тамирчны гутал, хувцас нь хүртэл зориулалтынх байдаг. Энэ бүхэнд дэмжлэг байхгүйгээс хүний нөөцийн хомсдолд орсон. Зорилго, мөрөөдөлтэй залуусыг дэмжсэн бодлого алга. Тухайлбал, залуу тамирчин шигшээ багт л хамрагдаж байж амжилт гаргах, гадаад улсын тэмцээнд оролцох боломжтой болдог. Бусад улс энэ асуудлыг өөрөөр шийджээ. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаас гадна тухайн тамирчныг анх дасгалжуулж, гаргаж ирсэн багшийг нь хамт тэмцээнд оролцуулдаг. Яагаад гэхээр тухайн тамирчны зан ааш, сэтгэл зүйг дасгалжуулагч нь сайн мэднэ. Тиймээс улс орныхоо өнцөг булан бүрээс сонгогдсон тамирчныг дагаад өөрийнх нь дасгалжуулагч-багш ирж байна. Парисын олимпоос хүндийг өргөлтийн төрөлд аваргатай болсон АНУ гэхэд ахлах дасгалжуулагчаас гадна тамирчин бүрийн “гарын багш” нь ирсэн. Гэтэл манай улсын хүндийг өргөлтийн спортын тухайд орон нутгаас сайн тамирчин “төрлөө” гэхэд заавал Улаанбаатар хотод очиж, шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болдог. Тухайн тамирчин өөрийн багшаас салах дуртай, эсэх хамаагүй байж болох ч тэмцээнд амжилт гаргавал өмнөх дасгалжуулагчийн хөдөлмөр үнэлэгдэхгүй үлдэж байна. Орон нутгийн дасгалжуулагчдаа үнэлэх ёстой. Үүнээс болж орон нутагт хүндийг өргөлтийн спорт хөгжихгүй байна гэж хардаг.
-Монголд хүндийг өргөлтийн хэчнээн клуб үйл ажиллагаа явуулж байна?
-Өвөрхангай, Хөвсгөл, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт хүндийг өргөлтийн клуб ажиллаж байна. Мөн “Алдар”, “Ээрмэл”, “Хүч” спорт хороо байнгын үйл ажиллагаа явуулдаг. Хүндийг өргөлтийн тамирчин байсан хүмүүс л энэ спортыг хөгжүүлэх зорилгоор тус тусдаа холбоо байгуулж ажиллаж байна. Хамгийн сүүлд Архангай аймаг болон Налайх дүүрэгт клуб нээсэн.
-Гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэгийг ганцхан дасгалжуулагчтай байсан талаар шүүмжлэл гарсан. Эл спортын шүүгчийн хувьд та юу хэлэх вэ?
-Олимп нэг тамирчинд төдөн албаны хүн ногдоно гэж тодорхой квот зааж өгдөг. Үүнийг олимпын хороо зохицуулдаг. Харин хүндийг өргөлтийн спортын онцлог нь нэг тамирчныг гурван дасгалжуулагч дагалдаж болдог. Жишээ нь, ДАШТ-д манай холбоо нэг тамирчин гурван дасгалжуулагчтай оролцох эрх олгодог юм.
-Хүч чадал, эр бяр шаардсан энэ спортын төрөлд монгол хүн амжилт үзүүлэх боломжтой санагддаг. Гэтэл яагаад эрэгтэй тамирчин хүндийг өргөлтийн спортод тодорч гарч ирэхгүй байна вэ?
-Мөн л бэлтгэл сургуулилалт, дасгалжуулалттай холбоотой. Түүнчлэн амьдралын нөхцөл, чанар нөлөөлж байна. Эерэг талаас нь бодоход монгол эрчүүд амьдралаа авч явах, гэр бүлээ тэжээх үүрэгтэй байдаг. Гэтэл тамирчин хүн амжилт гаргаж, үндэсний шигшээ багт орсны дараа л цалинтай золгоно. Амжилтад гаргах хүртлээ тамирчны карьераар явна гэхээр ар гэрийнхэн нь орхигдох талтай. Анхдагч хэрэгцээгээ хангаж чадаагүй тохиолдолд амжилт гаргах амаргүй. Энэ нь гэхдээ зөвхөн эдийн засаг талаасаа шүү. Эмэгтэйчүүд ч ялгаагүй маш их саад, дарамт туулж амжилтад хүрдэг. Гэхдээ ар талдаа санаа зовохгүй тохиолдолд эмэгтэйчүүд амжилт гаргах магадлал өндөр. Үүн дээр нэмээд дасгалжуулагчийн чадвар, сургалт хэрэгтэй. Ойрын хэдэн жил хүндийг өргөлтийн спортод эрэгтэй тамирчин “төрсөнгүй”. Эрэгтэй тамирчдыг бэлдэх сургалт алдагдсан. Гэхдээ залуус бэлтгэлээ хийж байна, ирээдүй бий. Олимпод оролцох эрх авахын тулд тэмцээнүүдэд амжилттай оролцох ёстой. Хамтын ажиллагаа чухал.
-Хүндийг өргөлтийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд хэр олон байдаг юм бол. Эцэг, эхчүүд хүүхдээ, ялангуяа охидыг “төмөртэй ноцолдуулах” дургүй болов уу?
-Хүндийг өргөх гэх нэрнээс нь эхлээд хүмүүс буруу бодолтой байдаг байх. Дасгалжуулагч аажмаар дасгуулж, техникийг заана. Тухайн хүүхдийн нас, яс, бие махбодод тохирсон жингээр бэлтгэл сургуулилалт хийлгэдэг. Эрсдэлтэй гэвэл бүх спорт адилхан. Харагдах байдлаасаа хүнд мэт боловч зөв дасгалжуулж чадвал хэцүү зүйл байхгүй. Олимп, дэлхийн олон аварга эрүүл чийрэг, бэртэлгүйгээр холбоондоо ажиллаж байна. Биед нь таарсан ачаалал өгч буй учраас өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй. Харин туршлагагүй дасгалжуулагч хэт их ачаалал өгснөөс болж тамирчнаа гэмтээх нь бий. Олимпын наадмаас харсан бол өндөр, сайхан залуус, бүсгүйчүүд хүндийг өргөж байна. Хүний булчингийн чанар адилхан байдаг юм. Түүнээс өндөр хүн муу өргөнө гэсэн ойлголт байхгүй. Булчингийн чанар, ясны даац нь ямар байна, газраас татах хурд нь хэд вэ гээд бүгдийг нь тооцдог, бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй учраас энэ спортоос эмээх зүйл байхгүй.
-Хувийн амжилтаа ахиулж, өөртэйгөө өрсөлддөг гээд онцлогтой шүү дээ.
-Тийм ээ. Аливаа спортоор хичээллэхдээ шинжлэх ухаанчаар хандвал амжилт гаргах боломжтой. Тухайлбал, хүндийг өргөлтийн спортод цусны улаан, цагаан эсийн тоо чухал хамааралтай байдаг. Мөн эрхий хурууг хардаг. Эрхий хуруу урт байж бүтэн атгалт хийх нь маш чухал. Штангаа атгаж чадахгүй бол хэчнээн хүчтэй байгаад нэмэргүй.
-Парисын олимпын наадмын хүндийг өргөлтийн тамирчид өөрийн онцлогийг тодорхойлсон имиж бүрдүүлсэн харагдсан. Тамирчид, шүүгчдийн хувцасны тухайд таны оруулсан хувь нэмэр их байсан.
-Тухайн тамирчин ямар стиль, имиж бүрдүүлэх нь чөлөөтэй. Үсээ яаж засах, ямар гархи, зүүлт, чимэг зүүх нь тэр хүний сонголт. Өөрийгөө хурцалж, илэрхийлдэг. Дэвжээн дээр өөрийгөө илэрхийлэх гэж гардаг учраас тэр. Гэхдээ хувцасны тухайд дэг бий. Жишээ нь, битүү хувцас өмссөн тамирчин эрээн биш, нэг л өнгийн байх стандартыг барьдаг. Олимпын наадамд стандарт бий. Хувцсандаа өөрийн нэрийг бичих, ивээн тэтгэгч аль нэг байгууллагыг онцгойлон алдаршуулах ёсгүй. Олимп эв нэгдлийг хангаж буй учраас стандарт бус зүйлийг нь далдалж, дардаг. Тухайн улсын нэр, хандивлагч байгууллагын таних тэмдэг 30 мм-ээс хэтрэхгүй, хувцасны аль нэг хэсэгт байрлуулахыг зөвшөөрдөг.
Би 2016-2020 онд Олон улсын хүндийг өргөлтийн холбооны Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүнээр ажилласан. Тэр үедээ исламын шашинтай эмэгтэйчүүдийн ялгаатай соёл, шашныг хүндэтгэн үс, биеэ ил гаргахгүй хувцас өмсөж, тэмцээнд оролцох боломжоор хангаж өгсөн. Мөн шүүгчийн хувцасны загварыг өөрчлөх санаачилга гаргаж байлаа.
-Ойрын үед оролцох тэмцээний хуваарь гарсан уу. 2028 оны АНУ-ын Лос-Анжелес хотод зохион байгуулах олимпод шүүгчээр ажиллана биз дээ?
-Парисын олимпын шүүгчийн эрх авах үед л дараа дараагийн тэмцээний тов тодорхой болсон. Бахрейнд болох ДАШТ-д шүүгчээр ажиллана. Мөн Азийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Энэ сарын 4-8-нд БНСУ-д болох Зүүн Азийн АШТ-д О.Баярцэцэг маань шүүгчээр ажиллах юм. Өөрийн хүсэл сонирхлоо дагаж бүх зардлаа хувиасаа гаргаж байна. Ядаж олон улсын тэмцээн, уралдаанд оролцох шүүгч нарын замын зардлыг улсаас даадаг болоосой. Бид олон улсын тэмцээнд өдрийн 50 ам.долларын цалинтай ажилладаг. Үүнээсээ хэд дахин өндөр зардал гаргаж оролцдог. Гэхдээ хүсэл сонирхол, зорилго бий. Энэ жимийг бүдгэрүүлэхгүйгээр дараагийн үедээ үлдээмээр байна. Хэрэв улс бодлогоор шүүгч нарыг дэмжиж ажиллавал илүү өргөн зам дурайх болов уу. Би олон улсын шүүгчээр ажиллаад 12 жилийг өнгөрүүлжээ. Сар бүр тэмцээн шүүх нь олон улсад өөрийгөө нотолж буй хэрэг юм. Хэрэв ганц тэмцээнд оролцохгүй өнгөрөөвөл олимпын наадмыг шүүх боломж маань дөрвөн жилээр хойшилно гэсэн үг. Монгол Улс дахиад олимпын шүүгчтэй болох гэж олон жил зарцуулна шүү дээ. Түүнчлэн улсынхаа шилдэг тамирчдаа илүү дэмжих, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр спортыг хөгжүүлэх цаг болжээ.