Энэ сарын 10-нд тохиох Хүний эрхийн олон улсын өдрийг угтан ХЭҮК, Монголын эмнести интернэшнл, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб хамтран “Хүний эрх ба төсөв, тэгш байдал” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлажээ. Тодруулбал, төсөв ба эрүүл мэнд, боловсрол, иргэндээ ээлтэй хот, хүний эрх гэсэн сэдвээр бүтээл хүлээн авах гэнэ.
Тогтвортой хөгжлийн 10 дахь зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн төсвийн хуваарилалт хийхийг сануулах нь эл уралдааны зорилго. Мөн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг гаргах, олон нийтэд таниулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оновчтой санал санаачилга дэвшүүлэх, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зорилгоор уралдааныг зохиож буй аж. Бүтээлийг энэ сарын 13-ны 23.00 цаг хүртэл хүлээн авах юм байна.
Ч.БОЛОР