“Ливерпуль” багийн лидер М.Салах энэ улирлыг тун одтой эхлүүлээд байна. Английн Премьер лигийн сүүлийн тойрогт “Манчестер сити”-г 2:0-ээр хожиход тэрбээр нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгснөөр эл гайхалтай формоо үргэлжлүүлэв. Египет тоглогч багийнхаа хоёр гоолд оролцсоноор “Ливерпуль” итгэл төгс ялалт байгуулах, улмаар лигийг есөн онооны илүүтэй тэргүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэрэв энэ тоглолтод “Ливерпуль” ялагдсан бол араас нэхэгч багаасаа зургаан онооны зөрүүтэй болох байсан юм.
М.Салах энэ улиралд оролцсон бүх тэмцээндээ 13 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байна. Европын топ таван лигт түүнээс олон гоолд оролцсон хоёр тоглогч бий нь Х.Кэйн (20 гоол+есөн дамжуулалт), О.Мармуш (15+11) нар. Хэрэв М.Салах “Аваргуудын лиг”-т “Реал”-ын эсрэг тоглолтод торгуулийн цохилтоо алдаагүй бол амжилтын үзүүлэлт нь улам нэмэгдэх байлаа.
М.Салах Премьер лигт
Нийт 13 тойргийн дараах байдлаар М.Салах Премьер лигт гоол, гоолын дамжуулалтаар хоёрдугаарт бичигдэж байна. Тэрбээр Э.Холандаас нэг гоол, Б.Сакагаас гурван дамжуулалтаар дутуу байгаа юм. Харин энэ хоёр үзүүлэлтийг нэгтгэвэл лигт тэргүүн байрт бичигдэнэ.
Дээд амжилт
Энэ улиралд онцгойрч буй египет тоглогч дээд амжилтыг тогтоосоор, мөн эвдсээр байна. Тухайлбал, “Сити”-гийн эсрэг тоглолтод К.Гакпод өгсөн түүний дамжуулалт нь “Ливерпуль”-ийн төлөөх 100 дахь дамжуулалт нь болов. Энэ эрчээрээ М.Салах улирлын төгсгөлд Й.Рашийг (110 дамжуулалт) гүйцэх боломжтой. Ингэснээр түүний өмнө зөвхөн С.Жеррард (155), К.Далглиш (186) нар бичигдэж байна. Мөн түүний хувьд гоол оруулж, гоолын дамжуулалт өгсөн тоглолтынх нь тоо энэ улиралд зургаа (Премьер лигт таван удаа) боллоо. Уг содон үзүүлэлтээрээ (36) египет тоглогч У.Рунитай тэнцэв. Гэхдээ ийм үзүүлэлтэд хүрэхийн тулд англи тоглогч М.Салахаас 215-аар олон тоглолтод оролцсон юм. Дахин нэг удаа ийм содон амжилт үзүүлэхэд М.Салах ганцаараа дээд амжилтыг эзэмших болно.
Харин Премьер лигийн мэргэн буучдын жагсаалтад Т.Анри, Ф.Лампардыг гүйцэх бүрэн боломж М.Салахт бий.
Мэргэн буучдын жагсаалт
Египет тоглогч “Сити”-гийн хаалганд гоол оруулснаар топ зургаан багийн эсрэг оруулсан гоолын тоогоор (У.Рунитай ижил 45 гоол) хоёрдугаар байрт орж ирлээ. Түүний өмнө 56 гоол оруулсан А.Ширер л бий.
Гэрээ юу болов
“Goal” вэб сайт арваннэгдүгээр сарын сүүлчээр 2025 оны “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөгчдийн чансааг танилцуулсан. Уг чансааг М.Салах итгэл төгс тэргүүлж, түүний ард Р.Левандовски, Рафинья, Винисиус нар бичигдэж байв. Хэрэв египет тоглогч энэ формоо алдахгүй, “Ливерпуль” аваргалж чадвал Ж.Веагаас хойш “Алтан бөмбөг”-ийг хүртсэн анхны африк тоглогч болох бүрэн боломжтой.
Гэхдээ М.Салахтай холбоотой нэг таагүй мэдээ бий нь гэрээний хугацаа. Баг нь гэрээг нь сунгах санал тавиагүй талаар тэрбээр “Саутхэмптон”-ы эсрэг хоёр гоол оруулсны дараа хэлсэн. Мөн “Сити”-гийн тоглолтын дараа ч гомдоллож байв.
“Сити”-гийн эсрэг Энфильдэд сүүлчийн удаа тоглож байж магадгүй гэсэн бодол надад төрсөн. Тийм учраас цагийг сайхан өнгөрүүлэхийг хүссэн юм. Багтаа өнгөрүүлж байгаа хором бүрээс кайф авахыг хичээж байгаа. Лигтээ түрүүлнэ гэдэгт найдаж байна. Цаашид юу болохыг харцгаая” гэж тэрбээр ярьжээ.
Э.МАНЛАЙБААТАР