Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) ирэх онд 100 жилийн ойгоо угтах гэж байна. 1925 оны аравдугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр 15 ортой, нэг орос, гурван монгол эмчтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан аж. Түүхт 100 жилийн босгон дээр тус эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргалтай эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар ярилцлаа. УНТЭ-ийн үүдэл эс шилжүүлэн суулгах багийн хамт олон “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ өнгөрсөн онд Төрийн шагнал хүртсэн билээ. Уг багийн нэг гишүүн нь одоогийн ерөнхий захирал Б.Хишигжаргал юм. Тэрбээр 2006 оноос эмнэлгийнхээ Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвд ажиллаж байсан юм.
-Улсын ууган эмнэлгийн салаа мөчрүүд эрүүл мэндийн салбарыг түүчээлж буй. Танай эмнэлэгөдгөөхэрхэнөргөжинтэлээдбайна вэ?
-Монгол Улсад орчин цагийн эмнэлэг байгуулагдсан түүх УНТЭ-ээс эхлэлтэй. Ирэх жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ хугацаанд эмнэлэг маань маш их өөрчлөгдөж, хөгжиж, дэвшсэн. Монгол Улсад нэвтэрсэн анагаах ухааны бүхий л ололт амжилт, шинэ технологи, инновац, нээлт манай эмнэлэгтэй салшгүй холбоотой. Орчин цагийн анагаах ухааны суурийг тавихад хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд манай эмч, ажилтнуудад тусалж, сургаж, дэмжиж ирсэн түүхтэй. Тэдний дэмжлэгээр манай улсад Европын анагаах ухаан хөгжсөн. Тухайн үед улсын хэмжээнд байсан ганц төв эмнэлгийн тасаг, нэгжүүд хөгжлийнхөө жамаар өрх тусгаарласан юм. Өөрөөр хэлбэл, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Анагаах ухааны сургууль гээд бүгд улсын төв эмнэлгээс төрөн гарчээ. Одоогоор УНТЭ 1000 гаруй эмч, ажилтантай, 540 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс эрчимт эмчилгээний 24 ор бий.
-Улсын эмнэлгийн ачаалал, дарааллыг нь хүлээж дийлэхгүй иргэд хувийнхыг барааддаг. Энэ их ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхэд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо сум, өрх, дүүрэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын буюу төрөлжсөн нарийн мэргэжлийн гэсэн шат дараалалтай. Эрүүл мэндийн тухай хуульд иргэн эмч, эрүүл мэндийн байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Гэсэн хэдий ч иргэд өрх, сумын эрүүл мэндийн төвд хандсаны дараа шатлал алгасаж үйлчилгээ авах зарчмаар явдаг. Гэхдээ Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар сонгох эрх нь иргэнд буй учраас манай эмнэлгийг зориод ирсэн үйлчлүүлэгчийг буцааж болохгүй. Аль болох түргэн шуурхай үйлчлэх учиртай. Бусад эмнэлэгт үзүүлдэггүй тусламж, үйлчилгээ ихтэй учраас манай эмнэлэгт иргэд олноор ханддаг. Тиймээс бид амбулаторийн тусламж, үйлчилгээний дарааллыг бууруулах үүднээс ачаалал ихтэй тасгуудын тоог нэмж, олон цонхоор зэрэг үйлчилж байна. Дараалал ихтэй MRI, компьютер томограф оношилгоог амралтын өдрүүдэд хийх жишээтэй. Гэвч тодорхой төсвийн хүрээнд ажилладаг учраас түүндээ тааруулж үйлчилгээ үзүүлдэг.
-Эрүүлмэндийнсалбарбүхэлдээхүний нөөцийн хомсдолд орсон гэж ярих болсон. Эмч, ажилтнуудаа тогтвортой ажиллуулахад хэрхэн анхаардаг вэ?
-Анагаах ухааны салбарт хүний нөөцийн бодлого маш чухал. Төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо гэдэг шиг явж ирсэн. Харин 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. Би яг тэр өдөр нь УНТЭ-ийн захирлаар томилогдсон юм. Эмнэлгийн бүх үйл ажиллагаа улсын төсвөөс хамааралтай байсан. Харин одоо улсын эмнэлгүүд хэр зэрэг гүйцэт гэлтэй ажиллаж байна, тэр хэрээрээ санхүүжиж, захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ шилжилтийг хамт олонтойгоо эвтэйхэн даваад гарчих юм сан гэсэн бодолтой анх ажлаа хүлээж авсан. Тэр үед манай эмнэлгийн жилийн төсөв 40-өөд тэрбум төгрөг байлаа. Өнгөрсөн жил 85 тэрбум орчим болж нэмэгдсэн. Энэ нь манай эмнэлгийн гүйцэтгэлийн үр дүнг харуулж байна. Зөв тогтолцоо руу шилжсэн. Гэхдээ хэрэгжилтэд алдаа оноо, сайн муу зүйл их бий. Ганцаараа гэхээс илүү баг хамт олноороо хэлэлцэж, шийдвэр гаргахыг чухалчилдаг. Ажилтнуудынхаа цалинг нэмэх бодлого барьж ажиллалаа. 2021 оноос хойш жил бүр цалинг нь нэмжээ. Тухайлбал, 2021 онд үндсэн цалинг 20, 2022 онд 50 хувь хүртэл нэмсэн. Өнгөрсөн онд ч мөн адил гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоос ажилтнуудаа урамшууллаа. Нийгмийн асуудлыг нь сайжруулахыг хичээдэг. Ачааллаас шалтгаалан эмч, сувилагчид ажлаас халшрах хам шинж сүүлийн үед их гарч байна. Ялангуяа сувилагч дутмаг байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болсон. Сувилагчид мэргэжлээрээ биш, өөр салбарт ажиллах тохиолдол цөөнгүй учраас хүний нөөцийн бодлогодоо анхаарч ажилладаг. Зарим тасаг, нэгжид ажиллаж буй сувилагчийн цалинг эмч нарынхаас илүү болгосон.
-Хэчнээн сувилагч шаардлагатай байна вэ?
-Манай эмнэлэгт одоогоор 30 орчим сувилагч шаардлагатай байна. Сургуулиа төгсөж буй оюутнуудаас эмнэлэгтээ ажиллуулж буй ч нөөц дутагдалтай хэвээр. Зарим ажилтан хотын захаас, холоос ирдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ сонгож, 30 хүнд 30 сая төгрөг өгсөн. Ипотекийн зээлд хамруулж, орон сууцтай болголоо. Хэрэв гүйцэтгэлийн санхүүжилт сайн байж жил бүр ашигтай ажиллаж чадвал ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж тухайн үедээ харж байсан. Эрүүл мэндийн даатгалын сан хязгаарлагдмал нөөцтэй ч арай ахиуг хүртэх гэж бүх л эмнэлэг “уралдаан”-ы байдалд шилжлээ. Үүнийг нь бүрэн олгож чадахгүй ураас эрүүл мэндийн даатгалын байгууллагаас тодорхой хязгаарлалт тавих, хасах тохиолдол их. Тиймээс 2022 оных шиг ашигтай ажиллаж чадахгүй байгаа.
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн тогтоол, шийдвэр байсхийгээд л өөрчлөгддөг. Энэ нь улсын эмнэлгүүд үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад сөргөөр нөлөөлөх болжээ. Тухайлбал, өндөр өртөгт тусламж, үйлчилгээг багц руу шилжүүлж, санхүүжилтийг бууруулсны улмаас алдагдалтай ажиллаж буй гэх юм. Танай эмнэлэгт ийм асуудал тулгарч байна уу?
-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад амбулаторийн тусламж, үйлчилгээнээс олдог ашиг маань буурсан. Сар бүр 300-400 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Даатгалын байгууллагаас хувийн эмнэлгүүдийн олон төрлийн үйлчилгээг санхүүжүүлж буйтай холбоотой. Жишээ нь, өвчтөнөө үзэхгүй, өөр эмнэлгийн үйлчлүүлэгчид компьютер томограф, MRI хийж, мөнгө олж байна. Үүнийг цэгцлэх үүднээс даатгалын байгууллагаас эмчид үзүүлэхээс эхлээд шинжилгээ, өндөр өртөгт оношилгоог нийлүүлээд багц болгосон. Хэд хэдэн төрлийн багц тусламж, үйлчилгээ гаргажээ. ЭМДҮЗ гаргасан тогтоол, шийдвэрээ тэр даруйд нь хэрэгжүүлдэг. Энэ нь багагүй бэрхшээл учруулж байна. Туршилтын хугацаагүй, сайжруулах боломж хомс. Улирлын шинж чанараас шалтгаалж өвчлөл ихэсвэл тухайн сард хэрэглэх нөөц хүрэлцэхгүй байх тохиолдол гардаг. Бидний ажлыг ЭМДЕГ-аас шалгаж санхүүжүүлдэг учир хаана хөрөнгөө төвлөрүүлэх, нэмэгдүүлэх вэ гэдэгт голчлон анхаардаг.
-Эрхтэн шилжүүлэн суулгах мэсзасалболУНТЭ-ийннэрийнхуудас. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг барих хөрөнгийг улсын төсөвт суулгасан юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Одоогоор 265 хүнд элэг, 360-аад иргэнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Мөн ясны чөмөг, цусны үүдэл эс 32 хүнд шилжүүлэн суулгасан. Зөвхөн тоо нэмэгдэх бус, илүү нарийн төвөгтэй мэс засал хийх болсон. Өөрөөр хэлбэл, Монголд хийж чаддаггүй мэс заслуудыг амжилттай нэвтрүүлж, тусламж, үйлчилгээг улам сайжруулж байна. Анх эс, эдийн бүх тохироо нь бүрдсэн хүмүүсийн хооронд мэс засал хийж байсан. Одоо бол тохироо нь бүрдээгүй, цусны бүлэг ондоо, цөсний суваг өөр гэх мэт нарийн ажиллавар шаардлагатай тохиолдлуудад ажиллаж байна. Хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгаж буй. Донорын нэг элгийг хоёр өвчтөнд суулгах жишээтэй. Элэг, бөөр шилжүүлэн суулгах гэж нийтэд нь яриад байгаа болохоос дотроо олон нарийн, хүнд хэлбэрийн хагалгаа хийдэг. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн өргөтгөлийн барилгыг 2009 онд ашиглах боломжгүй гэж нурааж, шинэ зураг төсөл гаргасан юм билээ. ЭМЯ-наас олон улсын тендер зарлаж, БНСУ-ын компани шалгарч, орчин үеийн эмнэлгийн зураг төслийг гаргасан. Энэ хугацаанд эмнэлгийн үе үеийн дарга нар шинэ төвийг барих чин хүслээр холбогдох газруудад санал тавьж, асуудал дэвшүүлж ирсэн. Цар тахал, эдийн засгийн хямрал гэсээр энэ жил төсвийг нь шийдвэрлэлээ. 2026 он гэхэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах орчин үеийн төвтэй болно гэж найдаж байна. Хэдийгээр элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байгаа ч хагалгаанд орох хүн олон бий. Эрхтэн шилжүүлэн суулгана гэдэг донор, өвчтөн хоёрт зэрэг хагалгаа явагддаг, 24 цагаас ч дээш хугацаанд үргэлжлэх нь бий. Үүний зэрэгцээ өдөр тутамд хийх хагалгаанууд гэж байгаа. Тиймээс долоо хоногт нэг удаа бөөр, элэг шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй. Хэрэв төвтэй болчихвол олон хүнд үйлчлэх боломжтой.
-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын сүүлийн үеийн дэвшилт технологи, эмчилгээг алдалгүй нэвтрүүлж чадаж байна уу. Хүн хүч, хөрөнгө гээд дутагдах зүйл бий байх.
-Шинэ технологи нэвтрүүлэхэд мөн л мөнгө хэрэгтэй. Монгол Улсад шинэ техник, технологи нэвтрүүлэх гэхээр санхүүжилт нь ЭМДЕГ-т тусгагдаагүй байдаг. Бид өөрсдийн хийж чадах тусламж, үйлчилгээний хүрээнд л тус газартай гэрээ байгуулсан. Уг гэрээнд тусгаагүй үйлчилгээнд санхүүжилт олгодоггүй гэсэн үг. “Уг тусламж, үйлчилгээг ойролцоогоор 50 хүнд үзүүлчих, тэгвэл Монголд нутагшлаа гэж үзэж санхүүжилт олгоё” гэдэг шаардлага тавьдаг. Онцгой албан татвар буюу архи, тамхины татварын орлогоос эрүүл мэндийн салбарт зарцуулах, ялангуяа шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олгоход анхаармаар байна. Мөн Монголд эмчлэх боломжгүй өвчнүүдийг анагаах Эрүүл мэндийн сайдын тушаалтай холбоотойгоор шинэ технологиудыг дэмжиж, багаар нь сургах, санхүүжилтийг олгох талаар ярьж байна. Энэ асуудал цаашид бага багаар шийдэгдэх байх.
-Монголд эмчлэх боломжгүй өвчнийг анагаахад танай эмнэлгээс аль чиглэлд нь ажиллах бол?
-Монголд эмчлэх боломжгүй 26 өвчин бий. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай эмч нар хоёр төрлийн өвчнийг нь Монголд эмчилж эхэлсэн. Донороос өвчтөнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн. Дараагийнх нь зүрхний хүнд хэлбэрийн бөглөрөлт өвчний үед сэтгүүрдэх эмчилгээ юм. Эдгээр эмчилгээг олон хүнд хийх шаардлагатай ч санхүүжилт нь шийдэгдээгүй байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу манай эмнэлгээс меньери өвчнийг эмчлэх эмч нарыг бүрдүүлж, багаар нь гадаадад сургахаар боллоо.
-УНТЭ-т жилд хэчнээн хүн үйлчлүүлдэг бол. Голлох тусламж, үйлчилгээ гэвэл?
-Өдөрт ойролцоогоор 3000 орчим хүн амбулаториор үйлчлүүлдэг. Зарим тохиолдолд 6000 хүрэх нь ч бий. Гэхдээ эмчид үзүүлж буй хүний тоо хязгаартай. Эрүүл мэндийн даатгалын шинэ журмаар эмч нэг өвчтөнийг 10 минут үзэх заалттай. Ажлын цагт амжиж үйлчлүүлэгчээ үзнэ гэх тооцоход бүх тасаг, нэгж өдөрт 1000 гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тусламж, үйлчилгээний гол цөм нь ерөнхий мэс заслын тасагт өрнөдөг. Түүнчлэн ходоод, элэг, цөс, бөөрний өвчлөлийн цогц тусламж, үйлчилгээг нэрлэж болно. Мөн уушги, зүрх, судас гээд маш олон төрлийн эмчилгээ хийдэг.Ер нь УНТЭ эмнэл зүйн тусламж, үйлчилгээний гол цөмийг үүрч яваа гэж боддог.
-Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Хөгжиж буй орнуудад эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийн төлбөр нь нэлээд өндөр. Эрүүл мэндийн систем нь өндөр хөгжсөн улс оронд ДНБ-ий багагүй хувь нь эл салбар луу чиглэдэг. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг хангалттай болгохын тулд улсын төсвөөс санхүүжилт төвлөрүүлэх, даатгуулагчийн төлбөрийг нэмэгдүүлэх, хамтын төлбөрийг үйлчилгээ бүрд байлгах шаардлагатай гэж боддог. Тухайлбал, үйлчилгээний төлбөрийг нь улсаас 100 хувь шийддэг тусламж, үйлчилгээ цөөнгүй. Үнэ төлбөргүй учир иргэд эмчилгээний дараа гам барихгүй, хяналтдаа ирэхгүй байх зэргээр хэнэггүй хандах нь бий. Япон, БНСУ-д тэтгэврийн насныхан, халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд ч тусламж, үйлчилгээний тодорхой хувийг халааснаасаа гаргадаг. Архаг, хууч өвчинтэй хүн нэмэгдэхийн хэрээр улсаас гаргах санхүүжилт өснө. -Нөгөө талаас эрүүл мэндийн даатгалаа олон жил төлсөн ч үр ашгийг нь хүртдэггүй тохиолдол цөөнгүй. Хэрэв төрийн өмчийн эмнэлгүүд чанартай тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй хүргэдэгболиргэдхувийнхыгсонгохгүй болов уу? -Үйлчлүүлэгчид шатлалаа зөв сонгох хэрэгтэй. Өрх, сумын эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээг гуравдугаар шатлалын эмнэлгээс авах гэж дайрч, ачаалал ихэсгэдэг талтай. Мөн улсын эмнэлгүүд менежментдээ анхаарч, аль болох түргэн шуурхай үйлчлэх шаардлага бий. Улсын эмнэлэгт тулгарч буй бэрхшээл ачаалал хэт ихэссэнтэй холбоотой. Тиймээс иргэд эмчид үзүүлэхээс эхлээд цогц тусламж авахын тулд олон хоног явж байна.
-Эмч нар оношлоод, эмчлээд л байдагч барагддаггүй. Эрт илрүүлэгт хамрагдсан1.4 сая иргэний 1.1 сая нь ямар нэгэн өвчтэй гэж бүртгэгджээ. Ийм байхад манай эрүүл мэндийн тогтолцоо зөв голдирлоор явж байна уу?
-Нийт хүн амын дунд өвчлөл өндөр байна. Энэ нь эрүүл мэндийн салбар, бүтэц, зохион байгуулалт буруу явж ирсний илрэл. Нийгмийн эрүүл мэнддээ илүү сайн анхаарах байж. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөхгүй байхад анхаарч, төр засгаас хэрэгжүүлэх бодлого орхигдсон. Үүний улмаас иргэд олноор өвдөж, эмнэлгийн ачааллыг нэмж байна. Өнгөрсөн оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ онд Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа. Одооноос үүнд анхаарч байна. Эрүүл хооллох, амьдралын зөв хэв маягт шилжих, спортоор хичээллэх, дасгал хийх, хорт зуршлаас хол байхыг багаас нь зааж ойлгуулсны дүнд өвчлөл буурна. Гэхдээ мэдээж үр дүн богино хугацаанд гарахгүй. Тууштай бодлого, ажил өрнүүлж байж үр дүнд хүрнэ. Агаарын бохирдол, түгжрэл, нийгмийн бухимдал стресс үүсгэж байна. Стресс олон өвчний суурь болдог.
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг дэлхийн жишгээс 20-30 жилээр хоцорч явна гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Үүнтэй та санал нийлэх үү. Засгийн газраас ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-20-30 жил хоцорсон гэж хэлэхэд хэцүү. Өндөр хөгжилтэй оронд дөнгөж нэвтрүүлсэн технологийг манайд хэрэгжүүлж буй тохиол дол цөөнгүй. Хоцорч яваа ч салбар бий. Аль болох дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхахын тулд эмч, мэргэжилтнүүд их юм уншиж, судалж, өөрсдийгөө хөгжүүлж, шинэ технологийг нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. Аливаа зүйлийг ганц нэг удаа хийх биш, бүрэн нутагшуулж, өөрийн болготол хүч хөдөлмөр, цаг хугацаа хэрэгтэй. Үүнийг бодлогоор хэрэгжүүлэхийн тулд манай улс шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулах хэрэгтэй гэж боддог. Өндөр хөгжилтэй орны эмнэлгүүд дэргэдээ судалгаа, эрдэм шинжилгээний төвтэй. Төр засгаас нь төсөл зарлаж, тэтгэлэг олгож, санхүүжүүлдэг. Ингэж шинэ технологиудыг нэвтрүүлэх жишээтэй. Энэ нь эргээд өөрийгөө санхүүжүүлэх механизм болдог. Манай улс эрүүл мэндийн судалгаа, шинжилгээнд анхаарч, төр засгаас хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тэгж байж анагаах ухааны хөгжил, эс, эд, молекул, гений түвшинд хөгжинө. Орчин үед анагаах ухааны хөгжил гений түвшинд яригдаж байна шүү дээ. Энэ тал руу нь сайн хөгжүүлэх хэрэгтэй. Судалгааны лаборатори улсын аль ч эмнэлэгт байхгүй. Анагаах ухааны хүрээлэн гэж тусдаа байгууллага бий. Тэнд эмнэл зүйн гэхээс илүү нийгмийн эрүүл мэндийн судалгаа голдуу хийдэг. Гуравдугаар шатлалын эмнэлгүүд судалгааны хүрээлэнтэй байж, шинэ технологиудыг нэвтрүүлснээр анагаах ухааны салбар илүү хурдацтай хөгжинө.
-100 жилийн ойгоо хэрхэн угтахаар төлөвлөж байна вэ?
-Бид анхдагч, манлайлагч гээд яриад суух нь орчин цагт нийцэхгүй болжээ. Сүүлийн жилүүдэд бусад эмнэлэг, ялангуяа хувийн хэвшлийнхэн хурдацтай хөгжиж байна. Тэдэнтэй өрсөлдөх, бие биеэсээ суралцаж, дагаж хөгжих хэрэгцээ үүссэн. Зөвхөн эмнэлгийн байр, тоног төхөөрөмжийг шинэчлэх бус, хөгжлийн үр шимийг ард түмэн хүртдэг байх ёстой. Иргэд бухимдал багатай эмчлүүлж, чирэгдэлгүй үйлчлүүлэхэд анхаарч байна. 100 жилийн ойгоо баяр тэмдэглэж, бие биеэ шагнаж, одон, медаль зүүж өнгөрүүлэхгүй гэж бодож байгаа. Түүхэн ойн хүрээнд эмнэлгээ сурталчлах, эмчилгээ, үйлчилгээгээ сайжруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж гэж харж байна. Тиймээс ойн хүрээнд 100 бүтээлч ажил хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотой хэд хэдэн ажлын хэсэг гаргасан. Жишээлбэл, олон улсын эрдэм шинжилгээний хурал, спорт өдөрлөг, үйлчлүүлэгчид чиглэсэн цөөнгүй ажил зохион байгуулахаар бэлдэж байна.