Хотын удирдлага, холбогдох албаныхан олигтой зүйл барьж чадахгүй хэрнээ буулгаж нураахдаа тун сайн гэдгийг илэрхийлэх жишээ нь Урт цагаан билээ. Албан нэрээр бол Чингэлтэй дүүргийн III хороон дахь Нийслэлийн өмчийн III байр, олны нэрлэж заншсанаар Урт цагааны барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард “нүд ирмэхийн” зуурт л буулгачихсан юм. “Энэ барилга хотын түүхийн нэг хэсэг учраас буулгаж болохгүй. Учир нь XX зууны Улаанбаатарын бүтээн байгуулалтын үеийн түүхийг өгүүлэх ууган барилгуудын нэг” гэж олон хүн эсэргүүцсэн ч албаныхан нь тоосонгүй, идэр есийн хүйтэн ч гэж халшралгүйгээр долоохон хоногийн дотор газрын хөрснөөс арчиж орхисон.
Тухайн үед нийслэлийн холбогдох албаныхан “Иргэдээс санал асуулга явуулахад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн” гэх үндэслэл хэлж байв. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүний талаар “Урт цагааныг цэцэрлэгт хүрээлэн бүхий аялал жуулчлалын гудамж болгоно” хэмээн мэдэгдсэнийг олон нийт одоо ч мартаагүй биз ээ. Бас Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү “Хүйтний улиралд барилгыг буулгана. Дулааны улирал эхлэнгүүт цэцэрлэгт хүрээлэн байгуулна” гэж ярьж байлаа.
Гэвч дулааны, бас аялал жуулчлалын улирал шувтрах цаг хаяанд ирээд буй атал Урт цагаанд жуулчны гудамж, цэцэрлэгт хүрээлэн барих ажил огт эхэлсэнгүй. Өнгөрсөн тавдугаар сард албаныхан Урт цагаан орчимд гүний усны буюу гидрогеологийн судалгаа хийж эхэлсэн талаар мэдээлээд л түүнээс хойш сураг алдарсан. Ер нь ямар ч ажил эхлэхгүй байсаар хүйтний улирал эхэлж, газар хөлдөх төлөвтэй байна. Хотын даргын тайлбарласнаар бол Урт цагаанд газар доогуурх авто зогсоол хийнэ гээд байгаа шүү дээ.
Урт цагааныг тохижуулах мөнгийг уг нь нийслэлийн энэ оны төсөвт тусгачхаад байгаа. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотын энэ оны төсвийг тодотгохдоо Урт цагаан, 32-ын тойрог орчмын тохижилтод зарцуулах 60.7 тэрбум төгрөгийг нэмж оруулсан юм. Дээрх дүнгээс 44 тэрбум төгрөгийг Урт цагааныг тохижуулахад зарцуулахаар төлөвлөсөн байсан. Барилгыг нь буулгангуутаа тохижуулах төсвийг нь ч ийнхүү маш шуурхай байдлаар баталсан гэсэн үг. Харамсалтай нь, ажил эхлэх боломж бүрдээд өчнөөн хугацаа өнгөрсөн атал ширхэг тоосго өрсөнгүй, ганц хадаас ч хатгасангүй. Урт цагаан харин автомашины зогсоол болчихлоо.
Үүнтэй холбоотойгоор “Урт цагааныг “хадгалж” байгаад нэг л өдөр газарт нь өндөр барилга босгочих вий” гэж иргэд санаа зовоод эхэлжээ. Бас иргэд төсвийн 44 тэрбум төгрөг ч салхинд хийсэх вий гэж болгоомжилж байна. Ер нь юу ч хийхгүй байсаар ирэх өвөлтэй золгож, цэцэрлэгт хүрээлэн болгох тухай яриаг олон нийтийн ой санамжаас “устгах” юм биш биз дээ.
Бэлтгэсэн М.Оч