ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг өчигдөр мэдээлэл хийж, хоёр ажилтны хөдөлмөрийн харилцаанд маргаан үүссэн талаар болон бусад асуудлыг тодруулав. Тэрбээр “Тамгын газрын хоёр албан хаагчийн хооронд маргаан үүссэн нь үнэн. Ажил олгогч, албан хаагчид хөдөлмөрийн харилцаанд орохдоо бие биенээ үл хүндэтгэх, ажлын байранд дарамт учруулахыг Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулиар хориглодог. Энэ төрлийн маргаан үүссэн тохиолдолд хуулиар хамгаалсан эрхийн хүрээнд байгууллагынхаа удирдах ажилтан, холбогдох Ёс зүйн хороо, зөвлөл, Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл, ХЭҮК, шүүхэд хандах эрхтэй.
Цахим орчинд “ХЭҮК-ын гишүүд нэгнээ тагнасан, чагнасан. Улмаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг нь илэрч Захиргааны хэргийн шүүхэд очлоо” гэх мэдээллийг нэр бүхий иргэд түгээсэн. Энэ нь ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Комиссын албан хаагчдын дунд үүссэн маргаантай холбоотой гомдлыг авч, хянаад “Ёс зүйн маргаан байх үндэслэлтэй” гэж үзээд холбогдох газарт нь шилжүүлсэн. Ёс зүйн хорооноос ч ийм зөрчил гаргасан гэдэг дүгнэлт ирүүлсэн. Албан хаагчид тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд дээд шатны байгууллагад хандах эрх нь нээлттэй” гэсэн юм.