Нийслэлийн зам, талбай уламжлал ёсоор мөс, цасанд хучигдаж, хаа сайгүй гялаан гөлөөн үүсээд байна. Үүний улмаас хөгшин, залуугүй халтирч унан, гэмтэж бэртэх нь олшров. Тодруулбал, манай улс зам, талбай барьж, байгуулах стандартаа мөрддөггүй, орчны эрүүл ахуйн дүрэм журмаа хаана хаанаа биелүүлдэггүйгээс сүүлийн жилүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтэл огцом нэмэгдэх боллоо. Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-д 2021 онд ийм осол гэмтлийн 3849 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд эл үзүүлэлт 8547-д хүрч ихэсжээ. Өөрөөр хэлбэл, халтиргаа гулгаанаас улбаатай өвчлөл жил ирэх тусам 45-55 хувиар нэмэгдэж, тэр хэрээр иргэд болон эрүүл мэндийн салбарын эдийн засагт дарамт учруулсаар байгаа юм.
Уг нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртлийн буруутан нь бидний нүдэнд ил, тэднийг хариуцлагажуулах замаар осол, гэмтлийг бууруулах бүрэн боломжтой. Даанч иргэд ч, аж ахуйн нэгжүүд ч, хяналт тавих эрх бүхий байгууллагууд нь ч ялгаагүй холбогдох хууль, дүрэм журмаа мэддэггүй, мэдсэн ч мөрддөггүйгээс явганаас унаж бэртэх тохиолдол нийслэлчүүдийн “шүдний өвчин” болоод буй билээ. Эрүүл ахуйн тухай хуульд гэхэд л аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшил газар, хүрээлэн буй 50 метр хүртэлх талбайнхаа аюулгүй байдлыг хангаж, хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Үүнийг бид нийтээрээ шахам мэддэг. Гэтэл нийслэлд хэдхэн хоногийн өмнө орсон их цасны дараа байгууллагууд энэ үүргээ төдийлөн биелүүлсэнгүй.
Албан байгууллага, үйлчилгээний газрууд хашаан доторх цас, мөсөө сайн цэвэрлэж, ширхэг ч цас үлдээлгүй шүүрдсэн байх чинь лээ. Харин хашаа, эзэмшил газрынх нь ойр орчмын талбай, явган хүний зам одоо ч дагтаршсан цастайгаа л байна. Үүнээс харвал хувийн хэвшил, үйлчилгээний байгууллагынхан хашаагаа цэвэрлэчхээд хогоо давуулж шидээд, үүд рүүгээ гарч угаадас, үнсээ асгаад байдаг арчаагүй айлуудаас ялгарах зүйлгүй аж. Орчны цас, мөс нь олны хөлөөр индүүдэгдэн, хүн явахын эцэс ч алга. Цас ороод 10 хонож байхад шатныхаа хунгарыг шүүрдээгүй нь байх. Хот тохижилтын газрынхан нийтийн эзэмшлийн зам, талбайн мөс тошинг хүрзэдсэн хэвээр ч халтиргаа гулгаа багасаж, гийгүүлсэн юмгүй л байна.
ГССҮТ-ийнхөн 2015 оноос осол, гэмтлийн тандалтын тогтолцоог улсын хэмжээнд бүрдүүлж, бүх шатны эрүүл мэндийн байгууллагаас ийм шалтгаант өвчлөлийн статистик, үйлчлүүлэгчдийн мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийдэг болсон билээ. Үүний хүрээнд төвийн Статистик, тандалт судалгааны албанаас Монгол Улсад бүртгэгдсэн осол, гэмтэл, гаднын шалтгаант өвчлөл, нас баралтын байдалд тархвар зүйн судалгаа хийж, шигшин “2019-2023 онд бүртгэгдсэн осол, гэмтлийн тархвар зүйн судалгаа”-г гаргаснаа уржигдар танилцуулав. Тус судалгаанд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод буй осол, гэмтлийг тэр дундаа урьдчилан сэргийлэх боломжтойг нь бууруулахад анхаарал хандуулахгүй бол хаана хаанаа хэцүүдэх нь гэдгийг онцолжээ.
Нийслэлд аравдугаар сарын сүүлчээр орсон ганцхан удаагийн цаснаар ГССҮТ-ийн ачаалал 50 хувиар нэмэгдэж, унаж бэртсэн 86 хүн тусламж, үйлчилгээ авчээ. Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд нийслэлд их хэмжээний цас ороход, түүнээс хойш өнөөдрийг хүртэл халтирч гулгаснаас болж хөл, гараа хугалсан, хуруу сарвуугаа бяцалсан, ууц сүүжээ гэмтээсэн, өвдөг тохойгоо шалбалсан хүн өдөрт 20-30-аар тогтохгүй ирсээр байгааг ГССҮТ-ийнхөн хэлсэн. Түүнчлэн арагш хүчтэй савж унаснаас гавал, тархины яс нь цуурсан, хагарсан, түнх нь мултарч, дунд чөмөг, сүүжний яс нь хугарсан зэрэг хүнд гэмтэл ч цөөнгүй бүртгэгдсэн аж. Тиймээс тус төвийн эмч нар иргэдийг цас, мөстэй замаар урагш бөгтийж алхах, оцон шувуу мэт ойр ойрхон гишгэх, халтирдаггүй резинэн ултай гутал сонгох, хүүхэд, хөгшдийг гадуур ганцааранг нь явуулахгүй байх зэрэг зөвлөгөө өгөхөөс хэтрэхгүй байгаагаа учирласан. Тэд “Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ядахдаа орчны цас, мөсөө цэвэрлэчихдэг бол энэ төрлийн осол, гэмтэл буурна шүү дээ. Манай нийслэлд нийтийн эзэмшлийн гэх газар бараг байхгүй. Явган хүний зам нь хүртэл аль нэг албан байгууллагын эзэмшлийн бүсэд хамаардаг. Тиймээс дор дороо үүрэг, хариуцлагаа ухамсарлачихвал нэг төрлийн өвчлөл буурах, цаашлаад огт гарахгүй байх ч боломжтой. Учир нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт осол, гэмтлийн 40 гаруй хувийг явганаас унаж бэртэх тохиолдол эзэлсээр байна” гэсэн юм.
Нэг жишээ дурдъя. Иргэн У нэгэн үйлчилгээний байгууллагын шатнаас өнгөрсөн жилийн өдийд халтирч унахдаа эрүүгээ хүнд гэмтээж. Тэрүүхэн зуур юу болсныг ойлгоогүй өндийтөл эрүүнийх нь доод хэсэгт язарсан байж л дээ. Ингээд амны цаасаар шархаа даран, ГССҮТ-д очиж үзүүлтэл “Дөрвөн оёдол тавиулахаар байна” гэхэд нь л сая нэг юу болсныг ойлгосон гэж ярив. Тухайн үед нийслэлд бага зэргийн цастай, дулаахан өдөр тохиож. Харамсалтай нь, түүний унасан газрын үйлчилгээний байгууллагын шат эгц босоо, дээрээс нь халтиргаа гулгааны ямар ч хамгаалалтгүй байсан гэв. Тэрбээр “Өнгөрсөн жил халтирч унасан газрынхаа дэргэдүүр саяхан явтал өнөөх л бахь байдгаараа, гөлгөр хавтангаар хийсэн шатныхаа гишгүүрүүдэд адаглаад хивсэнцэр, резин ч наачхаагүй байна лээ. Хүн хохироочхоод уучлаарай ч гээгүй шүү дээ” хэмээн эгдүүцсэн. Тэрбээр буух эзэн, буцах хаягтай байгууллагын үүдэнд унаж бэртээд, бүр гоо сайхнаараа хохирсон ч тухайн газраас ямар нэгэн хариуцлага нэхэж чадаагүй. Учир нь энэ тохиолдолд яах ийх ёстойг тэр бусад хүний адил төдийлөн мэддэггүй аж.
Халтирч унаад, гэмтсэн тохиолдолд өөрт ч, өрөөлд ч, эмнэлэгт ч хохиролтой. Гэмтлийн эмнэлгийн эм, тариа, ариутгалын бодис, боолт, оёдлын утас, хадаас зэрэг хэрэглэгдэхүүн хямд өртөгтэй биш. Цаашлаад тухайн хүн бэртсэний дараа ясны хугарал гэхэд 1-2 сарын дараа эдгэрч, хэвийн амьдралд шилжих боломжтой. Хүнд хэлбэрийн гэмтлийн үед түүнээс ч урт хугацаанд гам барьж, ажлаа хийх боломжгүйд хүрдэг. Иймд иргэд явганаас унаж бэртэн, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирсон тохиолдолд түүнийгээ нэхэмжилдэг байя. Хохирлоо барагдуулах талаар наад захын хууль, эрх зүйн мэдлэгтэй болцгооё. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, алдаагаа давтахгүй байхад суралцах биз ээ.
Халтирч унаад гэмтсэн бол хохирлоо ингэж барагдуулаарай
Эрүүл ахуйн тухай хууль:
Тус хуулиар хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулна.
• 4.4.3 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмч, эзэмшил, ашиглаж буй газрынхаа орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийг арчлах
• 13.1.6 Энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайн хог хаягдал, тогтоол ус, цас мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага хайсыг бүрэн бүтэн байлгах
Тайлбар: Байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газар, түүнээс гаднах 50 метр талбайд халтиргаа гулгаа, замын эвдрэлээс үүдэн унаж бэртэх, автомашины осол гарсан тохиолдолд гэмтсэн иргэдийн эмчилгээний зардал, өвчтэй байх хугацааны цалин, орлогыг тооцсон нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцан, төлөх ёстой. Эхний ээлжид тухайн байгууллагад хандан хохирлоо шаардана. Хохирлыг сайн дураар барагдуулахаас татгалзвал Иргэний шүүхэд хандах шаардлагатай.
Харин бусад талбайн цэвэрлэгээ, тохижилттой холбоотой зөрчлийг тус хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу нийслэлийн Засаг даргын хүлээсэн үүрэгт хамааруулна. Тодруулбал, явган хүний зам, талбай, нийтийн зэмшлийн шатыг чулуун гөлгөр хавтангаар, стандарт бус хийснээс үүдэн хүн халтирч гэмтсэн тохиолдолд хариуцлагыг хотын удирдлагуудаас нэхэх эрхтэй гэсэн үг.
• 11.1.6 Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг (нийслэлийн Засаг дарга)хариуцах гэж заажээ.
Иргэний хууль:
• 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан, арилгах үүрэгтэй.
Захиргааны ерөнхий хууль:
• 100.1 Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.
Тайлбар: Тус хуулийн хүрээнд иргэд нийслэлийн Засаг дарга, эсвэл холбогдох захиргааны бусад байгууллагаас эхний ээлжид хохирлоо шаардах эрхтэй. Хэрэв хохирлыг барагдуулахаас татгалзвал дээрх заалтын дагуу Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах замаар асуудлаа шийдүүлэх, эсвэл Иргэний шүүхэд хандаж болох нь.