Улс орондоо онц байдал тогтоох гэсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын оролдлого бүтэлгүйтэж энэ сарын 3-ны орой Парламент нь түүний саналыг дэмжсэнгүй. 300 депутатын 190 нь татгалзсан санал өгөв. Үүний дараа Сайд нарын танхим мөн онцгой байдлыг цуцлах санал өгч, цэргийн анги, салбарууд нь хуучин байрлал руугаа буцжээ. Лхагва гаргийн өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров. Хэрэв Ерөнхийлөгч өөрөө огцрох хүсэлтээ гаргахгүй бол түүнд итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг хөндөнө хэмээн парламентад олонх байгаа Юн Сок Ёлын сөрөг хүчин АН-ынхан мэдэгдлээ. Мягмар гаргийн орой Ерөнхийлөгч зурагтаар ард иргэддээ хандахдаа “Умард Солонгосоос учруулж болзошгүй “Коммунист хүчний аюул”-аас үндсэн хуульт дэглэмээ хамгаалах зайлшгүй арга хэмжээ нь дайны байдал бий болгох явдал” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр аюул Умард Солонгосоос төдийгүй даруй таслан зогсоовол зохих дотоодын “Төрийн эсрэг элементүүд”-ээс ч эхтэй аж. Хэдийгээр энэ хоёр улс одоо хэр нь дайны байдалд байгаа ч Умардаас чухам ямар аюул заналхийлээд байгааг Ерөнхийлөгч тодруулсангүй. Тэрбээр ард түмэндээ хандахдаа Засгийн газрын голлох албан тушаалтнуудад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хөндсөнөөр төрийн ажлыг гацааж байна гэж сөрөг хүчнээ буруутгав. Түүний хэлснээр бол өнгөрсөн хавар сонгууль болж шинэ Засгийн газар ажлаа эхэлсэн үеэс л Үндэсний хурал нь зарим прокурор, Дотоод хэргийн болон Батлан хамгаалахын сайдыг огцруулж, төрийн 22 албан хаагчид итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураана хэмээн сүрдүүлж иржээ. “Энэ нь чөлөөт БНСУ-ын үндсэн хуульт дэглэмийг илт үл тоомсорлож, Үндсэн хуулийн дагуу бий болсон төрийн хууль ёсны бүтцийг зөрчин, иргэний дайн өдөөх гэсэн оролдлого” гэж Юн Сок Ёл мэдэгдлээ. “Манай Үндэсний хурал гэмт бүлэглэлүүдийн үүр болж, улсынхаа шүүх-захиргааны тогтолцоог гацааж, хууль тогтоох дарангуйллаар гул барьж либерал ардчиллын системийг үгүй хийхийг оролдож байна” хэмээн тэрбээр ард түмэндээ хандан хэлсэн байна.
Эрх баригч нам хийгээд сөрөг хүчний аль нь ч дайны байдал тогтоохыг зөвшөөрсөнгүй. Парламентад олонх байгаа АН-ын удирдагч Ли Же Мён уг саналыг Үндсэн хуульд харш гэж үзсэн бол Ерөнхийлөгчийн “Ард түмний хүч” намын тэргүүн хууль бус гэж нэрлээд саад хийхээ амлажээ. Дайны байдлыг сахиулах үүрэг хүлээсэн генерал Пак Ан Сугийн захирамжид улс төрийн бүх үйл ажиллагааг зогсоож, түүний дотор парламент, орон нутгийн зөвлөлүүд, улс төрийн нам, холбоодын ажил, жагсаал цуглаан, ажил хаялтыг хориглосон байв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч цэргийн командлалын хяналтад орохоор байжээ. Энэ тушаалыг зөрчигсдийг баривчилж, саатуулан хуулийн байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр нэгжиж, шийтгэхээр заасан байлаа.
Пак Жөн Хи-г алагдсаны дараа 1979 онд Өмнөд Солонгост хамгийн сүүлд онц байдал тогтоож байжээ. Сая Ерөнхийлөгч нь ийм байдал тогтоох талаар мэдээлэл хийсний дараа Үндэсний хурлын ордны дэргэд хүмүүс цугларч, ордны үүдэнд цагдаа нар ирж, ордны дээвэр дээр нисдэг тэрэгнүүд харагдах болсон байна. Ордон руу зөвхөн Үндэсний хурлын гишүүд хийгээд ажилтнууд, сэтгүүлчдийг л нэвтрүүлж байв. Цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болсон талаар мэдээлэл түгжээ. Өмнөд Солонгосын Үндсэн хуульд зааснаар парламентын гишүүдийн олонхын саналаар онцгой болон дайны байдлыг цуцалдаг юм байна. Эхний өдрийн шөнө болоход Үндэсний хурлын ордны дэргэд цуглагсдын тоо ихээхэн нэмэгдэж, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан дуу чангарч байжээ. Шөнийн 02.00 цагт парламентын гишүүнтэй ярилцах тохиолдол олон байдаггүй ч ВВС-гийн сурвалжлагч Тим Фрэнкэд ийм завшаан олдсон байна. Өмнөд Солонгосын Үндэсний хурлын гишүүнээр АН-аас сонгогдсон Хон Ки Вон унтаж байтал эхнэр нь сэрээгээд Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлийн тухай дуулгахад нь эхлээд итгэсэнгүй, удалгүй Парламентын ордон руу ухасхийсэн гэнэ. Очтол цагдаа нар шалгаж байж дотогш оруулж. Түүний хэлснээр бол хуралдааны танхимд ороход уур амьсгал нэгдмэл, Ерөнхийлөгчийн намын гишүүд хүртэл болж буй үйл явдалд итгэхгүй байжээ. Хон “Энд ардчилал хүчтэй. Цэргийнхэн Ерөнхийлөгчийн биш, биднийг болон Үндсэн хуулийг л сонсох ёстой” гэж сэтгүүлчид өгүүлсэн байна.
Энэ хавар болсон сонгуульд Ерөнхийлөгчийн “Ард түмний хүч” нам ялагдсанаар тус намын дарга Хан Дон Хун, Ерөнхий сайд Хан Док Су нар огцорчээ. Сонгуулийн дараа АН Ерөнхийлөгчийн засаг захиргааг нэр хүндгүй хэмээн шүүмжилж, Хууль зүйн сайд байсан Чо Гул Ерөнхийлөгчийг “Эхлээд доголон нугас болгож байгаад дараа нь үхсэн нугас болгоно” гэж амлаж байжээ. Ерөнхийлөгч харин “Санаачилгаа хэрэгжүүлэх боломж олгохгүй байна” гэж парламентаа буруутгаж байв. Өөртөө хэрэгтэй хуулиудыг Ерөнхийлөгч батлуулж чадахгүй болохоороо сөрөг хүчнийхээ дэмжсэн хуулиудад нь хориг тавихад хүрдэг байсныг сэтгүүлч Жейк Квон сануулав.
2023 онд Ерөнхийлөгчийн гэргий Ким Гон Хи “Dior”-ын ганган цүнх барьж олны өмнө гарснаар хэл аманд орсон бөгөөд улс төрчид болон тэдний гэр бүлийн хүнийг өндөр үнэтэй бэлэг авахыг хориглодог атал уг цүнхийг бэлгэнд авсан байж болзошгүйгээс болж Юн Сок Ёл гэргийнхээ өмнөөс уучлалт гуйхад хүрч байв.
Солонгос судлаач, “Корё” их сургуулийн лектор Фёдор Тертицкийн тайлбарласнаар Ерөнхийлөгч онцгой байдал зарлачихсан ч Парламенттайгаа хэл амаа ололцсонгүй. Яг ийм явдал Орост, Ельциний үед 1993 онд тохиосон аж.
Солонгос нь нэг танхимтай парламенттай, одоо түүнд зүүнтний сөрөг хүчин олонх болоод байна. Тэгэхдээ Үндсэн хуулийн биш, ердийн олонх юм. Тодруулбал, “Парламентын олонхын баталсан хуульд Ерөнхийлөгч хориг тавьчихбал тэд яаж ч чадахгүй. Хоригийг давах аргагүй гэсэн үг. Ийм байдал Юн Сок Ёлыг эрх мэдэлтэй болсон үеэс тогтож, тэгэхдээ энэ нь Юны ч, сөрөг хүчний ч санаанд нийцдэггүй, тэд биендээ гойд таагүй хандана. Үүнд хоёр хүчин зүйлийг харгалзан үзэхээс аргагүй. Юуны түрүүнд Ерөнхийлөгчийн чансаа их доогуур, сүүлчийн санал асуулгаар 20 хувь орчим байгаа. Хоёрдугаарт, сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён айхтар зүүний үзэлтэй, зүйрлэвэл суудлаас нь Пиночет авч хаясан Чилийн Ерөнхийлөгч агсан Сальвадор Альенде гэсэн үг.
Анзаарваас тэдэнтэй хэл амаа ололцож чадахгүй, тэгээд ч тэд гэргийнх нь доогуур ухаж, малтаад, ер нь ч тэгээд тэргүүн хатагтайн эргэн тойронд авлигатай холбоотой дуулиан шуугиан зөндөө. Парламент ч түүний эсрэг үндэслэлтэй шүүмжлэл өрнүүлж буй учраас Юн эрсдэлтэй алхам хийж, онцгой байдал зарлахаар шийдэж гэж бодогдож байна. Хуульд зааснаар энэ тохиолдолд онцгой байдлын удирдлага бий болно. Ийм хүнээр хуурай замын цэргийн Штабын дарга, генерал Пак Ан Суг томилж, тэрбээр юуны түрүүнд парламентын үйл ажиллагааг зогсоосноор Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураах боломжгүй болгоно. Ийм нөхцөлд сөрөг хүчин багтартлаа уурлаж, удирдагч Ли Жэ Мён нь баривчлагдахаас болгоомжилно. Гэтэл Ерөнхийлөгчийн өөрийнх нь “Ард түмний хүч” намын тэргүүн Ерөнхийлөгчид тэгтлээ таатай ханддаггүй Хан Дон Хун даруй Юныг эсэргүүцэж, иргэдтэйгээ хамтран үүнийг зогсооно хэмээн өөрийн хандлагыг маш шулуухан, тун хатуухан хэлж орхив. Сөүлд цэргүүд, хуягт танкууд ороод ирчихсэн, цэргийн дүрэмт хувцастай хүмүүс парламентын ордон руу орох гэж оролдож байхыг телевизийн нэг сувгаар харуулж байв. Юныг энэ удаа зогсоож чадвал түүний өгсөх албан тушаалын шат үүгээр дуусна. Юн чухам юунд найдаж байгааг би ойлгохгүй байна. Улс төрийн хямрал хурцдаж, үр дүнд нь нэг нь нөгөөгөө залгина. Юныг л залгичих болов уу.
Ер нь Өмнөд Солонгосын улс төрийн намууд тун тогтворгүй, нэрээ байсхийгээд солино, амархан тарна, тун төвөггүй нэгдэнэ. Бүхэлд нь авч үзвэл баруун, зүүний гэсэн хоёр том нам байдгийн барууных нь Юных, зүүнийх нь сөрөг хүчин юм. Барууны нам АНУ-тай хэлхээ холбоотойгоо ихэд онцолж, Японтой сайн харилцаатай гэдэг. Юн энэ холбоо харилцаандаа маш “идээшлэг”-тэй ханддаг, түүний дуртай ажлын нэг нь Вашингтон юм уу, Токиод очих. Умарддаа тун таагүй хандаж, өндөр ханаар тусгаарлах нь зүйтэй гэж үздэг. Хятад, Оростой харилцахыг ихээхэн төвөгтэй гэсэн байр суурьтай байдаг. Тэгвэл зүүнтнүүд Умарддаа илүү зөөлөн бодлого баримтална. Тэднийг би хувьдаа Америкийн эсрэг үзэл бодолтой гэмээр байдаг.
Баруунтан, зүүнтний санал зөрөлдөөн нь эдийн засгийн юм уу, нийгмийн асуудалтай холбоогүй. Өмнөд Солонгост гадаад бодлого хийгээд туулсан замаа эргэн харж хараах нь их. Тухайлбал, цэргийн эргэлт хийж эрх мэдэлтэй болсон, хэсэг хугацаанд иргэний засаглалтай, шударга сонгуулиар гарч ирж байснаа сүүлдээ цэргийн дарангуйлал тогтоосон Ерөнхийлөгч асан Пак Жөн Хи байна. Түүнийг 1979 онд тусгай албаных нь дарга хөнөөсөн. Тэгэхлээр түүний үед л эдийн засгийн гайхамшиг бий болсон болохоор Пан Жөн Хи сайн хүн байв уу, эсвэл дарангуйлагч байсан тул тэр новш уу? Энэ сэдвээр мөнхөд маргалдаж ч мэднэ.
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун мэдээж энэ бүх үйл явдлыг анхааралтай харж байгаа. Харин ямар нэг хандлага илэрхийлээгүй аж. Ойрын үед Өмнөд рүүгээ довтлох дохио тэмдэг алга. Хэрэв Юн Сок Ёлыг “аваад хаячихвал” тэд баярлана. Одоогийн сөрөг хүчний удирдагч Өмнөдийн төр, засгийн эрхэнд гарахыг Умард ихэд хүсэж буйд эргэлзэх юун.