Олон улсын прокуроруудын холбооны Ази, Номхон далайн бүсийн 11 дүгээр чуулган БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгод болж, улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Чуулганд оролцогчид “Технологийн эрин үед прокурорын үйл ажиллагааг үр дүнтэй хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд санал бодлоо илэрхийлсэн байна. Техник, технологийн хурдацтай хөгжлийг дагаж дэлхийн улс орнууд урьд өмнө байгаагүй шинэ сорилтуудтай тулгарч буйтай холбоотойгоор технологид суурилсан кибер гэмт хэрэгтэй тэмцэхэд прокуроруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал болохыг онцлон хэлэлцсэн аж.
Манай прокурорын байгууллагын төлөөлөгчид эл чуулганы үеэр Сингапур, Малайз, Вьетнамын прокуроруудтай уулзаж, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа болон прокурорын байгууллага дахь дижитал шилжилт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны техникийн дэвшил, дижитал нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, кибер гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар тохиролцжээ.
Мөн улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон улсын прокуроруудын холбооны удирдах албан тушаалтнуудтай уулзаж, 2025 онд Монголд зохион байгуулах тус холбооны Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дугаар чуулганы бэлтгэл ажлын талаар ярилцсан байна.
Түүнчлэн эл чуулганы үеэр улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Тайландын ерөнхий прокурор Пирах Порнсомбонсиртэй уулзаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон, хоёр орны прокурорын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцжээ.