Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр орны холбогдох байгууллагууд гадаад худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын гаалийн тарифыг бууруулах, бичиг баримт бүрдүүлэлтийг хялбаршуулах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсон, зохих шатны газруудтай хамтран ажиллаж буй билээ. Үүний хүрээнд Монголоос Япон руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээг цахимжуулахаар болжээ.
Монголоос Их наран улс руу 97 бүлгийн 5700 орчим төрлийн барааг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох хэлэлцээг анх хийсэн ч өдгөө 3429 төрлийн бүтээгдэхүүний гаалийн тарифыг 59 хувиар чөлөөлөөд байгаа аж. Тэгвэл ирэх оны тавдугаар сараас эхлээд эдгээр бараа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг PDF форматаар нийлүүлэгчдэд олгох нь. Ингэснээр гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж, худалдааны эргэлтийг сайжруулах ач холбогдолтой гэнэ.