УИХ-ын сонгуулийн санал хураалт эхлээд таван цаг болж байна. Сонгуулийн санал хураалт хэвийн явагдаж буй бөгөөд ирц 20 гаруй хувьтай байгааг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ. Тодруулбал, 11.00 цагийн байдлаар 400 мянга гаруй саналаа өгөөд байна. Ирц өмнөх сонгуулиудтай харьцуулахад өндөр байгаа аж. Өмнөх сонгуулиудад 11.00 цагийн байдлаар ирц 10 гаруй хувьтай байдаг байв.
“СЕХ-ноос 11.00, 17.00, 21.00 цагуудад сонгуулийн санал хураалтын явц, ирцийн мэдээллийг албан ёсоор мэдээлнэ. Сонгуулийн ерөнхий дүн өнөөдөртөө багтан гарна” гэж СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран мэдээллээ.
Энэ жил ирцийн мэдээллийг Сонгуулийн Ерөнхий хороонд байрлуулсан дэлгэцээр шууд үзүүлж байгаа аж. Тиймээс мэдээллийн цагаа уртасгаж, 11:40, 17:00, 21:00 цагаас хэвлэлийн бага хурлыг хийхээр тогтсон. Оройн 22 цагаас бүх хэсгийн хороод хаагдана. Сонгуулийн дүн өнөөдөртөө багтаж урьдчилсан байдлаар гарна.
Хилийн ойролцоох 12 хэсгийн хороо ажиллаж байгаа ба тэдгээр нь сүлжээгүй тул төв рүүгээ ирж мэдээллээ дамжуулна. Мөн цагдаагийн байгууллага зөрчил маргааныг хянах ажлын хэсгийг байгуулаад буй.