Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэд энэ удаагийн сонгуулиар хамгийн түрүүнд сонголтоо хийж, саналаа өгсөн. Тэгвэл өнөөдөр 09.00-22.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар саналаа өгөхөө илэрхийлж, хүсэлт гаргасан 16 352 иргэн улс төрийн сонголтоо хийх нь. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй болсон, Дайчилгааны тухай хуульд зааснаар нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд, мөн захиргааны журмаар албадан эмчлүүлж буй болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх боломжтой юм. Гэхдээ үүний тулд зургаадугаар сарын 21-нээс өмнө хүсэлт гаргах ёстой байв. Ташрамд дурдахад, эрүүл мэндийн шалтгааны улмаас зөөврийн хайрцгаар саналаа өгөх иргэд энэ тухай хүсэлтээ биеийн байдлын талаарх эмчийн магадлагааны хамт илгээх хугацаа уржигдар дууссан билээ.
Харин бусад сонгогч маргааш улс төрийн хариуцлагатай, зөв сонголтоо хийх учиртай.
Бэлтгэсэн С.Уул