Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1338 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
Сонгуулийн есдүгээр тойрог болох Баянгол дүүргээс УИХ-д гурван гишүүн сонгоно. 16 нам, хоёр эвсэл болон бие даагч нийт 50 нэр дэвшигч тэнд өрсөлдөж байна. МАН, АН, ИЗНН, Шинэ нэгдсэн эвсэл, Эх орон, Бүгд найрамдах, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Иргэний хөдөлгөөний, ХҮН, Ард түмний хүч, Эрх чөлөөний эвсэл, Иргэдийн оролцооны нэгдэл намынхан тус бүр гурван хүн сойжээ.
МАН уламжлал ёсоор УИХ-ын гишүүдээ явуулсан байна. Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нарын гишүүн болон дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нараас эдний баг бүрдэнэ. Х.Ганхуяг бол АНУ, БНСУ, Канадыг дамжин суралцсан, мэргэжил дээшлүүлсэн, харахад нэг л “цэмбэгэр”-ээс цаашгүй гишүүн. Баянгол дүүргийн сонгогчийн хувьд миний бие түүний юу хийснийг мэдэлгүй дөрвөн жил өнгөрсөн байна. Ж.Ганбаатар нь хоёр дахь бүрэн эрхээ дуусгаж буй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын “давхар дээл”-тэй гишүүн.
АН-аас тус намын экс дарга, хоёр ч шатны сонгууль дараалан намаа ялагдуулсан атлаа тамгаа өгөхгүй зууралдаж, хагалан бутаргах үйлсэд “гол дүр” бүтээсэн хүмүүсийн нэг болох С.Эрдэнэ нэр дэвшиж буй. Баянгол угаас “түүний тойрог”. Тус тойргоос хоёр удаа парламентад сонгогдсон түүнийг танихгүй сонгогч тун цөөн. Ахмадууд бол С.Эрдэнэд ам сайтай байдаг юм. Тойргоо хаяж зугтдаггүй, сонгогчдоо тойлоод байдаг учраас тэр. Харин нөгөө хоёр нэр дэвшигч нь шинэ хүн. Ц.Алтанцэцэг, Ц.Таванчулуу нар эдийн засагч мэргэжилтэй юм билээ.
ХҮН намаас химийн инженер Ж.Золжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн багш Ш.Энхтуул, “Бүтээмжийн хандлага” институцийн гүйцэтгэх захирал Т.Золбоот нар өрсөлдөж байна. Тэгвэл Үндэсний эвслээс Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “BASU” брэндийн үүсгэн байгуулагч Н.Энхчимэг, “Сутайн буянт энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Хонгорзул гэсэн хоёр хүнийг илгээжээ. 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш УИХ-ын сонгуульд тасралтгүй оролцож буй гуравдагч хүчний нэг нам бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч. Тус намаас Баянгол дүүрэгт нэр дэвшсэн гурван хүнээ дарга Ш.Төмөрсүх нь ахалж буй юм. Хэзээ ч хангалттай дэмжлэг авдаггүй, гэхдээ бас бууж өгдөггүй өвөрмөц дүр төрх гэж түүнийг тодотгож болно. Мөн есдүгээр тойрогт Г.Нямдаржаа, С.Цэрэнсодном, Г.Шижирбат, Д.Энх-Амгалан нарын дөрвөн хүн бие даан нэрээ дэвшүүлсэн байна.
Харьцангуй цөөн өрсөлдөгчтэй, бас гэр хороолол багатай, төвийн гэж болохуйц энэ дүүрэгт онцгой, содон нэр дэвшигч алга. Тайван, нам жим, боловсон өрсөлдөөн энд өрнөж байна гэхэд болох юм.