УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өндөрлөх дөхөж байна. Нам, эвсэл, бие даагчид боломжийн хэрээр өрсөлдөцгөөж, бусдаас ялгарч онцгойрон сонгогчдын анхаарлыг татахыг хичээж буй. Ард түмэн МАН, АН хоёрыг сонгохгүй гэж хатуу шийдсэн нь өнөөгийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Тэд эрэл хийж байгаа. АН, МАН-аас бусад буюу сонгуульд өрсөлдөхөөр саналаа өгсөн хоёр эвсэл, 19 нам дотор олигтой юм байна уу гэж харж байна. Тэгвэл 2024 оны ээлжит сонгуулийн өмнө ард түмэндээ хэн нь хэн бэ гэдгийг ялгахад нь багахан ч атугай нэмэр болъё.
Өөрсдийгөө том гэж нэрлэдэг АН, МАН хоёрын дунд “зодоон” нь хэдийн эхэлсэн ч аль аль нь завчлан өрсөлдөгч хэмээн үзэж байгаа бусад намаа гөвж байгаа. Тэр дундаас Үндэсний эвсэл рүү илүү их дайрч байгаа нь нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээс тодорхой харагдаж байгаа болохоор Үндэсний эвсэл гол өрсөлдөгч нь гэж ойлгогдоно. Яагаад чухам Үндэсний эвсэл гэж. Ард түмний анхаарлыг татаж байгаа ХҮН, Шинэ эвсэл гэх мэт субъект уг нь байх юм. Энэ сэдвээр эрэл хайгуул хийж, хэвлэл, нийгмийн сүлжээгээр түгсэн материалуудыг ухаж үзвэл асуултын хариулт тодорхой болно.
ТҮҮХ СӨХВӨЛ: АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН АЛДАА БУЮУ МАН-ЫН ТӨРҮҮЛСЭН “АРДЧИЛСАН” ХҮЧИН АН
Ардчилсан хувьсгалын хамгийн том алдаа бол 70 жил Монголыг засагласан, одоо ч МАН нэрээр засаглаад байгаа МАХН-ыг тухайн үед татан буулгаагүйд оршино. МАХН-ыг татан буулгаж, улс төрийн үйл ажиллагааг нь хориглосон бол бүх намууд гарааны ижил тэгш нөхцөлтэйгөөр уралдаж өрсөлдөх, Монголын улс төр эрүүлжих гол нөхцөл нь болох байсныг олон судлаач өгүүлдэг.
“Ардчилсан хувьсгалын эцгүүд” хэмээн өргөмжлөгддөг Нэргүй доктор, Г.Бошигт, мөн Монголын тухайн үеийн түүхийн амьд архивт тооцогддог Дугар гээд тэр цагийн үеийн гэрч болсон ахмадуудаас өнөө ч зарим нь мэнд сэрүүн байна. Тэдний өгч байсан ярилцлага, бичсэн ном бүтээлээс үзэхэд МАХН-ыг татан буулгах ажлыг хийх зүрх зориг одоогийн “ардчилагчид” хэмээн гайхуулах АН-ынханд байгаагүй, байх ч боломжгүй байжээ. Учир нь тухайн үед Ардчилсан хувьсгалыг манлайлсан гэх, одоо ч Монголын улс төрд нэр нөлөөтэй байгаа улс төрчдийн олонх нь МАХН-аас буюу Нийгмийг аюулаас хамгаалах газраас тусгай даалгавартайгаар ардчилсан хүчнийг самруулахаар, үгүй юмаа гэхэд хүчийг нь сааруулахаар шургуулсан хүмүүс байсан гэдэг. Тэд ч өөрийн үүргийг гүйцэтгэж, шинэ нам, хөдөлгөөнүүд үүсгэхдээ Ардчилсан хувьсгалын гол зорилт болох “Төрийн дээр гарсан МАХН-аас салах” зорилтыг саармагжуулж, МАХН-ын үйл ажиллагааг хориглосонгүй. Ийнхүү МАХН-д цэнхэр буюу ардчиллын лагерт хамаарах намуудын үйл ажиллагааг өөрсдийн шургуулсан хүмүүсээр дамжуулан удирдах, чиглүүлэх боломжтой болсон юм. Үүнийг ардчиллынхны байгуулж байсан эвслийн Засгийн газруудын түүх ч тодорхой батална.
Ташрамд дурдахад, ардчиллаар жигүүрлэсэн бүхэл бүтэн үе бойжиж, МАХН-аас хариуцлага нэхэж, их хэлмэгдүүлэлтийнхээ төлөө уучлалт гуйж, татан буугдахыг шаардсан 2007-2010 оны үед зүсээ хувиргахаас өөр аргагүйд хүрч Данзан, Бодоо нарын хэрэглэж байсан МАН нэрийг сэргээн авсан билээ. Тэгээд МАН гэдэг шинэ нам юмуу гэхээр 100 жилийн түүхтэй нам гэж даналзана. Тэгвэл МАН нь МАХН-ын ноёлсон социализмын 70 жилийн ч, мөн ардчиллын сүүлийн 34 жилийн завхрал уналтын ч хариуцлагыг дангаар үүрэх ёстой гэсэн үг.
Ийнхүү МАН нь Монголын төрд өөрийн ноёрхлоо хадгалж үлдэхийн тулд, мөн гадаад, дотоододоо ардчилсан харагдах зорилгоор улс төрийн “жижиг” гэдэг намуудыг бодлогоор үүсгэж, тэжээн тэтгэж, хэрэгтэй үед нь МАН-аас хараат бусаар, жинхэнэ ард түмнээс төрсөн нам хүчин, хөдөлгөөнүүдийн эсрэг турхиран ашигласаар иржээ. Үүндээ ч гаршсан байна.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ИЙГ НАМНАХ МАН-ЫН ГОЛ ЗЭВСЭГ НЬ ШИНЭ ЭВСЭЛ МӨН ҮҮ
Ингэж бодох шалтгааныг энэ сонгуулиар Шинэ намаас явуулж байгаа бодлого, сурталчилгаа өөрийн эрхгүй төрүүлж байна. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “шударга тав” хэмээн пиардаж явах ардчилсан угшилтай Лу.Болд, Ж.Батзандан нар “журмын нөхөд” болон дэмжсэн. Үүнийхээ шагналд Лу.Болд нь Шинэ намыг байгуулж, Элчин сайд хэмээх эрхэм цолоор шагнуулсан. Тэд өдгөө хол хөндий байгаа мэт үзэгдэвч үнэн хэрэгтээ нягт холбоотой ажиллаж байгааг нь Шинэ эвслийн нэр дэвшилт нотолсон. Уг эвслийн нэр дэвшигчид дотор Л.Оюун-Эрдэнэ, Н.Энхбаяр, “Женко” Х.Баттулгын гэх тодотголтой хүмүүс цөөнгүй байна. Энэ эвслийнхэн бодлогын түвшинд ч “копи паст” хийж, үндэсний ардчилсан үзэл бол манай үзэл баримтлал хэмээн тунхаглаж байна. Мөн нэр дэвшигчдийнх нь яриа ухуулгад нь улс орны бодлого гэхээс илүүтэй, бусдыг муучилсан, ямар ч хамаагүй аргаар нухчин дарах гэсэн эрмэлзэл давамгайлж байгааг ард иргэд ч ярьж байна. Энэ бүгдээс үзвэл Шинэ эвслийн гол зорилго бол Үндэсний эвслийн саналыг хувааж, болвол унагаах гэсэн МАН-ын буюу Л.Оюун-Эрдэнийн бодлогыг хэрэгжүүлэгч нь юм байна гэж дүгнэж болно.
СОНИРХОЛ ТАТАЖ БУЙ ХҮН
Парламентад суудалтай гэх ХҮН намыг авч үзвэл, намын дарга Т.Доржхандыг нь МАН-ын дэмжлэгээр гарч ирсэн гэж УИХ-ын гишүүн болоход нь л олон нийт ярьсан. Энэ яриаг баталсан мэт Т.Доржханд Үндсэн хуулийн цэцэд хандаж, харин олон нийт, зарим шударга тэмцэгч “Энэ бол МАН-ын захиалга” гэж дүгнэсэн. Хэрвээ энэ үнэн бол ХҮН намыг МАН-ын “охин нам” гэж үзнэ. Гэтэл сонгогч түмэн тэдэнд бас итгэл хүлээлгэхээр сонирхож байгаа. Ямартай ч сонгуулийн үр дүн, цаг хугацаа л ХҮН намын талаарх энэ мэдээллийн тайлал нь болно.
АРД ТҮМНЭЭС ТӨРСӨН ХҮЧ-ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ
Анх МНН болон МҮАН гэх хоёр намын байгуулсан Үндэсний эвсэлд өдгөө найман улс төрийн нам, арав гаруй мэргэжлийн холбоо, хөдөлгөөн нэгдээд байна. Энэ эвслийн бодлого, үзэл санаа, мөрийн хөтөлбөр нь ард түмний хүсэл эрмэлзлээс урган гарсан болохоор олон түмний олонхын дэмжлэгийг нэгэнт хүлээгээд эхэлжээ. Мөн МАН-аас тэжээгдэж байгаа бусад нам, хүчнээс ялгаатай нь МАН-аас хараат бус бодлого явуулж, улс төрийн шинэ соёлыг түгээж, өөрчлөлтийн салхийг сэвэлзүүлж байгаа нь хуучинсаг хүчин болох МАН, АН-ын эгдүү, айдсыг хүргээд байгаа юм. Тиймээс тэд онь холбон уг эвсэл рүү довтлохдоо тэргүүн Н.Номтойбаяр луу нь хамаг хар пиараа чиглүүлж байна.
Үндэсний эвсэл нь байгуулагдахдаа олны дунд МАК-ийн Н.Нямтайширын хүү гэдгээрээ сайн танигдсан Н.Номтойбаярыг тэргүүнээрээ сонгосон билээ. Н.Номтойбаяр нь МАН-ын НАМЗХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд зэрэг олон хариуцлагатай алба хашиж явсан боловч шударга үзэл бодлоосоо болоод намынхаа удирдлагад адлагдан, улмаар 2020 онд нэр дэвших эрхээ хасуулж, зохиомол хэргээр шоронд ч хүртэл орсон нэгэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр “хал үзэж, хат суусан” нэгэн гэхэд болно. Мөн лидер хүнд байх ёстой бүх шинжийг агуулж, үзэл бодлын хувьд бүрэн төлөвшсөн нь түүний үг яриа, үйлдэл бүрээс нь харагдаж байгаа. Үүнийг нь ч олон түмэн анзаарч, Монголын төрд эрс шинэчлэл хийх, шударга ёс тогтоох, Монгол орны хөгжлийн түүчээ болох хүчин бол Үндэсний эвсэл гэж итгэн сонголтоо хийх гэж байна.
Эндээс дүгнэвэл, “Даравч дардайна, булавч бултайна” гэдгийн үлгэрээр МАН-ыг ялах улс төрийн хүчнүүдийг Үндэсний эвсэл манлайлвал гайхах зүйлгүй болоод байна.
Бэлтгэсэн Б.Оргил