УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор гадаадад бүртгүүлсэн 13 095 сонгогчоос 9579 нь буюу 73.2 хувь нь саналаа өгчээ. Хилийн чанадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулах Төв комиссынхон үүнийг өндөр үзүүлэлт хэмээн дүгнэж байна. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаадад байгаа иргэдийн санал хураалтад оролцсон хувь 73 хувьд хүрсэн ч бүртгүүлсэн сонгогч нь одоогийнхоос цөөн буюу 7500 байв. Энэ удаа дөрвөн өдрийн турш санал хураалт явуулж, цахимаар бүртгэсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн хэмээн үзэж буй аж. Монголчууд олноор амьдардаг улсуудын нэг БНСУ-д 2057 сонгогч бүртгүүлснээс 69 хувь нь оролцжээ. Ер нь цөөн монгол хүнтэй ихэнх оронд бүртгүүлсэн бүх сонгогч нь саналаа өгсөн байна. 20-39 насныхны оролцоо өндөр байж.
Санал хураалтын явцад ямар нэгэн зөрчил, гомдол бүртгэгдээгүй гэнэ. Дипломат төлөөлөгчийн 47 газарт авсан саналуудыг 11 маршрутаар цуглаан авч, нэгтгэн Монгол руу илгээх аж. Ингээд ирэх баасан гарагт буюу 28-нд санал хураалтын дараа хамтад нь тоолох тул гадаадад байгаа иргэд ямар намд түлхүү санал өгснийг хэлэх боломжгүйг тодотгов.